Categories
мэдээ цаг-үе

Д.Батцогт: Сонгуулийг зарлан, дараагийн УИХ-ыг байгуулах нь зүйтэй

УИХын гишүүн асан Д.Батцогттой ярилцлаа.


-УИХ-ын даргыг огцруулахын тулд зарим гишүүн бойкот хийж байгаа. Төрийн ажил гацаад сар гаруй хугацаа болоод байна. Уг үйл явдалд нийгэм багагүй бухимдалтай байгаа нь харагдаж байна. Таны хувьд юу гэж үзэж байгаа вэ?

-Түүхэндээ анх удаа Их хурлын даргаа огцруулах гэж УИХ нь хоёр хуваагдаж байна. Энэ хагарал УИХ-ын даргаас ч үүдэлтэй юм биш. 65 суудалтай эрх баригч намын эрх мэдэл, албан тушаалаа булаацалдсан хэрүүлээс л үүдэлтэй гэж харж байгаа. Энэ талцал хуваагдал нь өнөөдрийн энэ нөхцөл байдлыг бий болгож байх шиг. Нэг талаас 60 тэрбум, нөгөө талаас ЖДҮ-чид гэж ярьж байна л даа. Энэ хоёрын хэн нь ялах вэ гэсэн тэмцэл болж байна. Үүнээс үүдэн ард түмэн ч хоёр хуваагдаж, ойлгомжгүй байдалд байна. Төрийн ажил ч гацаанд орчихлоо. Ийм л буруу дүр зураг энэ нийгэмд авчирлаа гэж харж байгаа. Тиймээс эх орон, ард түмнээ бодож асуудалд хандах нь хамгийн чухал болчихоод байна.

-ЖДҮ, 60 тэрбумын асуудлыг хууль хяналтын байгууллага эцэслэн шийдэх учиртай. Тийм байхад төрийн ажлыг гацаан байж ингэж хагаралдаж байгаа нь хэр ёс зүйтэй юм бэ?

-МАН өнгөрсөн 2016 оны сонгуульд орохдоо маш том амлалтуудыг амласан. Төрөө хямралаас гаргана, улсаа ядуурлаас аварна, ард түмнийг өрийн дарамтнаас гаргана гэх мэтчилэн чихэр, бурам шиг л зүйлүүдийг ярьсан шүү дээ. Тиймдээ ч үнэмлэхүй ялалт байгуулж, энэ олон суудлыг авсан. Гэтэл төрд гарсныхаа дараа амлалтаа биелүүлэх бус өөр хоорондоо эрх мэдэл, албан тушаалаасаа булаацалдаж, илүү их мөнгөний хойноос хөөцөлдсөн үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь Монгол Улс, парламент, Засгийн газрыг бүхэлд нь харлуулж байгаа юм. Үе үеийн парламентад алдсан, оносон зүйл бий. Гэсэн ч Монгол Улсаа гэсэн сэтгэлтэй байж, амлалтаа биелүүлэхийг хичээн, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг байсан. Хурал цуглаанаа хийж, ажлаа урагшлуулдаг л байлаа. Харин энэ удаагийн нөхцөл байдал МАН дотороо хэр их ялзарсныг харуулсан том нотолгоо боллоо.

УИХ-ыг гацаанаас гаргах арга нь УИХ тарах явдал гэдэгтэй санал нийлж байгаа хүн цөөнгүй байх шиг. Сөрөг хүчний зүгээс ийм шийдвэрийг гаргаж, гишүүдийн нэрсийг цуглуулахаа ч мэдэгдээд буй. УИХ тарах нь зөв үү?

-Ардчилсан нам энэ нөхцөл байдлыг маш анхааралтай, тэвчээртэй ажиглалаа. Аль нэг талыг барьж илэрхий яваагүй. М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр хоёулаа л Монголын төрөөс цэвэрлэгдэх ёстой гэдэг байр суурийг хадгалж явж байна. Үүнээс гадна АН парламентын тогтолцоог хамгаалж дугарч байгаа. Бид тэвчээртэй ажигласны дүнд нэг үр дүнд хүрсэн. Энэ хоёр тал эвлэрэхээс нэгэнт өнгөрчээ. Хэн нэгэн хүнийг сольсноор, аль нэг Засгийн газрыг огцруулснаар асуудал шийдэгдэж, зөв голдрилдоо орж чадахааргүй болсон. Энэ Засгийн газар, УИХ-аас шахаад ч болов шүүс гархаас өнгөрсөн байна гэдгийг бид ойлголоо. Тийм учраас яарал-тай ээлжит сонгуулийг зарлан хуралдуулж, дараагийн УИХ-ыг байгуулах нь зүйтэй гэсэн улс төрийн шийдвэрийг гаргасан. Энэ бол маш зөв зүйтэй шийдвэр гэж дүгнэж байна. Яг ийм байр сууринаас хандаж байгаа иргэд ч цөөнгүй бий.

УИХ тарчихвал энэ хавар гэхэд л ээлжит бус сонгууль болчихно. Сонгууль болж дараагийн парламентын гишүүд тангарагаа өргөхөд энэ удаагийн гишүүдийн бүрэн эрх дуусгавар болно. Улмаар шинэ спикер, Засгийн газраа томилоод л явна. Тэр байгуулагдсан парламент дахиад дөрвөн жилийн хугацаанд ажиллах юм. Энэ тохиолдолд төрийн үйл ажиллагаа тасалдана гэсэн ойлголт байхгүй.

-Эрх баригчид эвлэрлээ ч УИХ-ын үйл ажиллагаа цааш явахгүй гэж үү?

-М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын аль нэгийг явууллаа гэхэд ялагч гарахгүй. Тиймээс хоёулаа ажлаа өгөөд яв, эсвэл УИХ тараад ээлжит бус сонгуулиа хий гэж хэлмээр байна. Нэг нь үлдлээ гээд сайн зүйл авчрахгүй. Эвлэрлээ ч энэ хуваагдсан хоёр тал хэзээ ч нэгнийгээ ажил хийлгэхгүй. Нэгэндээ тээг саад хийн, бойкотолсоор байх болно. Үүнээс болж ард түмэн, улс хохирно. Тиймээс ардчилсан тогтолцоотой улсын хувьд яаралтай энэ байдлаас гарах нь зөв. Ард түмнээрээ дүнгээ тавиулаад л явчихъя. Нэр цэвэр, зөв хүмүүс нь сонгогдоод явах юм бол улс орны ажил урагшилж л таарна. Ер нь дэлхий нийтээрээ эдийн засгийн амаргүй нөхцөл байдал руу орох гэж байна. Энэ үед төр нь эзэнтэй, монголчууд бид хариуцлагатай байх учиртай. Ингэж байж гэмээнэ бид хямралыг даван туулна. Бид дотоод хагарлаасаа үүдэн ард түмнээ ч хувааж байгааг дээр дурдсан. Энэ нөхцөл байдал их гүрнүүдэд хамгийн их ашигтай шүү. Дотоод хагарлаас хуулийн дагуу гарах гаргалгаа нь нөхөн сонгууль л явуулах явдал байгаа юм.

-Улс төр цэвэрлэгдэж байна, авлигачдаас салах цаг нь иржээ гэж ярих хүмүүс ч байх юм. Энэ боломжтой юу?

-Эрх баригч нам дотроо хагаралдсан нь иддэг, уудаг, хуйвалддаг байдлыг ил болголоо. Энэ нь сайшаалтай байгаа юм. Хэрвээ МАН дотроо эв нэгдэлтэй байсан бол үүнийг хэн ч илрүүлж чадахгүй. Тиймээс нийгэмд улстөрчдийн үнэн нүүр царайг харуулж гаргаснаараа маш ач холбогдолтой. Дараа, дараагийн улстөрч, парламтентын гишүүдэд том сургамж боллоо гэж харж байна. Өнгөрсөн 28 жилийн парламентын хугацаанд тэр, энэ идсэн, уусан гэх янз бүрийн л зүйл сонсогдож байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг бүлэглэж, зохион байгуулалттайгаар төр, ард түмний мөнгө рүү гар дүрж байсныг мэдэхгүй юм. Тиймдээ ч Монголын түүхэнд сургамжтай нэгэн явдал боллоо. Үүнээс улбаалж улс төрийн намууд, улстөрчид томоохон өөрчлөлтүүдийг хийж, ард түмний итгэлийг олж авах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай.

-Хэрэвзээ ээлжит бус сонгууль болбол та нэр дэвших үү?

-Тэрийг бодож байгаа юм алга. Сонгууль боллоо гэхэд нэр дэвшүүлэх үү, үгүй юу гэдгийг нам шийднэ. Гэхдээ энэ удаа ард иргэд хэт намчирхаж, туйлшралгүй хэн нь Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж чадах уу гэдгийг харж, сонголтоо хийгээсэй гэж бодож байна. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд бид хангалттай мөнгө , төгрөгний хойноос чаргууцалдаж, сонголтоо худалдаж явлаа. Одоо бол ард түмэн өөрийн болоод сонгох гэж буй улстөрчийнхөө сэтгэл, зүрхийг чагнаж, сонголтоо зөв хийх хэрэгтэй. Монголын бүх улстөрчид чинь луйварчин болчихсон юм биш шүү дээ. Төрийнхөө төлөө шударгаар зүтгэж байсан олон улстөрч бий. Өнгө мөнгөний хойноос элдэв шуналгүйгээр зүтгэх улстөрчид ч байгаа. Тэр хүмүүсээ л зөв сонгож чадвал байдал хавьгүй дээрдэнэ.

-Ерөнхийлөгч УИХ-ын даргыг гишүүдийн олонхын саналаар огцруулах хуулийн төсөл өргөн барьсан. Энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн. Энэ тухайд?

-УИХ-ыг гацаанаас гаргахын тулд л ийм хуулийн төсөл өргөн барилаа. Нэгэнт өргөн барьснаас хойш хэлэлцээд явах нь зөв.

МАНАН бүлэглэл, шударга бусын хонгилыг устгана, М.Энхболд, Ц.Элбэгдорж нар хууль хяналтын байгууллагыг эрхшээлдээ оруулсан хэмээн бойкот хийж буй гишүүд ярьж байгаа. Энэ хэр үндэслэлтэй зүйл юм бэ?

-Монголын өнөөгийн үйлчилж байгаа тогтолцоо хууль хяналтын байгууллагыг улс төрөөс хамааралтай томилж байгаа нь үнэн шүү дээ. Би бол зарим зүйлтэй нь санал нэг байна. М.Энхболд даргын хамааралтайгаар хууль хяналтын байгууллагын тодорхой албан тушаалтнууд томилогдсоныг худлаа гэх арга байхгүй. М.Энхболд огцорсон ч дараагийн хууль хяналтын байгууллагын албан тушаалтнууд УИХ-ын даргаас хамааралтай л байна. Бид үүнийг уг углуургаар нь, тогтолцооных нь хувьд л өөрчлөх ёстой. Үндсэн хуулиндаа тогтолцооны өөрчлөлт зоригтой хийж, хууль хяналтын байгууллагыг улс төрөөс хамааралгүй ажилладаг болгох хэрэгтэй. Тогтолцоогоо өөрчлөхгүй бол юу ч өөрчлөхгүй. Хувь хүнээс хамаарсан хамаарал зэрэг нь өөрчлөгдөж магадгүй л дээ. Гэхдээ өргөс авсан юм шиг бүх зүйл сайхан болчихно гэж харахгүй байна. Үндсэн хууль Монгол Улсад ардчилал бат суурьтай бэхжихэд хангалттай үүргээ гүйцэтгэсэн. Харин Монгол Улс хөгжлийн өөр шатанд гарахад шинэ Үндсэн хууль, шинэ концепци хэрэгтэй гэж хардаг.

-Ардчилсан нам зарим гишүүддээ хариуцлага тооцсон. Үүнээс үүдэн бүлэггүй болох ч эрдсэл үүсээд байгаа. Үүнд таны байр суурь ямар байгаа вэ?

-Ардчилсан нам шинэчлэгдэж байгаа. Шинэчлэгдэж байгаа намын хувьд сахилга дэг журам, дүрмийн засаглалыг бий болгох зорилгыг тавьж ажиллаж байна. Өнгөрсөн 28 жилийн туршид хэн дуртай нь намаасаа гардаг, намынхаа эсрэг явдаг, буцаж орж ирдэг байсан. Улс төр гэдэг багийн тоглолт. Улс төрийн тоглолтод олуулаа шийд гаргаж, түүнийгээ дагадаг, дүрмээ баримталдаг байх ёстой. Цөөхөн УИХ-ын гишүүнтэй гээд тэдний толгойг илээд суугаад байж болохгүй. Дээр, дооргүй дүрмээ сахиулах л учиртай. Намын дүрмээ мэддэг, олон дахин анхааруулга авсан мөртлөө гишүүд хариуцлагагүй зүйл хийлээ л гэж бодож байгаа. Тодорхой сахилгын арга хэмжээ авсан нь зөв боллоо гэж бодож байна. Ер нь хувь хүний тоглолт хэрэггүй зүйл. Хувь хүний тоглолт хэт их хийснээс болж улс төрийн байдал өнөөгийн нөхцөл байдалд хүрсэн гэдгийг жирийн гишүүд ч хэлж байгаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *