УИХ-ын гишүүн Д.Арвинтай ярилцлаа.
-Буриадын нийгмийн гавьяат ажилтан болсонд баяр хүргэе. Ямар учраас энэ хүндтэй шагналын эзэн болсон гэж бодож байгаа вэ?
-Баярлалаа. УИХ-д Орос-Монголын парламентын бүлэг гэж байдаг юм. Энэ нь Буриад- Монголын парламентын дэд бүлэгтэй. Миний бие уг бүлгийн даргаар 12 жил ажилласан байна. Ер нь бол буриадууд бидний яс, махны тасархай шүү дээ. Нэг улс болж уудам тал нутагт амьдарч явсан ахан дүү минь. Энэ утгаараа буриад зон олныг хүндэтгэж явдаг. Зөвхөн буриад зон гэлтгүй Монголын өнцөг булан бүрт амьдарч байгаа элэг нэгт монголчууддаа бид хүндэтгэлтэй хандаж, элгэмсүү байх ёстой гэж боддог. Мөн хил залгаа хөрш улсуудтайгаа ч эвтэй найртай, сайн харилцаатай байхыг туйлаас эрмэлздэг. Урд, хойд хоёр хөрштэйгээ тэр энэ гэж ялгалгүй харилцах хэрэгтэй. Урд хөрш Хятадыг ч бид муулах ёсгүй. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байгаа энэ гүрнээс бид туршлагыг нь судалж, сайныг нь дуурайн хөгжих ёстой болохоос муулж, өөрсдөөсөө түлхэх хэрэггүй. Энэ зарчмынхаа дагуу Орос, Монголын парламентын бүлгийн ажилд би идэвхтэй оролцдог.
Харамсалтай нь үнэнийг хэлэхэд сүүлийн 20 жилд Орос, Монголын харилцаанд сэв суусан гэхэд болно. Биднийг хүнд үед тусалж явсан энэ улстай муу харилцаа тогтоох ёсгүй. Энэ утгаараа хойд хөрштэй харилцах харилцааг сайжруулахын төлөө анхаарч явдаг. Тухайлбал, Алтанбулагийн боомтын үйл ажиллагааг 24 цаг болгоё, хоёр улсын иргэдийг визгүй зорчдог болгоё гэх зэргийн саналуудыг үргэлж ярьсаар ирсэн юм. Визтэй зорчдог асуудал нь хоёр орны ард түмний харилцаанд хүндрэл учруулж байгааг байнга хэлдэг байлаа. Үнэндээ шувуу бүхэнд үг дайж, шуудан болгоноор захиа илгээнэ гэгчээр очсон хурал чуулган болгондоо үүнийг ярьж явсан шүү.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед визгүй зорчих асуудал шийдэгдлээ. Буриад, Монголын парламентын бүлэг, эмэгтэйчүүд, ахмадын уулзалтууд дээр уг асуудлыг хөндөж тавьдаг байлаа. Монголоос шагнал авах хүсэлт илгээсэн буриад хүмүүсийн асуудлыг шийдэхийн төлөө хичээдэг байв. Буриад-Монголтой холбоотой олон ажлыг зохион байгуулж явлаа. Энэ бүхнийг маань үнэлж, Буриад улсын Ерөнхийлөгч надад нийгмийн гавьяат ажилтан цол олгосон болов уу. Үнэхээр талархан бэлгэшээж байна.
-Орос, Монголын ард түмэн визгүй зорчдог болоход таны нөлөө байжээ?
-Яалаа гэж. Мэдээж хоёр улсын Ерөнхийлөгчийн хэлэлцээрийн үр дүнд асуудал шийдэгдэж, миний хүсэл биеллээ оллоо. Миний хувьд визгүй болгох хэрэгтэй гэдэг саналтай явдаг байсан юм. Хамгийн сүүлд ОХУ-ын дээд танхимын Хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралд оролцож, үг хэлэх завшаан олдоход “Хоёр улсын ард түмэн визтэй зорчиж байхад ямар юмныхаа найрамдалт харилцаа хөгжих юм бэ. Визгүй болсны дараа л хоёр улсын ард түмний найрамдалт харилцаа эхэлнэ шүү дээ” гэж хэлж байлаа даа. Өмнөх парламентын үед үнэндээ визгүй болгох асуудлыг шийдэж өгдөггүй байсан юм. “Оросын мафи ороод ирнэ, манай зах зээлийг эзэлнэ” гэх зэргийн зүйлүүд ярьдаг байлаа. Гадаад харилцааны сайд байсан Г.Занданшатараас эхлээд эсэргүүцэгч ихтэй. МАН-ын Удирдах зөвлөл дээр Орос руу визгүй болох тухай ярилаа гээд надад таатай ханддаггүй байсан.
-Буриадын нийгмийн гавьяат ажилтан гэдэг цол хүртсэн танаас өөр монгол хүн байдаг юм уу?
-Тэр талаар сайн мэдэхгүй юм. Соёл, урлагийн салбарт Буриадын гавьяат, ардын жүжигчин гэх зэрэг цол авсан хүн зөндөө л байдаг шүү дээ. Миний хувьд ганцхан Буриадаас гэлтгүй олон шагнал авч байлаа. Хоёр жилийн өмнө ОХУ-ын Коммунист намын дарга Зюгонов шинээр гаргасан Сталин одонгийн дээжээс явуулж байсан. 2009 онд Олон улсын олимпийн хорооноос таван тивээс спортыг дэмжигч эмэгтэйг шалгаруулсан юм. Тэгэхэд Азийн 42 орноос намайг шалгаруулж, шагнал гардуулж байв. Гэх мэтээр яриад байвал шагнал бий.
-Сая авсан шагнал бол нийгмийн гэдэг тодотголоороо бусдаас ялгарч байх шиг байна…
-Нийгмийн сайн сайхан, бусдын төлөө сэтгэл тавьж ажилладаг гэдэг утгаар нь ийм цол олгодог юм шиг байна лээ. Би Хэнтий аймгийн тойргоос сонгогдож УИХ-ын гишүүн болохдоо маш олон хүнийг Буриадад аваачиж, харилцан туршлага судлуулж, олон салбарын харилцааг өргөжүүлсэн. Энэ утгаар нь шагнасан байх.
-Хэнтийн буриад гэдэг утгаараа таныг энэ шагналыг авсан байх гэдэг яриа ч гарчихсан байна лээ…
-Би буриад биш ээ. Миний ээж Завхан аймгийн хүн. Аав маань Хэнтий аймгийн Гурванбаян сумынх. Одоогийн Биндэр сум. Хэнтийд гурван буриад сум байдаг. Тэр сумдаас сонгогдож парламентын гишүүн болж байлаа. Ер нь бол буриадууд маш их хэлмэгдсэн ард түмэн. Тийм учраас энэ зон олны төлөө сэтгэл гаргаж ажиллах ёстой гэж боддог. Тийм ч учраас “Алтаргана” наадмыг улсын төсвөөс санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж байлаа. Байгал далай, Хөвсгөл далайд хамтарсан аялал жуулчлалын байгууллага бий болгоход нь УИХ-аас төсөвт мөнгө суулгуулж л байв. Тэр үед гишүүд “Чи Улаан-Үдийн хүн юм уу, Монгол хүн юм уу” гэж намайг шүүмжилж л байсан. Заавал буриад хүн тэдний төлөө зүтгэх албагүй. Бид бүгдээрээ нэг цустай, элэг нэгт монголчууд. Би өвөрмонголчуудад ч анхаарал тавьдаг. Яагаад гэвэл тэд бидний үсэрсэн цус, тасарсан мах шүү дээ. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууддаа ижил сэтгэлээр элгэмсүү хандаж туслахыг хичээдэг. Монгол цустай хүн болгоныг хүндэлдэг. Ахан дүүс хилийн наана, цаана амьдрах шиг хэцүү юм байхгүй. Тийм учраас бид бие биедээ туслах ёстой.
-Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулган шөнө дөл хүртэл хуралдлаа. Тэр үеэр та Ч.Хүрэлбаатар гишүүнтэй ам мурийгаад авсан. Юу таныг тэгтлээ бухимдуулсан юм бэ?
-УИХ-ын чуулган дээр бухимдах зүйл их байдаг. Хэн нэгэн гишүүнийг нэр зааж, шүүмжлэх асуудал байдаг шүү дээ. Тэр бол тогоон дотроо болоод өнгөрдөг зүйл. Гэхдээ УИХ-ын гишүүд юу ярьж хэлж байгаагаа ойлгодог байх ёстой. Ер нь бол Ч.Хүрэлбаатар гишүүн намайг өөрөө өдсөн. Миний хувьд Ерөнхий сайдад хандаж “Хэт их цомхотгол явуулж болохгүй. Ажилгүйдэл ихэснэ шүү” гэдэг утгатай зүйл хэслэн шүү дээ. Гэтэл Ч.Хүрэлбаатар гишүүн тэндээс “Танай олонхи чинь цөөнх болчихсон таны эсрэг яриад байна” гэхээр нь хариу өгсөн юм. Би Ардын намынхнаар хэлэх үгээ заалгахгүй. Түрүүчийн парламентад яадаг байсан гээч.
-Яасан гэж?
-АН, МАН хоёр нийлж Засгийн газраа байгуулчихаад гишүүдээр үг хэлүүлдэггүй байсан юм. Үг хэлсэн гишүүнийг түлхэж, нухчин дардаг байлаа. Үүн шигээ нөхцөл байдлыг өнөөдөр үүсгэх гэж Ардын намынхан оролдож байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Хүнийг үг хэлүүлдэггүй, тагнаж чагнадгаараа Ардын нам алдартай л даа. Намайг яалаа. 2012 оны сонгуулийн үеэр зовоосон шүү дээ. Гэр орныг минь тагнаж, чагнаад, үр хүүхдээр минь оролдсон. Тэгчихээд өнөөдөр тэд “Та яагаад нам руугаа дайраад байгаа юм бэ” гэж асуугаад байгаа юм. Тэгэхээр нь “Та нар намайг дорд үзсэнийхээ уучлалт гуйх ёстой” гэж С.Бямбацогт гишүүнд хэлсэн.
2012 оны сонгуулийн үеэр Баянзүрх дүүргийн Ардын намын тэргүүлэгчдийн хурал Д.Арвинг дэмжихгүй шүү гэдэг шийдвэр гаргачихаад уншиж байхад хэн ч намайг өмөөрөөгүй. Тэнд Ардын намын дарга нар Сү.Батболд, УИХ-ын дарга асан Дэмбэрэл гээд бүгд байсан. Өөрөө үг хэлэх гэтэл микрофон хаасан. Ийм байсан учраас өнөөдөр Ардын намд хатуу хандсан. Гурван удаа сонгогдож намын хүнд үед нь тусалж явсан Намын удирдах зөвлөлийн гишүүн намайг үнэндээ буланд гаргасан. Р.Амаржаргал гишүүн намаасаа гаръя гэхэд АН-ынхан явуулахгүй гээд аваад үлдэж байгаа биз дээ. Гэтэл тэр үед Ардын намаас гарах өргөдлөө өгсөн надаас хэн ч “ямар учир шалтгаанаар ийм шийдвэр өгөв” гэж асуугаагүй. Харин өргөдөл гэдэг үгийг буруу биччихэж гэж даапаалаад өнгөрсөн шүү дээ. Ийм балиар юм хийчихээд өнөөдөр намайг гоочлох эрх тэдэнд байхгүй. Үнэндээ би АН-д орсноор муу хүмүүсээс л салсан. Эмэгтэй улстөрчийнхөө хувьд ганцаардаж, бусдад адлуулж, дээрэлхүүлж явах үед минь УИХ-ын дарга З.Энхболд тусалсан. Тиймээс энэ хүнийг бараадъя гэдэг шийдвэрт хүрсэн.
-Та өчигдөр ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг дэмжиж үг хэлсэн. Н.Алтанхуяг сайдыг огцруулах үед С.Баярцогтыг шүүмжлээд байсан хэрнээ өнөөдөр яагаад ийм байр суурьтай болчихов оо гэж хэлэх хүмүүс байна л даа?
-Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах ажлыг Шонхор фракц зохион байгуулсан гэдэг асуудал яригдсан учраас тэр үед тийм зүйл ярьсан шүү дээ. Тэр бол өөр асуудал. Одоо яагаад С.Баярцогтыг дэмжээд байна вэ гэвэл шүүмжлэл шударга байх ёстой гэдэг үүднээс асуудалд хандаад байна. Оюу толгойн гэрээг С.Баярцогт гэдэг хүн ганцаараа хийгээгүй. Оюу толгойн гэрээ буруу юм байж. Тэгвэл тэр үед засаг барьж байсан Ардын намынхныг яагаад ярихгүй байгаа юм. Оюу толгойг эргэлтэд оруулах шийдвэрийг Ардын намынхан гаргасан.Оюу толгойн гэрээн дээр ажилласан хүмүүсийн дийлэнх нь Ардын намынхан байна. Гэтэл тэд бүх зүйлийг Баярцогт руу түлхчихээд өөрсдөө шүүмжлэлд өртөхгүй суугаад байна шүү дээ. С.Баярцогтыг шүүмжлээд байгаа хүмүүс үүнийг ойлгоосой гэсэндээ тэр үгийг хэлсэн юм. Хамгийн гол нь шударга шүүмжлэл өрнөөсэй гэдэг үүднээс хэлсэн хэрэг.Парламентад дөрвөн удаа сонгогдож, энэ хугацаанд элдвээр доромжлуулж, гүтгүүлж явсан улстөрчийнхөө хувьд С.Баярцогт гэдэг хүнийг ойлгож байна. Одоо түүнд Оюу толгойн гэрээг засах хувь заяа оногдлоо. Монголын төрд таван удаа сонгогдсон туршлагатай хүн. Тийм учраас бүх галыг өөр дээрээ татаж, хариуцлагаа үүрээд гаръя гэдэг итгэлтэй байх шиг байна. Ийм үе дээр түүнийг нухчин дарах хэрэггүй. Ер нь улстөрч хүн доромжлолыг сөрж, зөв шүүмжлэлийг хүлээж авах чадвартай байх ёстой. Би ч энэ л зарчмаар өдий хүртэл явж ирсэн хүн.
-Өнгөрсөн баасан гаригийн чуулган дээр зарим гишүүд халамцуу байсан гэдэг шүүмжлэлд өртөөд байна. Тэр өдөр таны гавьяатын тэмдгийг угаасан гэсэн яриа байна….
-Яалаа гэж дээ. Юу гэж надаас болж архи уухав. Тэр өдөр манай эмэгтэй гишүүд надад баяр хүргэж, өдрийн хоол хамт идэцгээснээс өөр юм байхгүй.
Я.МӨНГӨН