Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Бэхбат: Үнэт эдлэл худалдан авахдаа сорьцын баталгааны тэмдэг, үйлдвэрлэгчийн барааны тэмдгийг заавал харах ёстой

Стандарт, хэмжил зүйн газрын үнэт металлын сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбаттай ярилцлаа.


-Монгол түмний уламжлалт Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан хэрэглэгчид үнэт эдлэл худалдаж авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Тухайлбал, та алтан бөгж авах гэж байна гэж бодъё. Тэгвэл тэр алтан бөгжийг хэн хийсэн бэ гэдгийг хамгийн эхэнд мэдэх шаардлагатай. Бөгжин дээр бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн үйлдвэрлэгчийн барааны тэмдэг болон бүтээгдэхүүнийг химийн шинжилгээнд оруулсан сорилтын үр дүнг үндэслэн тэмдэглэсэн сорьцын баталгааны тэмдэг гэсэн хоёр тэмдэглэгээ байна. Сорьцын баталгааны тэмдэг, үйлдвэрлэгчийн барааны тэмдгийг заавал харах ёстой. Хүмүүс ихэнхдээ бүтээгдэхүүнд 925 гэсэн цифр байдгийг сорьцын баталгааны тэмдэг гэж андуурдаг. Мөн гар дээрээс худалдан авалтыг битгий хийгээрэй. Тогтвортой, найдвартай үйл ажиллагаа явуулж буй газраас худалдан авалт хийгээрэй. Тухайн бараа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байвал эргүүлэн буцаах боломжтой газар байх нь чухал. Тухайн газраас авсныг нотлох зүйлийг авч байх хэрэгтэй. Тухайлбал, төлбөр төлсөн баримт, пос машинд уншуулсан баримт зэргийг хэлнэ. Үнэт эдлэл гэдэг нь өргөн хэрэглээний бараа биш, цаг хугацаа өнгөрсөн ч үнэ цэнээ алдахгүй байдаг учраас үнэт эдлэл гэж нэрлэдэг. Шошго нь дээр үйлдвэрлэгчийн нэр, сорьц, жин, худалдах үнэ гэсэн дөрвөн зүйл байдаг.

-Сорьцын баталгааны тэмдэг гэж юуг хэлж байна вэ?

Сорьцын баталгааны тэмдэг гэдэг нь тухайн металл дээр хонхойлгон цохисныг хэлнэ. Манай улсад мөнгө зургаан талтай призм хэлбэртэй хүрээтэй, алт хагас зууван хэлбэртэй байдаг. Мөн та худалдан авалт хийх гэж буй учраас тухайн бараа бүтээгдэхүүний талаар үнэн зөв мэдээлэл мэдэх эрхтэй, худалдаж борлуулж буй тал бараа бүтээгдэхүүний талаар үнэн зөв мэдээллийг өгөх үүрэгтэй. Дэлгүүрт нэгдүгээрт, жин байна. Тухайн бараа шошго дээр бичигдсэн жинтэй таарч байна уу, үгүй юү гэдгийг шалгах хэрэгтэй. Таныг төөрөгдүүлэх зорилгоор 10 гр бөгжийг 15 гр тай гэж бичсэн байж болох учраас жинлэж үзэх шаардлагатай. Мөн дэлгүүрт томруулдаг шил байвал хяналтын байгууллагаас тавьсан сорьцын баталгааны тэмдэг яг хаана байгааг харах боломжтой юм. Гуравдугаарт, химийн шинжилгээ хийсэн сорилтын үр дүнгийн хуудсыг зарж борлуулж буй хүнээс асуух хэрэгтэй. Үнэт эдлэлийг гурил шиг чанар байдлыг нь өөрийн мэдрэхүйгээр үзэх боломжгүй шүү дээ. Манайх 100 ширхэг ижил загвартай бүтээгдэхүүнээс гурвыг нь сонгон шинжилгээ хийдэг. Ингээд хийхэд тэр хүний сорьц гурвуулаа ижилхэн байвал тухайн 100 бүтээгдэхүүн дээр Сорьцын баталгааны тэмдэг дарж өгдөг. Бүтээгдэхүүн бүр дээр хийж болдоггүй нь цаг хугацаа болон төсөв хөрөнгийг хэмнэж буй юм.

-Сорьц гэж юуг хэлдэг вэ?

-Сорьц гэдэг үгийг үнэт металлын чанарыг илэрхийлж буй гол хэмжигдэхүүн гэж ойлгож болно. Тухайн бараа бүтээгдэхүүний чанар байдлыг илэрхийлдэг ямар нэгэн хэмжигдэхүүн бүтээгдэхүүн бүрд байдаг. Үнэт металлаар хийсэн эдлэлд сорьц гэдэг ойлголтыг авч үздэг. Сорьц гэдэг нь үнэт металлын хайлшийг 1000 нэгж гэж үзвэл, тэдний хэдэн хувьд үнэт металл агуулагдаж байгааг хэлнэ. Мөнгөн эдлэлд 999, 925, 875, 835, 800 гэсэн таван төрлийн сорьц байдаг бол алтан эдлэлд 999, 960, 916, 750, 585, 375, 333 гэсэн долоон төрлийн сорьц байдаг. Сүүлийн үед цагаан алт эдлэл их орж ирдэг болсон бөгөөд 950, 900, 850 гэсэн сорьцтой. Мөнгө алт хоёрын сорьц өөр өөр тэмдэглэгээтэй байдаг.

-Тэгвэл крат гэж юуг хэлдэг вэ?

-Крат гэдэг үгийг манай улс хэрэглэдэггүй, Англи, АНУ зэрэг зах зээл өндөр хөгжсөн улс орнууд хэрэглэдэг. Крат гэдэг нь ерөнхийдөө хоёр ойлголттой. Монгол Улс яагаад хэрэглэдэггүй вэ гэвэл хэмжлийн нэгжийн гурван төрлөөс дэлхийн нийтийн ихэнх улс хэрэглэдэг хэмжлийн нэгжийн “CИ” системийг хэрэглэдэг учраас. Дэлхий нийт крат гэдгийг чулуун дээр хэрэглэдэг чулууны кратыг “ct” гэж тэмдэглэдэг бөгөөд нэг крат нь 200 мг буюу 0,2 гр болдог. Кратын жин их байх тусмаа үнэ нь өсдөг. Энэ нь эрдэнийн чулуун дээр гардаг ойлголт. Зарим тохиолдолд крат гэдэг хэмжигдэхүүн ихэвчлэн гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн дээр яригддаг бөгөөд 1-24 крат хүртэл хэмжээтэй байдаг, 24 к 999,9 сорьцтой тэнцдэг.

-Үнэт чулуу ямар төрлүүдтэй байдаг вэ?

-Чулуу болгон эрдэнийн чулуу биш. Дэлхийн нийт доржпалам, маргад, бадмаараг, индраанил, сувд гэсэн таван төрлийг эрдэнийн чулуу гэж үздэг. Хагас үнэт чулуунд хувилгаан эрдэнэ, усан биндэръяа, оюу гэх зэрэг ордог. Мана, хаш, номин, мана гартаам, шүрийг гоёл чимэглэлийн чулуунд ангилдаг. Эрдэнийн чулуун дотор үнэт чулуу гэж байдаг. Дэлхий нийтийн стандарттай нийцүүлэн Эрдэнэсийн сангийн тухай хуулийг 2010 онд баталсан. Үүнд үнэт чулууны ангиллыг мөн оруулж өгсөн. Сорьцын хяналтын газрын дүрэмд мөн орсон байдаг.

-Байгалийн чулуу, ургуулдаг чулуу хоёр юугаараа ялгаатай вэ?

-Байгалийн чулууг лабораторийн нөхцөлд тухайн чулуу үүсдэг орчин нөхцөлийг бүрдүүлж таримал чулууг үүсгэдэг. Лабораторид ургуулсан чулуунд байгалийн ором /өөр эрдэс, элемент, хий гэх зэрэг/ байдаггүй. Үүгээр нь ялгаж таньдаг боловч манай лаборатори одоогоор яг нарийн тодорхойлох боломжгүй байгаа.

-Хүмүүс дуураймал үнэт эдлэлийг юугаар ялгах вэ?

-Үнэт металлын хувьд мэдрэхүйн эрхтнээрээ хараад, гараараа тэмтрээд үзэх боломжгүй. Аль болох хэн нэгний үгэнд орж шууд худалдан авалт хийхээс илүү хөндлөнгийн байгууллага, лабораторийн дүн шинжилгээг харж худалдан авалтыг хийх нь зөв. Эрдэнийн чулуунд мөн Эрдэний чулууны гэрчилгээ өгдөг. Мэргэжлийн байгууллагаар баталгаажсан гэрчилгээг үзэх хэрэгтэй.

-Тэгвэл алт, мөнгө үнэт металлыг хэрхэн шинжилдэг юм бэ?

-Үнэт металлыг тодорхойлдог хэд хэдэн аргууд байдаг. Бидний хамгийн түгээмэл хэрэглэдэг арга нь жингийн арга бөгөөд алдааны хувь 0,02 хувьтай, маш бага алдаатай. Энэ хоёр аргад дэвшилтэт багажаар үзэж буй учраас харьцангуй бага цаг ордог. Дээрх шинжилгээний аргуудаас манай улс жингийн арга, атомын шингээлтийн спектрометр, рентгенофлоуресценцийн аппарат, сорьцын чулуугаар шалгах гэсэн дөрвөн аргаар шинжилгээг алт, мөнгөн дээр хийдэг. Үүнээс зөвхөн жингийн арга /Fire assay/-аар шинжилсэн үнэт металлд сорьцын баталгааны тэмдэг дарж баталгаажуулдаг. Энэ аргыг албан ёсны дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн арга гэж үздэг.

-Манай оронд ямар улсын үнэт эдлэлүүд түлхүү зарагддаг юм бол?

-Ерөнхийдөө манай улс Солонгос, Турк улсуудаас гоёл чимэглэлийн ээмэг, зүүлт зэргийг импортлон оруулж ирдэг. Энэ хоёр улсаас гоёл чимэглэлийн бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирж буй шалтгаан нь нэгдүгээрт, үнэ ханшны хувьд бусад улс орныхоос хямд байдаг учраас байх. Хоёрдугаарт, татвар, худалдааны нөхцлийн уян хатан байдал. Гуравдугаарт, хууль эрх зүйн, орчин, худалдааны нөхцөлүүд таатай байдаг учраас импортоор оруулж ирдэг байх. Импортын бүтээгдэхүүн дээр ч ялгаагүй сорьцын баталгааны бичиг байх хэрэгтэй. Солонгост баталгаажуулсан юм чинь, Монголд баталгаажуулах шаардлагагүй гэж үзэж болохгүй. Монгол, Солонгос хоёр өөр өөр эрх зүйтэй өөр хяналтын системтэй. Манай улсын хувьд үйлдвэрлэгч нь тухайн бүтээгдэхүүнийг ямар сорьцоор үйлдвэрлэснийг төрийн байгууллага нь баталгаажуулдаг. Зах зээл өндөр хөгжсөн улс оронд үйлдвэрлэгч нь өөрөө сорьцын баталгааны тэмдгийг дардаг тохиолдол бий. Соёлын ялгаа, хариуцлага хүлээх чадамж зэргээс шалтгаалан манайд төрөөс хянаж байх хяналтын хэлбэрийг сонгон хэрэглэдэг байх.

-Хяналт шалгалтыг төрөөс хийж байдаг гэлээ. Цагаан сар болохтой холбогдуулан ямар хяналт шалгалтыг хийж байгаа вэ?

-Хяналт шалгалтыг тухайн жилийн хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу болон төлөвлөгөөт бус гэсэн хэлбэрээр хийдэг. Сүүлийн үед одоогийн Засгийн газар болон төрийн бодлого бол коронавирусийн нөхцөл байдал хүнд байгаа учраас дотоодын бизнес эрхлэгчид болон үйлдвэрлэгчдэд дарамт бага учруулъя хяналт шалгалтыг цөөрүүлэх, давтамжийг багасгах тал дээр ажиллаж байгаа. Эрсдэлд суурилан эрсдэл гарч болохуйц газруудыг сонгон шалгах байдлаар ажиллаж байна. Мөн хянаж цагдах гэхээсээ илүү зөвлөн туслах хэлбэр лүү шилжье гэдгийг ярьж байгаа. Хуурамч бараа бүтээгдэхүүн үнэт эдлэлийг зарж буй бол цэвэр залилангийн, эдийн засгийн гэмт хэрэг, нэлээн өндөр хариуцлага ногдоно. Үнэт эдлэлийг зарж борлуулах зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээг авдаг.

Ц.УЯНГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *