Швейцарь улсын Лозанна хотноо Олон улсын оюутны спортын холбооны (FISU) ээлжит Ерөнхий ассамблейн 34 дүгээр их хурал энэ сарын 7-9-ний өдрүүдэд болжээ. Хурлын үеэр тус холбоог 2015-2019 онд удирдах Гүйцэтгэх хороог байгуулах сонгууль явагдсан байна.
ОУОСХ-ны ерөнхийлөгчөөр Оросын Оюутны спортын холбооны ерөнхийлөгч Олег Васильевич Матыцин олонхийн санал авч сонгогджээ. Түүнчлэн Гүйцэтгэх хорооны 23 гишүүнийг тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий санхүүч,гишүүдийн ахлагч болон 15 гишүүнийг тус бүрт нь санал хурааж сонгосон байна.
ОУОСХ-ны Ерөнхий санхүүчээр Монголын оюутны спортын холбооны (МОСХ) Ерөнхийлөгч Данзандоржийн Баясгалан улиран сонгогджээ. Тэрбээр урьд нь 2003 онд Гүйцэтгэх хорооны гишүүн, 2007, 2011 оны Ерөнхий ассамблейн хурлаар ерөнхий санхүүчээр сонгогдож байжээ.
Түүнийг ОУОСХ-ны санхүүгийн үйл ажиллагааг амжилттай удирдан явуулж байгааг олон орны төлөөлөгчид санал нэгтэй хүлээн зөвшөөрч, дэмжин сонгосон байна.