Өнөөдөр буюу есдүгээр сарын 5-нд Төрийн ордны баруун хаалган дээр Баянзүрх дүүргийн иргэд УИХ-ын гишүүн Б.Батзоригийг хууль бус газрын зөвшөөрөл олгодог хэмээн эсэргүүцэж жагслаа. Мөн УИХ-ын дарга М.Энхболдод газраа алдсан, гэрчилгээгээ авч чадахгүй байгаа иргэд гарын үсэгтэй бичиг хүргүүлэхээр цугласан байлаа.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн XX хорооны иргэн Д.Батдэлгэр: Баянзүрх дүүргийн XX хорооны 80 гаруй иргэн надад итгэмжлэл хийж өгсөн. Газар эзэмших эрхээ авч чадахгүй байгаа энэ хүмүүсийн төлөө тэмцэж байна. Энэхүү газрын хууль бус луйврыг УИХ-ын гишүүн Б.Базориг анх суурийг нь тавьсан. Надад нотлох баримт бүгд байна. Би худлаа юм хэлэхгүй. Угаасаа хүн гүжирдэх нь хууль бус зүйл. Тийм болохоор би баримттай тэмцэнэ. Б.Батзориг нь Баянзүрх дүүргийн Засаг дарга байхдаа газрын олон луйвар хийсэн. Одоо харин тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа гэдэг хүн луйвар хийж байна. Учир нь Засаг дарга Д.Пүрэвдаваатай 2015 оны наймдугаар сард, Баянзүрх дүүргийн XX хорооны иргэд уулзсан юм. Энэ үеэр Д.Пүрэвдаваа “Би юу ч хийж чадахгүй” гэж хэлсэн. Энэ мэт луйврыг шалгуулахаар бид Авлигатай тэмцэх газарт өргөдөл бичиж өгсөн.
Энэхүү бичигт “АТГ-ын дарга Х.Энхжаргал танаа. Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг, БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нарын газрын хууль бус эзэмших эрх олгож байгаа тул шалгаж өгнө үү” гэсэн байгаа. Хэрвээ АТГ-аас бидний өргөдлийн хариуг 14 хоногийн дотор ирүүлэхгүй бол өлсөглөн зарлах болно. Мөн АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Батзоригийг шалгаж өгөхийг шаардаж байна гэв.
Баянзүрх дүүргийн XX хорооны иргэн Д.Батдэлгэрээр итгэмжлүүлсэн 100 орчим иргэд өөрсдийн эзэмшлийн газраа алдсан учир ийн тэмцэж байгаа бөгөөд УИХ-ын дарга бичгийг нь хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ энэ үеэр онцоллоо.
Баянзүрх дүүргийн XX хорооны иргэн Ц.Чулуунцэцэг: Баянзүрх дүүргийн XX хорооны газрын маргаантай есөн хүн тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваатай уулзсан. Тэрээр хэлэхдээ “Ц.Чулуунцэцэг гэдэг хүн газрын асуудлаар та бүгдэд худлаа зүйл ярьж байна. Энэ хүн бол газрын наймаачин. Тийм болохоор энэ хүнийг битгий дагаж ажилла” гэсэн. 2011 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг захирамж гаргаж байсан. Энэ захирамжинд иргэн бүрт 0.7 га газар өмчлөх эрхтэй байсан бол 0.6 га болгосон. Мөн тус дүүргийн газар өмчлөх эрхтэй иргэдийн хүсэлтийг хасаад өөрийн танил тал, арын хаалгадсан иргэдэд шууд олгосон. Мөн нэг иргэний нэр дээр хоёр удаа газрын гэрчилгээ олгосон байгаа юм. Надад энд баримттайгаа байна. Жишээлбэл, т.Янжмаа гэдэг хүнийг хоёр удаа захирамжинд оруулсан байгаа юм. Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзоригийн хийсэн гол зөрчил нь тус дүүргийн ядарсан иргэдийн газрыг дээрэмдсэн явдал юм. Иймд бид бүхэн Баянзүрх дүүргийн XX хорооны газрын эрх нь зөрчигдсөн 512 иргэний эрх ашгийн төлөө тэмцэх болно. Бидний тэмцлийг хүлээж авахгүй бол амиа ч хорлоно гэдгийг хатуухан хэлмээр байна гэсэн юм.
Э.МӨНХТҮВШИН