Categories
мэдээ цаг-үе

Д.Батжаргал: Японы 3.5 сая доллараар боссон үйлдвэрийг гадны нөлөөтэй шатсан гэж ярьж байсан

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос ойрын хоёр жилд хог хаягдал боловсруулах 25 үйлдвэрийг ашиглалтад оруулна. Энэ талаар Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Эко парк Улаанбаатар” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батжаргалтай ярилцлаа.


-Холбоогоо танилцуулахгүй юу?

-Манай холбоо 2005 онд байгуулагдсан. Манай холбоонд хог хаягдал дахин боловсруулдаг 21 үйлдвэр харьяалагддаг. Улаанбаатар хотын хэмжээнд 156 цэгт хог хаягдлыг цуглуулж, манай холбооны 21 үйлдвэрт нийлүүлдэг.

-Сүүлийн үед хуруу зайг цуглуулж байгаа тухай мэдээлэл байна.

-Тийм. Манай холбооны зүгээс хуруу зайг цуглуулах ажил зохион байгуулж эхэлсэн.

-Хуруу зайг яагаад сонгох болов?

-Үүнийг нийгмийн хариуцлагын хүрээнд гэж ойлгож болно. Учир нь энэ бүтээгдэхүүнийг дахин ашиглах ямар ч боломжгүй. Бусад бүх хогийг дахин ашиглаж, ямар нэгэн бүтээгдэхүүн хийж болдог бол хуруу зайг тэр чигт нь устгахаас өөр зам байхгүй. Дахин ашиглах технологи ч байхгүй. Дээр нь ашиглаад дууссан энэ хуруу зай маань байгальд аюултай хогонд тооцогддог. Байгаль орчныг маш хүнд хорт элементээр хордуулахаас гадна хэдэн зуун жил устаж алга болдоггүй. Энэ утгаар нь манай холбоо энэ зайг цуглуулж аюулгүй болгох ажил сэдэж байгаа юм.

-Төр энэ асуудлыг хариуцахгүй юу?

-Аюултай хог хаягдлын хуулиар төр хогийг аюулгүй хадгалах зориулалтаар газар гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл одоо болтол газар шийдэгдээгүй байгаа. Тийм учраас бид ямар ч тохиолдолд энгийн хогтой хамт булж болохгүй гэдэг утгаар цуглуулах шаардлагатай гэж үзсэн.

-Хэдийнээс цуглуулж эхэлсэн бэ?

-20-иод хоногийн өмнөөс.

-Хэзээнээс хуруу зай аюул дагуулж эхэлдэг вэ?

-Одоо бид хэрэглэж байхад ямар ч аюулгүй. Харин хог болгож булаад, бүрхүүл нь задраад ирэхээр байгальд маш их хортой.

Бусад зайнууд хоргүй юм уу?

-Жижиг зайг л боловсруулах боломжгүй. Томрох тусмаа боловсруулалтад орно. Жишээлбэл, аккумлятороос тугалга гардаг болохоор дахин боловсруулж болно. Тиймээс энэ хуруу зайнд анхаарал хандуулахгүй бол болохгүй болчихоод байгаа.

-Хөнөөлийн хэмжээг тодорхойлох боломжтой юу?

-Нэг хуруу нэг куб метр хөрс, 800 литр ус бохирдуулна.

-Манайхан жилд хэр хэмжээгээр хэрэглэдэг бол?

-Зөвхөн Улаанбаатарт жилд гурван сая хуруу зай хэрэглэдэг гэсэн судалгаа байна. Гэтэл хуруу зай хэрэглээд бид хэдэн жил болж байгаа билээ. Өнөөг хүртэл энэ асуудлыг шийдээгүй байгаа байхгүй юу.

-Хилээр орж ирсэн тоог гаргаж болохгүй юу?

-Ганзагын наймаагаар орж ирдэг болохоор бүрэн тоог гаргаагүй байна.

-Та бүхэн цуглуулсан хуруу зайгаа яах вэ?

-Цуглуулчихаад дараа нь газар авч, технологийн дагуу хадгалах ажил зохион байгуулна.

-Аюулгүй хадгалахад хэр их зардал гарах бол?

-Цөмийн хаягдлыг хадгалахад маш өндөр технологи шаарддаг бол энэ хаягдлыг хадгалахад тийм их хэмжээний зардал гарахгүй.

-Та бүхэн энэ талаараа төр засагт хандсан уу?

-Уг нь бүгд л мэдэж байгаа л даа. Ярихаар бүгд дэмжээд, толгой дохиод байдаг юм. Тэгсэн мөртлөө гараа хөдөлгөөд, дэмжиж байгаа юм алга. Хэн ч энэ талаар юу ч хийхгүй байгаа учраас бид эхлүүлж байна.

-Төр яг юу хийх ёстой вэ?

-Эхний ээлжинд газар олгоод, төсөв хийх ёстой. Хаана, ямар хэмжээ, хугацаатай байгууламж барих гээд олон ажил байгаа. Бид бол үнэгүй цуглуулж байгаа. Хог хаягдлын устгалын хураамж байх ёстой.

-Хог хаягдлын тухай хуульд энэ тухай байхгүй юу?

-Хуульд бий. Гэхдээ аюултай хог, хаягдлын тухай хуульд аюултай хог хаягдлыг үүсгэгч нь өөрөө хариуцна гээд заачихсан. Тэгэхээр нийслэлийн 1.3 сая оршин суугч хариуцах болж байгаа юм. Энэ бол бүтэхгүй асуудал. Тийм учраас төр анхаарал хандуулах шаардлагатай болсон.

-Та нар хуруу зайг яаж цуглуулж байна?

-Бид сонинд зар тавих маягаар явж байна. Аж ахуйн нэгжүүдээр зар тарааж байна.

-Хүмүүс авчирч өгч байна уу?

-Харин санасныг бодвол хүмүүс, аж ахуйн нэгжүүд идэвхтэй байна. Зарим аж ахуйн нэгжүүд өөрсдөө авчирч өгч байгаа. Бид зөвхөн энэ хаягдалд зориулж хогийн сав хийгээд зарим супер маркетуудаар тавьсан. Зарим байгууллага нэлээд их хэмжээгээр цуглуулчихаад бидэн рүү утасдаж байна.

-Сургуулиуд хэр оролцож байна?

-Идэвхтэй оролцож байгаа. Байгаль орчин ногоон хөгжлийн сайд Цэрэнбат идэвхтэй оролцсон сургуулиудад “ногоон гэрчилгээ” олгож байгаа.

-Энэ ямар учиртай гэрчилгээ вэ?

-Байгаль орчиндоо ээлтэй байгууллага гэсэн үг. Аймгуудаар энэ аян өрнөж байгаа.

-Нийслэл хэр дэмжиж байгаа вэ?

-Сайн дэмжиж байна. Бид хоёр жилийн турш сургуулиудад ямар хогийг дахин боловсруулдаг, ямар хогийг аюултай хог гэж үздэг талаар сургалт явуулсан. БШУСЯ, БОНХЯ сургалт явуулах 10 сая төгрөг гаргаж чадахгүй байна.

-Байгаль хамгаалах олон сан байдаг. Тэдэнтэй уулзаж үзсэн үү?

-Байгаль хамгаалах нэртэй олон сан байдаг. Тэд яг бүтээлчээр юм хийдэггүй. Зөндөө мөнгө орсон гэдэг. Бодит юм хийж байгаа бидэнд хөрөнгө олддоггүй юм.

-Гадны орнууд хорт хаягдал устгах хөрөнгөө яаж босгодог вэ?

-Бид Японтой нэлээд өргөн харилцаатай. Тэнд борлуулалт дээр татвар тавих замаар хаягдал устгах хөрөнгөө босгодог.

-УИХ-ын гишүүдэд хандаж үзсэн үү?

-Н.Учрал гишүүн сайхан хүлээж аваад, дэмжсэн. Бусад нь бас дэмжээд байгаа юм шиг боловч, ажил хэрэг болгох гэхээр л таг болчихдог.

-Манайд хог боловсруулах ажил ямар түвшинд байгаа вэ?

-Одоо байгаа дээр нэмээд ойрын хоёр жилд 25 хог боловсруулах үйлдвэр ашиглалтад орно. Санхүүжилтийг манай холбоо шийдсэн.

-Улаанчулуутын хогийн цэг дээр барьсан үйлдвэр яагаад шатсан бэ?

-Мэдэхгүй. Японы 3.5 сая доллараар боссон үйлдвэр шүү дээ. Хожим дуулахад гадны нөлөөтэй шатсан гэж ярьж байсан.

-Хятад руу гаргадаг хаягдлаа дотооддоо боловсруулж болохгүй юу?

-Хятадууд хаягдал авахаа зогсоосон. Хүмүүс анзаараагүй байх. Манай хаягдал боловсруулах үйлдвэрүүд жил шахам хугацаанд зогссон. Одооноос бүгд ажиллаж эхэлж байна.

-Шилний болон ажилласан тосыг боловсруулж болохгүй юу?

-Энэ асуудлыг шийдсэн, удахгүй үйлдвэрүүд ашиглалтад орно. Бас нохойны арьс боловсруулах үйлдвэр ашиглалтад орно. Бид хогийг шатаах тухай ярьсаар 20 гаруй жил болсон. Одоо харин бүх хогоо цогцоор нь боловсруулах боломжтой болж байна.

-Хаягдал цаас авах зар явж байна?

-Хаягдал цаасны үйлдвэр удахгүй ашиглалтад орно. Гэхдээ цаасыг өөрсдөө явж цуглуулбал үйлдвэр алдагдалд орно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *