Categories
мэдээ цаг-үе

Д.Батболд: Манай оюутнууд санхүүгээ шийдэхээс гадна мэргэжилдээ туршлагаждаг

МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спортын тэнхимийн эрхлэгч Д.Батболдтой ярилцлаа.


-Та хэдэн оноос хойш МУБИС-д багшилж байна вэ?

-Би их сургуулиа төгсөөд багшилж эхэлсэн. 2008 оноос өнөөдрийг хүртэл МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд спорт аялал жуулчлалын чиглэлээр багшилж байна.

-Яагаад спорт, аялал жуулчлалыг сонирхох болсон юм бэ?

-Би байгалийн аялал жуулчлалын мэргэжилтэй, аялах, гэрэл зураг авах дуртай хүн л дээ.Тиймээс энэ чиглэлээр ажиллахад дөхөм байдаг. Спорт аялал жуулчлал үүн дотроо адал явдалт аялал дэлхий дахинд эрчимтэй хөгжиж байна. Манай орны өргөн уудам нутаг, үзэсгэлэнт байгаль, нүүдлийн соёл ахуй нь энэ төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж өндөртэй. Энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнийг бэлтгэх хэрэгцээ шаардлага байгаа юм. Манай сургуулийн Спорт аялал жуулчлалын хөтөлбөр бол энэ чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэдэг. Тиймээс МУБИС-ийн БТС-д багшилж эхэлснээс хойш тус хөтөлбөрийг хөгжүүлэх үүрэг, хариуцлага оноогдсон.

-Спорт, аялал жуулчлал гэдэг мэргэжлээр өөр сургууль боловсон хүчин бэлтгэдэггүй байх аа?

-Тиймээ. Зөвхөн МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд л бэлтгэдэг. 2005 оноос тус мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж эхэлсэн. Энэ мэргэжил нь аялал жуулчлалын бусад мэргэжлээс онцлог. Аяллын их туршлага, чадвар шаарддаг учраас практикад сургалтад тулгуурладаг онцлогтой.Намайг анх спорт аялал жуулчлалын багшаар ирж байхад хөтөлбөр газарзүйд суурилсан байлаа. Бид хөтөлбөрөө хөгжүүлэхийн тулд зах зээлийн эрэлт хэрэгцээ, олон улсын туршлага, аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага гээд багагүй судалгаа хийж дөрвөн удаа шинэчлэлт хийсэн. Хөтөлбөрийн маань 40 орчим хувийг практик, дадлага эзэлдэг. Одоо манай хөтөлбөр аялал жуулчлалын салбартаа жишиг хөтөлбөр болсон гэж үзэж байна. 2012 оноос хойш төгссөн төгсөгчдийнхөө ажил эрхлэлтийн судалгааг үзэхэд 70 орчим хувь нь аялал жуулчлалын салбартаа мэргэжлээрээ ажиллаж байгаад баяртай байдаг. Цаашид оюутнуудынхаа гадаад хэлний мэдлэгийг улам сайжруулах зорилгоор мэргэжлийн хичээлүүдээ англи хэлээр явуулахаар төлөвлөж байгаа.

-Өвөрмөц шийдлээр ангиа тохижуулжээ?

-Тийм ээ. Суралцах орчин гэдэг хамгийн чухал шүү дээ. Сургууль бол оюутнуудын хувьд хоёр дахь гэр нь байх учиртай. Тиймээс суралцахад таатай орчинг бий болгох зорилгоор ангиа “Аялал жуулчлалын контент хөгжүүлэлтийн төв” болгох бичил төслийг хэрэгжүүлсэн юм. Төслийн хэтийн зорилго нь оюутнууд дадлагынхаа явцад аялал жуулчлалын сонирхол татах контентуудыг бүтээж монголын аялал жуулчлалыг нийтэд сурталчлах явдал юм. Уг ажлын хүрээнд энэ хавар бид спорт аялал жуулчлалын ангидаа бүрэн засвар хийж, уламжлалт болон орчин үеийн интертерээр тохижуулж ногоон орчныг бий болгосон. Үндсэндээ Монгол гэр, байгалийн хослолыг орчин үеийн шийдлээр цогцлоохыг зорьсон. Тиймээс зарим ханандаа монгол гэрийн ханаар хийж, таазандаа тооно байрлуулсан. Мөн оюутнуудын суух хэсгийн таазыг ойн цоорхойгоор тэнгэр харагдаж буйгаар тохижуулсан. Буйдан, түшлэгтэй сандал гээд л аль болох тохилог орчныг бий болгохыг хичээсэн. Одоо оюутнууд маань тохилог орчиндоо өөрсдөө хичээж суралцах л үлдлээ.

-Санхүүжилтээ яаж шийдсэн бэ?

-Хамтран ажилладаг нийгмийн хариуцлагаа ухамсарладаг аялал жуулчлалын компаниудад ангиа “Аялал жуулчлалын контент хөгжүүлэлтийн төв” болгох бичил төслөө танилцуулж, санхүүжилтээ бага багаар цуглуулсан. Бидний төслийг арваад компани дэмжиж санхүүжилт нь боссон. Санхүүжилт босоод ирэнгүүт сургууль болон төгсөгчид маань тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн. Оюутнууд маань ангиа цэцэрлэгжүүлэх аян өрнүүлж эхэлсэн. Ингээд л тал талаасаа боломж бололцоогоороо санхүүжилт босгож ангиа сайхан тохилог болгосон доо.

-Тэдгээр аяллын компаниудад танай сургуулийн төгсөгчид ажилладаг байх даа?

-Байгаа. Манай компанид сайн мэргэжилтэн хүүхдүүд бэлтгэж өгч хамтран ажилладаг учраас бид туслалгүй яахав гээд саналыг уриалгахан хүлээж авсан байгууллагууд олон бий. Дээрээс нь тэдгээр аялал жуучлалын компаниудад оюутнууд маань цалинтай дадлага хийдэг. Оюутнууд санхүүгийн асуудлаа шийдэхээс гадна мэргэжлийнхээ хувьд дадлага туршлагатай болчихож байгаа юм. Хариуцлагатай байгууллагууд ирээдүйн мэр-гэжилтнүүдийнхээ боловсролд хөрөнгө оруулж байна.

-Танай сургуулийн спорт, аялал жуулчлалын ангийнхан эндээсээ ажлын байраа бэлдээд гарч байна гэсэн үг үү?

-Манай оюутнууд маань суралцах хугацаандаа гурван удаа дадлага хийдэг. Нэг, хоёрдугаар курстээ танилцах болон бүс нутгийн үйлдвэрлэлийн зуны дадлага хийнэ. Гуравдугаар курсээсээ үйлдвэрлэлийн дадлагатаа гардаг. Манай сургуультай хамтарч ажилладаг15-16 компани бий. Тус компаниуд дээр цалинтай дадлага хийдэг. Оюутнууд гуравдугаар курсээс тухайн компанидаа ажиллаад явчихдаг. Энэ жилээс эхлээд үйлдвэрлэлийн дадлагаа Япон улсын спорт аялалын цогцолборуудад цалинтай хийгээд эхэлсэн. Энэ дадлагаар оюутнууд өндөр хөгжилтэй орны аялал жуулчлалын тэргүүн туршлага, соёлоос суралцана, юм үзэж нүд тайлна, санхүүгийн асуудлаа тодорхой хэмжээнд шийднэ.

-Уул уурхай нүүрс гэх мэтээс өөрөөр цаашид Монгол Улсын эдийн засгийн бодлого нь аялал жуулчлал гэж үзэж байна. Энэ нь хамгийн ирээдүйтэй мэргэжил үү?

-Тэгэлгүй яахав. Аялал жуулчлал нь дэлхийн хэмжээнд эхний гуравт багтдаг үйлдвэрлэлийн салбар шүү дээ. Дэлхий дахинд жилдээ тэрбум гаруй хүмүүс олон улсын аялал жуулчлал хийж байна. Дэлхийн долоон хүн тутмын нэг нь олон улсаар, 5-6 нь дотооддоо аялал хийж байна. Аялал жуулчлал нь хүмүүсийн хэрэгцээ болж хувирсан. Орчин үед хүмүүсийн хандлага өөрчлөгдөж биеийн хүч, эр зориг, авхаалж самбаа шаардсан аяллуудыг илүү сонирхдог болсон. Нөгөө талаасаа манай орон өргөн уудам нутаг, үзэсгэлэнт байгальтай, өвөрмөц зан заншил, нүүдлийн соёлтой. Гэтэл энэ нь яг өнөөдрийн хүмүүсийн хүсээд байгаа зүйл юм. Товчхондоо адал явдалтай аялал гэсэн үг.

Энэ салбарт дэлхий дахинд 270 сая хүн ажиллаж байна. Цаашид манай орны эдийн засгийн гол салбаруудын нэг нь болно. Тиймээс энэ салбарын мэргэжилтний эрэлт, хэрэгцээ нэмэгдэх нь тодорхой.

-Ангийн тохижилт сайжраад, тав тухтай орчин бүрдээд ирэхээр оюутнуудын хичээл чармайлт нэмэгдэж байгаа нь анзаарагдаж байна уу?

-Тэгэлгүй яахав. Өөр ангийн оюутнууд хичээлээ тараад л гараад явцгаадаг бол манай оюутнууд ангидаа хичээл номоо хийгээд сууж л байдаг. Мөн засварын ажил явагдаж байхад оюутнууд маань бид юу хийх вэ гээд олон санал санаачлагууд гаргасан. Оюутнууд өөрсдөө авч тавьсан зүйлдээ ариг гамтай ханддаг. Нэгдүгээр курст дөнгөж орж байгаа оюутнууддаа зориулан дээд курсынхан нь санамж хийгээд наачихсан. Мөн төгсөгчид маань боломжоороо тусалъя гээд ирсэн. Энэ ажилд төгсөгч, оюутнууд, сургууль бүгд оролцсон. Бид төслийнхөө дараагийн шатанд ангидаа 10 гаруй компьютер авах санаатай байгаа.

-Танай хөтөлбөрийн уриа их сонирхол татлаа.

Манай спорт аялал жуулчлалын хөтөлбөр “Зорилготой монгол хүмүүнийг бүтээнэ” гэсэн уриатай. Уриа маань дотроо үнэт зүйл, зорилго, хувь хүний хөгжлийн чадваруудыг агуулдаг. Бид нэн түрүүнд эх оронч зорилготой монгол хүмүүнийг бүтээнэ гэсэн зарчмыг баримталж ажилладаг. Монгол хүн бүр эх оронч, эх орноороо, эх түүхээрээ, монгол хүн гэдгээрээ бахархаж байх ёстой. Энэ үзлийг суулгахын тулд бид “Эх оронч 21” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тэр хөтөлбөр нь суралцах хугацаандаа 21 аймгаар аялна гэсэн үг. Монгол орон усны нөөц маш багатай. Ихэнх газар нь говь, хээр учраас модгүй байдаг. Үүнийг нүдээр үзэж, биеээрээ мэдэрсэн оюутнуудад эх орноо хайрлах сэтгэхүй аяндаа төлөвшдөг. Эхнээсээ оюутнууд маань 21 аймгаар аялах зорилготой болчихсон. Үүндээ зориулаад төлөвлөгөө гаргаад санхүүгийнхээ асуудлыг эртнээс шийдэж байна. Ингээд хүүхдүүд өөрсдөө зорилготой болчихож байгаа юм. Мөн бидний урианд хөдөлмөрч, бүтээлч,санаачлагатай, өв соёлоо тээгч, нөхөрсөг, хүмүүжилтэй, хариуцлагатай, зөв монгол хүн гэх мэт олон утга агуулга бий. Аяллаар яваад ирэхээр энэ бүгдийг нэг нэгээр нь сурч, байдаг. Тэгэхээр зөвхөн онолын хичээлээр чи ийм байх ёстой гэх биш өөрөөр нь өөрийг нь бүтээлгэж байна гэсэн үг.

-Таньд монгол орны очиж үзээгүй газар бий юу?

-Байгаа. Манай орон чинь үнэхээр уудам нутагтай. Би 21 аймгаар нийт таван удаа тойрсон байна. Ингэж явах даа 13 суманд очиж үзээгүй. Би хувьдаа ойрын хоёр жилийн дотор энэ 13 суманд очиж үзнэ гэсэн зорилго тавьсан.

-Цахим орчинд байгаа сайхан байгалийн зураг бас хүний аялах хүслийг өдөөдөг шүү?

-Цахим орчинд гоё зураг хараад тус газар луу очиж үзэх хүсэл төрж байгаа нь хүний гэрэл зургаас авч буй мэдрэмж юм. Зураг, бичлэгээс маш их мэдээлэл авдаг. Монголын олон гоё зураг байх нь Монгол руу зорьж ирэх сэдлийг хүмүүст суулгаж байна гэсэн үг. Зөвхөн гадаадынхан гэлтгүй манайхан өөрсдөө ч гэсэн их аялдаг болжээ. Сүүлийн жилийн судалгаагаар жилдээ сая орчим хүмүүс дотооддоо аялал хийж байна. Зураг дарахад хувь хүний мэдрэмж хөгжинө. Мөн юмсыг харах өнцөг нь өөрчлөгдөнө. Тухайлбал, нэг юмыг дөрвөлжин гэж харахаас өөрөөр сүүдрийг нь олж харна. Энэ нь бүтээлч сэтгэхүйг хөгжүүлдэг. Тэгэхээр бүтээлч монгол хүнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Эхэндээ оюутнууд маань харсан зүйлийнхээ зургийг дардаг. Сүүлдээ бодож эхэлдэг. Би ингэж авах ёстой юм байна гээд. Энэ зургаараа ийм зүйлийг харуулъя гэх ч юм уу. Авсан зургаа боловсруулж видео хэлбэрт оруулдаг. Богино хэмжээний шторк хийгээд, олон нийтийн сүлжээнд тавиад түүнийгээ хөгжүүлчихдэг оюутнуудыг бэлтгэнэ. Үүгээр хүмүүсийг өөрийн аялал жуулчлалдаа татна. Аялал жуулчлал нь өөрөө бизнес учраас үүнийгээ олон түмэнд хүргэх нэг арга юм. Энэ нь дэлхий дахинд маш хурдацтай хөгжиж байна. Энэ жилдээ бид нарт туршлага бага байна. Хоёр жилийн дараа гэхэд манай оюутнууд чанаржчихна. Дээрээс нь өөрсдөө контентоо хийгээд аялалаа зохион байгуулдаг болчихвол маркетингийн чиглэлээр ажиллах бололцоотой. Манайд маркетингийн менежер хийж буй төгсөгчид олон бий. Мөн аялал зохион байгуулаад, хөтөч хийж байгаа. Энэ нь өмнө үеээсээ илүү их сайжирч байна гэсэн үг. Сайнаар ашиглавал цахим орчин их сайхан юм. Мөн төгсөгчид оюутнууддаа зөвлөнө, заана, чиглүүлнэ. Манайх “Төгс аялагч” гээд клубтэй. Тэрнийхээ шугамаар ах, эгч нараа уриад үйл ажиллагаа зохион байгуулдаг. Жишээлбэл, хамт аялал хийх, гэрэл зураг дарах гэх мэт. Ингээд хамтын үйл ажиллагаа зохион байгуулахаар сурч буй оюутнуудын итгэл үнэмшил нь улам нэмэгдэж сурах хүсэл эрмэлзлийг нь бадрааж өгдөг. Манай хөтөлбөрийн эцсийн зорилго бол зорилготой зөв монгол хүнийг л бий болгох юм.

Э.НАРАНЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *