УИХ-ын гишүүн асан, Кёкшүзан Д.Батбаяр оффшор данстай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр хурлын эхэнд өнгөрсөн ням гарагт буюу энэ сарын 6-нд “Монгол ТВ”-ийн “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөөр цацагдсан Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Консорциумтай хамтран Монголын оффшор данс эзэмшигч, оффшор бүс дэх компанид хувь эзэмшигчдийн нэрсийг зарласан нэвтрүүлгийг сэтгүүлчдэд үзүүлсэн юм.
Үүний дараагаар тэрээр “Өнгөрсөн тавдугаар сард Монголд анх удаа оффшор гэдэг нэр томьёо гарч ирсэн. Тэр нэр томьёоны хамгийн анхдагч нь Даваагийн Батбаяр буюу Кёкшүзан Д.Батбаяр миний зурагтай нэвтрүүлэг “Монгол ТВ” телевизээр гарч байсныг та бүхэн санаж байгаа байх. Тухайн үед би УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтан байсан. Тэр утгаараа хуулийн өмнө хариуцлага хүлээх тухай яригдаж байлаа.
Кёкшүзан Д.Батбаяр гэдэг хүнийг оффшор данстай эсэхийг тогтоож чадаагүй.
Сонгуулийн өмнө энэ мэдээлэл цацагдаж, УИХ-ын сонгуульд нэр дэвших дэвшихгүй гэх асуудлаас бизнесийн маань хөрөнгө оруулалтын асуудал хөндөгдсөн. Улмаар бизнес маань зогсонги байдалд орсон.
Тухайн үед би хэвлэлийн бага хурал зарлаж, энэ асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулсан. Бүх хуулийн байгууллага шалгаад Кёкшүзан Д.Батбаяр гэдэг хүнийг оффшор данстай эсэхийг тогтоож чадаагүй.
Тиймдээ ч, би энэ асуудалд их эмзэглэж явдаг хүн. Учир нь, монголчуудын ойлголтоор оффшор данс бол хүний наймаа, зэвсгийн наймаа, хар тамхи, террорист үйл ажиллагааг санхүүжүүлэлт, авлигын мөнгө, улсын мөнгө болон татвараас нуудаг бүхнийг оффшор данс гэж ойлгодог.
Тухайн үед нэр нь дурдагдаж байсан хүн бол Даваагийн Батбаяр биш. Орхон аймгийн ИТХ-ын гишүүн Д.Батбаяр гэдэг хүн болох тодорхой болжээ.
Та бүхэн сая харлаа “Монгол ТВ” телевиз өнгөрсөн ням гарагт жинхэнэ оффшор данстай Д.Батбаярыг олж өглөө. Тухайн үед нэр нь дурдагдаж байсан хүн бол Даваагийн Батбаяр биш. Орхон аймгийн ИТХ-ын гишүүн Д.Батбаяр гэх хүн болох нь тодорхой болжээ” хэмээв.
Мөн тэрээр “Гадны хөрөнгө оруулалтаар бизнес эрхэлдэг хүний хувьд энэ бол андуурал байсан гэдгийг мэдэгдэх нь зүйтэй гэж бодлоо” гэлээ.