Венесуэл гэдэг улс бөмбөрцгийн баруун хагаст оршдог боловч эдүгээ дэлхийн цорын ганц улс шиг л анхаарлын төвд байнга байх боллоо. Уго Чавес, Николас Мадуро наp энэ улсыг хөмөрчихсөн бололтой бүх ял тэдэн рүү буулаа. Учир нь даян дэлхийд социалист хувьсгал хийж, Америкийн империализмыг ялна гэсэн лоозонгийн дор ард түмнийхээ баялаг нөөцийг бүрэн шавхчихсан тухай гадаадын хэвлэлүүд бичиж байна. Энэ тухай сэдэв хөндөж олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүүтэй ярилцлаа.
-Венесуэлийн сөрөг хүчнийг дэлхийн улс орнууд уралдан дэмжээд хүлээн зөвшөөрөх байдал ажиглагдах боллоо. Энэ нөхцөлд манай улсын байр суурь ямар байх ёстой вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Байр суурь мэдээж чухал. Манай ГХЯ судалж, нөхцөл байдлыг гярхай ажиглаж байгаа. Байр сууриа ч боловсруулж байна. Сүүл барихгүй гэдэгт итгэлтэй байгаа. Харин байр суурь шаардаад эхэлбэл төвийг сахихаа тэмдэглээд, Николас Мадурогийн дараа гарч ирэх тэр дэглэм ба Засгийн газрыг хүлээн зөвшөөрч дэмжих байр сууриа боловсруулчихсан байх нь зөв болох болов уу. Бараг сөрөг хүчнийг нь хүлээн зөвшөөрчихсөн байхад нэг их буруутахгүй байж мэднэ. Бид чинь Ардчилсан улсуудын хамтын нийгэмлэгийн гишүүн улс хэвээрээ байгаа шүү дээ. Манай гуравдагч хөрш гэж үздэг АНУ, Европын Холбоо, өрнөдийн гол гол улсууд Шилжилтийн түр ерөнхийлөгчийг нь дараа дараалан дэмжлээ. Хоёр хөрш маань НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд явуулсан санал хураалтаар цөөнх болсон. Аюулгүйн Зөвлөлийн байнгын тав, байнгын бус 10 улсаас Орос, Хятад, ӨАБНУ, Эквадорын Гвиней улс Мадурог дэмжинэ лээ. Арваннэгүүлээ буруушааж байна лээ. Энэ маань дэлхий дахины хандлагын тусгал болов уу. НҮБ дээр санал хураавал мөн ийм тусгал харагдах байх. Гэхдээ дэглэм хэзээ хэзээгүй нураад уначих хэмжээнд арай очоогүй, цэрэг арми, хүн амын тодорхой хэсэг нь Мадурог дэмжсээр байгаа. Тиймдээ ч иргэний дайны хаалга түр хаалттай байх шиг байна. Тийм учраас одоогоор байдлыг цаг минут тутам гярхай ажиглах хэрэгтэй.
-Тэмцлийн явцыг нь ажвал манайд огт ч хамаагүй биш юм шиг. Популист улс төрийн эсрэг л тэмцээд байх бололтой. Манайд Венесуэлийн хэрэг явдал сургамжтай даа?
-Мэдээж. Бидэнд сургамжтай түүхээ тэр улс яг одоо бичиж байгаад нь анхаарал хандуулах хэрэгтэй. Нийгмийн халамжийг хэтрүүлээд хувийн ба гадаадын хөрөнгө оруулалттай өмч рүү халдаад, адагт нь сүйрч унасан гашуун сургамжийн жишээ юм л даа. Популизм их хийвэл ийм л дүн гарна. Төсвийнхөө дөрөвний гурвыг нийгмийн салбарт зарцуулсан, сая таван зуун мянган орон сууц үнэгүй тараасан, АНУ-аас өндөр үнээр импортолсон бараагаа олон арав дахин хямдаар зардаг гэхчлэн манай ядуусын чихийг сортойлгох баримт олон байгаа юм билээ. Гэлээ гээд нийгмийн халамжийн популист бодлогоороо энэ улс улам л уруудсан. Баялагтай улс орноо баллаж тавьсан түүхэн жишээ болж буй.
-Нөгөө антиимпериалист загалмайтны социалист хувьсгал нь юу болж төгсөв. Үргэлжилж байна уу?
-Уго Чавес гэдэг нөхөр Боливарын хувьсгалыг 14 жил удирдаад 2013 онд нас барсан. Халааг нь Мадуро аваад гялалзуулж яваа. Тэд хувьсгалаа түгээх зорилгоор 2004 онд Кубийн туслалцаатайгаар АЛБА буюу “Бидний Америкийн улс түмнүүдийн Боливарын альянс” гэдгийг байгуулж, Умард-Өмнөд Америкийн чөлөөт худалдааны альтернатив бүсээ зарласан, тэр нь л Чавесын антиамериканизмын оргил нь болсон байгаа юм. АЛБА-даа Болив, Никарагуа, Гондурас, Эквадор, мөн Карибын сав газрын зарим улсуудыг татан оруулсан. Чөлөөт худалдаагаар халхавчлан бүс нутаг дахь зүүний, коммунист хөдөлгөөнүүдэд дэмжлэг үзүүлэхийн тулд Венесуэлийн нөөцийг шавхсан даа. Чавесын дэглэмд үнэнч улсуудыг буй болгоно гээд нефтийн орлогоо тавьж туусан. Цаадуул нь социализм ба Чавест үнэнчээр үлдээгүй, эвсэл аажмаар унтарч, Эквадор түрүүлээд эвслээс гарч алга болсон гээд ярьвал тус улсыг дампууруулсан элдэв түүх мундахгүй юм билээ. Ганцыг нь л жишээлж байна шүү дээ.
-Венесуэлийн шинэ дэглэмийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх ёстой гэж та хэлсэн. Тэр асуудал руу оръё. Венесуэлийн улс төрийн хямралын шалтгааныг тодруулангаа ярилцах уу?
-Хямралын үндсэн шалтгааныг дээр хэлчихлээ. Харин улс төрийн тэр шалтгаан нь энэ улсад де-факто хоёр засаг оршиж байгаагаас үүдэлтэй. Тус улсын парламент болох Үндэсний Ассамблей нь 167 гишүүнтэй. 2015 онд сонгуулиа хийхэд ардчилсан намуудын “Ардчилсан эв нэгдлийн дугуй ширээ” гэх эвсэл ялсан. Энд 12 нам, мөн бие даагчид оролцоод 109 суудлыг нь, “Симон Боливарын эх оронч их хүч” гэх зүүний эвсэл үлдэх 55 суудлыг нь авсан. Сүүлчийнх нь парламент дахь сөрөг хүчин, харин ерөнхийлөгч Мадурогийн хувьд өөрийнх нь талын намуудын төвлөрөл. Тэнд нь Венесуэлийн нэгдмэл социалист нам, Венесуэлийн коммунист нам, Хоёр зуун жилийн БНУ-ын авангард нам гэх гурван нам эвсэж байна. Нэгэнт парламентад цөөнх болсон учраас Николас Мадуро түүнийг сөрөх өөр нэг бүтэц 2017 онд бодож олоод 545 гишүүнтэйгээр “Үндсэн хууль шинээр боловсруулах үүрэг бүхий зохион байгуулах хурал” гэдгийг буй болгож, тэндээ социалист коммунист намуудаа олонх болгуулаад нэг ёсондоо өөрийн парламенттай болчихсон. Үүнийг нь дэлхийн орнуудын ихэнх нь хүлээн зөвшөөрөөгүй. 2018 онд Ерөнхийлөгчийн сонгууль зарлаад өөрөө ялчихсан. Ингэж ялахдаа сөрөг хүчний удирдагчдaa эх орноос нь хөөж, шоронд хорьж, заримыг нь сонгуульд оролцуулаагүй, тал талын бойкотын дор явуулсан сонгуульдаа Мадуро 70 хувийн саналаар дахин сонгогдлоо гэж зарласан боловч бас үүнийг нь дээрхийн адил ихэнх улс орнууд хүлээн зөвшөөрөөгүй. Энэ оны нэгдүгээр сарын 10-нд Мадуро тангарагаа өргөж албан тушаалдаа орно гэж зарласныг угтуулаад Латин Америкийн орнуудаас бүрдэх “Лимагийн бүлэг” гэх бүс нутгийн улс орнуудын бүлэг Мадурог хууль ёсны ерөнхийлөгч биш тул үүрэгт ажлаа Үндэсний Ассамблейдаа шилжүүлээд өөрөө огцрох, шинэ ардчилсан сонгууль явуулах уриалга нэгдүгээр сарын 4-нд гаргаснаас эдүгээгийн хямрал шат ахин хурцаджээ. Мадуро нэгдүгээр сарын 10-ндаа тангарагаа Үндэсний Ассамблейд өргөхөд хурлын танхим эл хуль, гадаадын зочид төлөөлөгчид очоогүй. Тэглээ гэмэгц нь хөрш зарим улс нь дипломат харилцаагаа таслан дохио сануулга өгсөн ч тэрээр хүлээн аваагүй. Ингээд арав гаруй хоногийн дараа Үндэсний Ассамблейн спикер нь засгийн эрхийг авахаар өөрийгөө Түр ерөнхийлөгчөөр зарласнаар энэ улс улс төрийн гүн хямрал руугаа эргэлтгүй шилжээд байна.
-АНУ Мадурог “Асан ерөнхийлөгч” гэж нэрлэж байгаа шүү дээ?
-Венесуэлийн Шилжилтийн түр ерөнхийлөгч нь Хуан Гуаидо мөн хэмээн Вашингтонд хүлээн зөвшөөрснөөсөө хойш АНУ-д Николас Мадурог “Ерөнхийлөгч асан” хэмээн нэрлэж, шийдвэр гаргах эрхгүй гэх болсон. Дипломат харилцаагаа АНУ-аас тасаллаа гэж зарламагц нь “Асан ерөнхийлөгч ийм шийдвэр гаргах эрхгүй ээ” гээд АНУ таслаагүй, одоо болтол нийслэлд нь ЭСЯ-аа байлгаж байна. Тэгээд ч Мадурод улс орноо сүйрүүлсэн дарангуйлсан гэх ялнаас гадна авлига, хар тамхины хэрэг тохох болсон. Хар тамхины хууль бус наймаа, наркотрафикийн толгойлогч гээд бүр нэрлэчихсэн. Венесуэлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс цэргийн хүчээр оролцохоо ч Дональд Трамп боломжийн хувилбар гэж үзэж байгаагаа твиттертээ ил зарласан.
-Eвpoпын холбоо Венесуэлээс нүүр бурууллаа?
-Венесуэлийн социалист лидер Мадурод ультиматум тавьсан. Найм хоногийн дотор шинэ сонгууль явуулахаа зарлахгүй бол Хуан Гуайдог Ерөнхийлөгчид тооцох болно гэсэн. Мадуро гөжөөд хариу өгөөгүйгээр барахгүй Европтой харилцаагаа эргэж харна, харилцаагаа тасална гэх шахуу ширүүн мэдэгдлээр хариу барьсан. Нөгөөх найм хоног нь өнгөрчихсөн, Европын эхний есөн улс нь Венесуэлийн сөрөг хүчний лидерийг хүлээн зөвшөөрсөн. Эхний ээлжинд Франц, Испани, Герман, Их Британи, Португаль, Швед, Дани, Австри, Нидерланд гээд жагссан. Араас нь Польш, Чех, Эстон гэж нэмэгдсэн. Мадурог дарангуйлагч, эдийн засгаа нураагч хэмээн цоллоод эхэлсэн. Испани хэлт Испанийн ерөнхий сайд ба Засгийн газрыг Мадуро хараалын муухайгаар хэлж гомдлоо илэрхийллээ. Хуан Гуаидог хүлээн зөвшөөрөгчдийн дотор Гүрж, Украин хоёр нэмэгдсэн нь өөрийн эрхгүй анхаарал татлаа. Цөхөрсөн Мадуро бүр аргаа барахдаа “Би үнэнхүү христиан, Пап Та мэднэ дээ” гэж байгаад Ромын Пап Францискээс тусламж хүссэн захидал хүртэл явууллаа. Европ дахь тулгуур нь Оросоос гадна Пап болж үлдэх нь байна.
-Xятадын хувьд энэ нөхцөл байдалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Тус улсын эдийн засагт хөрөнгөө оруулсан нэг үндсэн оролцогч тоглогчийн хувьд Хятад тайван байдлыг хүсэмжлэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ оруулсан хөрөнгөө алдахаас айж хулчийсандаа ч тэгээд байгаа юм биш. Эрх мэдэл аль талд байна, төр засгийн ихэнх бүтэц, хүчний байгууллага нь хэний талд байна, түүнийг Хятад дэмжинэ. Николас Мадурогийн гарт тэр бүхэн нь байгаа, харин түүний өрсөлдөгчид нь парламентад төлөөлөлтэй, хэрэв АНУ тэднийг дэмжихгүй бол тэд хэн ч биш болж хувирна гэдгийг Хятад тооцоолж байх шиг. АНУ хөндлөнгөөс оролцох вий гэдэгт Хятад сэтгэл түгшинэ. Венесуэлийн хямрал бусдад ямар үлгэр болох бол, цэргийн томхон мөргөлдөөний шалтаг болох вий гэдгээс Хятад ихэд болгоомжилж байна.
-Оросын байр суурийг тодруулахгүй юу. Монголчуудад тэр л сонин байх болно?
-Хэлж таах, тайлбарлах ч арга алга. Венесуэл нисэгчдийг оросууд сургаж байна. Мадуро болон түүний Батлан хамгаалахын сайд нь ОХУ-д айлчилж, цэргийн хамтын ажиллагааны лут асуудал ярилцсан. Нефть, алтны салбарт Оросоос зургаан тэрбум доллар оруулах контракт байгууллаа гэсэн мэдээ явж байсан. Хүнсний гачигдлыг нь эерүүлэхээр Оросоос 2019 онд 600 мянган тонн үр тариа өгнө. Ингэхэд Орост ямар ашигтай болоод тэр хол Латин ертөнц рүү тэмүүлээд байна вэ гэдэгт оросууд ч нэгдсэн байр суурьгүй байна. Оросын судлаач нийтлэлч Леонид Бершидский гэдэг хүн Мадурог дэмжсэнээрээ Орос эх орон нь тэрбум тэрбумын (доллар гэсэн үг л дээ) эрсдэл өөртөө үүрч байна хэмээн Bloomberg-ээр ярьж байна лээ. Тэр нөхөр их сонин тооцоо гаргаж ирсэн. Орос 17 тэрбум долларын хөрөнгө оруулсан, 2019 онд нэмж зургаан тэрбумыг Оросоос оруулна. Мөн нөгөө үр тариа нэмэгдэнэ. Орос өөрөө бол “Бид тэндээс хэзээ ч гарахгүй, харин тэднийг (өрнөдийнхнийг) гаргана” гэсэн хатуу байр суурьтай байдаг ч өмнө нь Ирак, Ливи, Украин дээр тохиолдсон шиг мөнгө ч үгүй, түнш ч үгүй болох вий хэмээн Бершидский эрх баригчиддаа сэрэмжлүүлэн ярьсан байсан даа. Тэр нөхрийн дэлгэсэн тодорхой баримтаар бол Саддам Хусейнийг барууныхан унагаад тавьчихсан чинь Оросын “Лукойл” Иракийн Баруун Курна дахь нефтийн ордын лицензээ алдчихсан, бүр сүүлд нь 2009 онд Норвегийн Statoil компанитай консорциум болж байж эргэж Ирак руу нэвтэрсэн боловч Иракийн шинэ Засгийн газрын ихээхэн өрийг Орос уучлах болоод явчихсан. Ливид Каддафийн дэглэм унадаг, Ливи дэх «Газпром», «Татнефть»-ийн нэг тэрбум долларын оруулсан хөрөнгө алга болсон, олон төсөл, түүний дотор Оросын Төмөр замын хурдны галт тэрэгний замын төсөл зогссон. Энэчлэн Мадуро унадаг, АНУ-ыг дэмжигч нөхөд засгийн эрхэнд гараад ирдэг, Оросын төслүүд бүгд зогсдог, Венесуэл Орост төлөх өрөө буцааж өгдөггүй, Мадурод тэр өр тохогддог, Хуан Гуаидо Орос руу нуруугаа харуулчихна гээд Бершидский ярьсан удаатай.
-Орос яагаад ийм ирээдүйгүй дэглэмүүд дээр бооцоо тавьж өөрийгөө эрсдүүлдэг юм бол. Та судлаачийн хувьд юу гэж үзэж байна?
-Оройтоогүй дээрээ Орос болон бусад орнууд Хуан Гуаидог Венесуэлийн ерөнхийлөгч мөн гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэмээн АНУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Жон Болтон уриалсан байна билээ. “Оройтоогүй дээрээ” гэдэг үг мөн ч ноцтой сануулга мэт чихнээ бууж байна. Бүр Оросыг нэр зааж тавлаад ч байх шиг. Венесуэлийн асуудал эрхлэх Америкийн тусгай элч төлөөлөгч Эллиот Абрамс гэдэг хүн Мадурод хандан “Эх орноо орхин тэр найз нөхөд болох Куба юм уу, эсвэл тэр Орос руугаа дүрвэхгүй юу даа” хэмээн санал тавьжээ. Оросын хувийн цэргийн компанийн хөлсний цэргүүд тус улсад очсон тухай маргаантай асуудал гарч ирсэн. Тийм хөлсний цэргүүд Украинд Оросын талд байлдаж байсан удаатай. Ийм гэрээт албан хаагчид Венесуэл дэх Оросын объектууд ба иргэдийг хамгаалахаар очих эрхтэй гэсэн байх юм. Тэгээд ч Оросын төрийн өмчит “Роснефть”, “Ростех”-ийн олон объектын харуул хамгаалалт тэртэй тэргүй байж байгаа. “Ростех” нь АК хэмээх автомат буу үйлдвэрлэх гэрээтэй. Тэгэхлээр Орос харуул хамгаалалт явуулах нь зайлшгүй. Нутгийн иргэд, цэргүүд урвах буюу алга болоод өгөх магадлалтай.
-Apми нь тэгчихнэ гэсэн үндэслэл байна уу?
-Цэргийнхний урвалтыг Вашингтон дахь ЭСЯ-ны цэргийн атташе хурандаа Хосе Луис Сильва эхлүүлсэн. Араас нь нэр нөлөө бүхий хэд хэдэн дээд офицер нэмэгдлээ. Шилжилтийн гэгдэх ерөнхийлөгч Гуайдо цэргийнхэнтэй нууцаар уулзаж байна гэх мэдээлэл аль эрт тархсан. Венесуэлийн зэвсэгт хүчин ганхах нь ч ганхсан. Тэгж уулзлаа гэсний дараахан Венесуэлийн агаарын цэргийн хүчний ерөнхий командлалын стратегийн төлөвлөлтийн газрын дарга генерал Франсиско Родригес сөрөг хүчний талд орсноо зарласан. Бие бүрэлдэхүүн тэр чигээрээ Мадурод дургүйцэж байгаа тухай тэрээр хэвлэлд ярьсан. Гэтэл хэдхэн хоногийн дараа Венесуэлийн хуурай замын цэргийн дээрээсээ гурав дахь нь болох хурандаа Рубен Хименес гэгч Мадурогийн эсрэг жагсаалд оролцож, армийнхныг зоригтой байх, хулчийхгүй байхыг уриалангаа зэвсэгт хүчний 90 хувь нь Мадурод дургүй байна гэдгийг мэдэгдсэн. Иймэрхүү мэдээ цаашаа хөвөрч өгөх байх.
Э.ЯНЖМАА