Categories
мэдээ улс-төр

Д.Базардорж: Монгол Хятадын харилцан итгэлцлийг улам зузаатгасан айлчлал боллоо

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д төрийн айлчлал хийсэн билээ. Түүний айлчлалын эргэн тойрондох асуудлаар ШУА-ын Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Д.Базардоржтой ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн дээд хэмжээний айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын ач холбогдлыг талууд хэрхэн дүгнэж байна вэ?

-Арваннэгдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар тус улсад төрийн айлчлал хийлээ. Түүний айлчлал нь өнгөрсөн жилийн наймдугаар сард Си Жиньпиний манай улсад хийсэн айлчлал, түүнтэй зэрэгцэн хоёр улсын хооронд байгуулагдсан иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны дараа болж байгаагаараа онцлогтой байлаа. Мөн хоёр улсын Төрийн тэргүүнүүд жил дараалан харилцан айлчлал хийж байна. Ер нь хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлал, ажил хэрэгч уулзалтуудын давтамж нэмэгдэж байгаа нь улс орны харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой, хоёр улсын харилцаа маш нягт байгааг харуулдаг юм л даа. Тэгэхээр энэ удаагийн айлчлал нь манай хоёр орны өндөр дээд түвшний харилцаа улам нягт гүнзгийрч буйг л илтгэж байгаа хэрэг. Тийм ч учраас талууд иж бүрэн стратеги түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал боллоо хэмээн санал нэгтэй үзэж байна.

-Хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааныхаа хүрээнд аль салбарыг голлон хөгжүүлэхэд анхаарч байгаа вэ?

-БНХАУ-ын дарга Си Жиньпин 2014 оны наймдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийхдээ манай улсын Ерөнхийлөгчтэй “Хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан. Тэр айлчлалын үр дүнд хоёр улсын харилцаа шинэ шатанд гарсан. Ялангуяа, монголчуудын өмнөд хөршдөө хандах зарим эргэлзээг тайлсан гээд түүхэн чухал үйл явдал болсон юм. Си даргын айлчлалын үеэр байгуулсан иж бүрэн стратегийн харилцаанд улс төр, эдийн засаг, нийгэм хүмүүнлэгийн салбар, олон улс бүс нутгийн зэрэг бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцсон байдаг. Энэ удаагийн айлчлалаар дээрх тохиролцоонуудаа дахин нотолж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа цаашид эдийн засгийн харилцаагаар голлон хөгжүүлэхээр ерөнхийдөө санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн. Ийм ч учраас энэ айлчлалын хүрээнд хоёр улсын хооронд хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг голлосон холбогдох 11 баримт бичигт гарын үсэг зурагдлаа.

-Монгол, Хятадын худалдааны хэмжээг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх боломжтой гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ онцолсон байна лээ. Энэ зорилтод хүргэхийн тулд талууд томоохон төсөл хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгох хэрэгтэй байх?

-Ер нь бол Ерөнхийлөгчийн хэлсэн үг тун ойлгомжтой. Одоогийн байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ зургаан тэрбум ам.доллар даваад байна. Энэ бол хоёр улсын эдийн засаг хурдацтай өсөж байсан цаг үеийнхээс буураагүй харин ч нэмэгдсэн үзүүлэлт байгаа юм л даа. Манай улсуудын хооронд ирээдүйд хийгдэх эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны том боломжууд хүлээгдэж байгаа. Ялангуяа БНХАУ-ын зүгээс дэвшүүлээд байгаа “Нэг бүс нэг зам” санаачилга нь манай улсын хөгжлийн чухал боломжуудыг агуулж байдаг. Бид тэрхүү боломжид эдийн засгийн салбараар түлхүү оролцох сонирхолтой байдаг л даа. Энэ хүрээнд “Талын зам” хэмээх хөгжлийн санаачилгаа ч дэвшүүлээд, харилцан уялдуулах асуудлын талаарх яриа хэлэлцээр, судалгаа эрчимтэй хийгдэж байгаа. Монгол Улсын “Талын зам” бол транзит шинжтэй байхаар ойлгогддог, Хятадын “Нэг бүс нэг зам” бодлого нь бүс нутгийн шинжтэй. Иймээс гуравдагч орон буюу ОХУ-ын оролцоо зайлшгүй юм. Үүнд Уфад болсон гурван улсын Төрийн тэргүүнүүд санал нэгдсэнээр гурван талт бодит хамтын ажиллагаа хэрэгжих боломжоор улам бүр хангагдаж байна. Гурван улсын эдийн засгийн коридор, түүнийг дагалдаад манай нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээврийн асуудал, уул уурхай болон эрчим хүчний хамтын ажиллагаа, худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд ач тусаа өгөх зарим боомт гарцыг олон улсын шинжтэй болгох зэрэг хүлээгдэж байгаа том том төсөл ажлууд хөдлөөд эхэлбэл худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанууд эрчимжиж 10 тэрбумд хүрэх бүрэн боломжтой хэмээн үзэж байгаа юм.

-Уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарласан байнга төвийг сахих статусын тухай Хятадын талд танилцуулсан байна. Энэ асуудалд манай урд хөрш ямар байр сууринаас хандах бол?

-Айлчлалын анхаарал татсан сэдэв бол удахгүй хуулиар баталгаажих манай улсын төвийг сахих статусын тухай асуудал байв. Үүнтэй холбоотойгоор зарим суурь үзэл баримтлалуудад тодотгол хийгдэх учиртай болж байна. Ерөнхийлөгч төвийг сахих статусын тухай албан ёсоор зарласны дараахан өмнөд хөршид айлчиллаа шүү дээ. Үүнд Хятадын тал маш их анхаарал хандуулж байгаа. Хятадын хэвлэл мэдээллээр Монгол Улсын төвийг сахих статусын эргэн тойронд мэдээ нийтлэлүүд нэлээд гарч, тэр тоолонд судлаачид нь байр сууриа илэрхийлсээр байна. Энэ хууль батлагдаж гарснаар манай улсын гадаад харилцаа илүү тодорхой, ойлгомжтой болно гэж харж байгаа. Мэдээж Монгол Улс цоо шинэ гадаад харилцааны бодлого тодорхойлж байгаа асуудал биш, харин өнгөрсөн 25 жилийн турш мөрдөж ирсэн зарчмууддаа нэр өгч байгаа хэрэг гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ үүнийгээ гадаад ертөнцөд ялангуяа хөрш орнууддаа тайлбарлан учирлах нь чухал юм. Үүнээс өмнө манай хоёр улсын харилцаанд өмнөд хөршийн хувьд зарим ойлгомжгүй, тодорхойгүй асуудал байлаа шүү дээ. Тухайлбал, гуравдагч хөршийн бодлогын хүрээн дэх дэлхийн их гүрнүүдтэй бүх салбарт харилцаагаа аль болох өргөжүүлэхийг чухалчилсаар ирсэн. Энэ нь зарим талаар хөрш орнуудын Монголд хандах хандлагад эргэлзээг төрүүлэхүйц нөлөөг ямар нэгэн хэмжээнд үзүүлсээр ирсэн юм. Ялангуяа аюулгүй байдлын тал дээр. Тодруулбал, Монгол Улсад БНХАУ-ын хамгийн том өрсөлдөгч болох АНУ-ын нөлөө бодитой суурьшиж байгаа хэмээн үзэх хандлага юм. Хоёр хөрш орны хооронд хийгдсэн аварга том төслүүд манайхыг тойроод байсны нэг шалтгаан нь энэ байсан гэхэд буруудахгүй. Тэгвэл Байнга төвийг сахих статусын асуудал нь дээрх шалтгаанаас үүдэлтэй өмнөд их хөршийн манай улсад хандах эргэлзээг арилгаж, улам идэвхтэй харилцах боломжийг нээн өгч байгаа хэмээн харж болох юм. Ерөнхий агуулгын хувьд ярихад манай улсын төвийг сахих байр суурийг хүндэтгэн үзэж байна. Энэ нь манай хоёр улсын харилцаанд өөрчлөлт оруулахгүй, харин ч бүх салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэдгийг саяын айлчлал нотлон харуулсан хэрэг юм. Тиймээс энэ удаагийн айлчлал нь манай хоёр улсын харилцан итгэлцлийг улам зузаатгасан хэмээн үзэж болох юм.

-Монгол, Хятадын харилцаа улс төр, соёл боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд гээд бүхий л талаар идэвхтэй байгаа. Харин хөдөө аж ахуйн чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар хоёр улсын Төрийн тэргүүнүүд санал солилцсон байна. Хятадын тал яаж хүлээж авав?

-Тийм ээ. Харилцаа маш идэвхтэй байгаа, улам ч нягт болох төлөвтэй байна. Гэхдээ манай хоёр улсын хамтын ажиллагаанд хоёр талын ашиг сонирхолд нийцсэн ч ашиглагдаж чадахгүй орхигдоод байдаг өргөн их талбар бий л дээ. Түүнд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа хамрагдаад байдаг юм. Монголд асар өргөн уудам, байгалийн унаган шинжээ алдаагүй хөдөө аж ахуйн эдэлбэр газар бий. Мөн экспортод гаргах шаардлагатай бэлчээрийн малын багагүй хэмжээний нөөцтэй. Хятад улсад байгалийн цэвэр бүтээгдэхүүний хэрэгцээ, шаардлага улам ихээр нэмэгдэж байна. Иймээс хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, тэргүүний технологийг ашиглан БНХАУ-д экспортлох байгаль экологийн цэвэр, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх нь хоёр талын хүсэл сонирхол юм л даа. Энэ хүрээнд дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг Монгол Улсаас БНХАУ-д экспортлох асуудлаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Цаашид хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа бүх талаар өргөжин хөгжих хангалттай боломж бий.

-Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар Монгол, Хятадын хооронд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хөнгөлөлттэй зээл зэрэг хэд хэдэн гэрээ, санамж бичиг байгууллаа. Мөн “Шивээ-Овоо” төслийн ТЭЗҮ-ийн судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ ажлын хүрээнд Хятад руу эрчим хүч нийлүүлэх боломжтой юу?

-Яг ч бас тэгж тодорхойлсонгүй л дээ. “Шивээ Овоо” төслийн ТЭЗҮ-ийг хамтран гүйцэтгэх тухай л асуудал байв. Ер нь бол Хятад эрчим хүчний асар том хэрэглэгч шүү дээ. Тэд өнөөдөр дэлхийгээс далайн болон хуурай газрын таван сувгаар эрчим хүч авч байгаа болон авахаар төлөвлөж байгаа. Манай улс эрчим хүч экспортлох бүрэн боломжтой, түүхий эд, нөөц нь хангалттай шүү дээ. Хятадад эрчим хүч нийлүүлэх сонирхолтой байдаг. Гэтэл өнөөдөр гадагш эрчим хүч гаргах байтугай өөрсдийгөө ч хангаж чадахгүй байдалтай байна. Монголын асар их нөөцөд тулгуурлан эрчим хүч гаргаж импортлох болон экспортлох нь хоёр талын аль алинд ашигтай. Гуравдагч улс орнууд ч манай эрчим хүчний салбарт хамтран ажиллах асар их сонирхолтой байдаг. Чухам хэнтэй хамтарч эрчим хүч үйлдвэрлэн Хятадад гаргах вэ гэдэг асуудал л тодорхой бус байгаа юм. Тиймээс Хятадтай хамтран Монголын нүүрсний их нөөцийг түшиглэн цахилгаан станц байгуулан, улмаар тус улсад эрчим хүч экспортлох зэрэг асуудал яваандаа тодорхой болох асуудал юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *