УИХ-ын гишүүн Д.Арвинтай ярилцлаа.
-УИХ-ын зургаа дахь удаагийн парламент завсарлачихлаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацааг хэр үр дүнтэй өнгөрүүлсэн гэж харж байгаа вэ?
-Энэ парламент өмнөх парламентуудыг бодоход өвөрмөц байсан гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй. Учир нь дэлхийн улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байсан. Үүний улбаа нь манайд ч бас мэдрэгдсэн. Ер нь бол эдийн засгийн нөхцөл нь хямралын байдалтай ийм нөхцөлд манай парламент дөрвөн жилийг өнгөрүүллээ. Өмнөх УИХ, Засгийн газрын үед хөрөнгө мөнгийг хангалттай хуваарилж чадаж байсан бол энэ удаагийн парламент санхүү эдийн засгийн тал дээрээ маш хүнд байлаа. Аль болох төсвөө хэмнэж, үүнийхээ үрээр улсынхаа төсвийг аль болох бодит түвшинд нь хүргэх гэсэн эрмэлзэл дүүрэн байсан. Нэг үгээр хэлбэл хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж сурцгаасан тийм цаг хугацааг бид тууллаа.
Зарим хүмүүсийн хувьд эдийн засгийн тал дээр авч буй арга хэмжээнүүд дээр эвлэрэхгүй, өмнөх үе шигээ төсөв нь их мөнгөтэй байгаа мэт авирлаж ирснийг анзаарсан байх. Харин энэ парламент байгаа хөрөнгө мөнгөндөө тааруулж чамлахааргүй ажлуудыг нугалсан. Ийм хүнд жилүүдэд ч гэсэн бид иргэд рүүгээ хандсан чухал хуулиудыг баталж чадсан нь хамгийн том давуу тал болсон. Тухайлбал, Хамтын тэтгэврийн тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль гээд нийгэмд чиглэсэн хуулиудаа баталж чадлаа. Чингис бондын хөрөнгөөр гэхэд иргэдэд хэрэгтэй маш олон ажлын ард гарсан.
-Засгийн газрын тэргүүнээс нь эхлээд Засгийн газрын гишүүдийг огцруулах гээд сандал ширээний асуудал дээр багагүй цаг хугацааг үдсэн. Иймэрхүү улс төр явсан нь үнэхээр Засгийн газар муу ажиллаж байсан уу гэж асуухад хүргээд байна л даа?
-Энэ парламентын хувьд хэцүү зүйл бий. 2012 оны сонгуулийн дүнгээр 100 хувь олонх болсон нам байхгүй байсан тул хамгийн олон суудал авсан Ардчилсан нам бусад намуудтай хамтарч Засгийн газраа байгуулсан.
Олонхыг бүрдүүлж Засгийн газар байгуулсан намууд зөвшилцлийн шугамаар ажлаа явуулахгүй бол яаж гацаанд хүрдгийг бид харлаа. Тиймээс хамгийн олон суудал авсан Ардчилсан намын хувьд маш их зөвшилцлийг хийсэн. Тээг саад тотгор маш их байсан ч аль болох болж бүтэхээр нь зүтгүүлсэн. Сөрөг хүчнийхэн завсарлага авч гацаасан, Засгийн газрыг сайд нарыг огцруулахаас эхлээд зүйл дээр зөвшилцөл явагдсан. МАН-ынхан ажил хийлгэлгүй хэчнээн удаа түгжлээ дээ. Засгийн газрыг огцруулна, сайд нарыг нь явуулна гээд байсан болохоор хамтдаа ажиллаад үзье гээд МАН-ыг засагт урьж оруулсан ч эерэг үр дүн гараагүй. Сөрөг хүчнийхэнтэй олонхтойгоо хамтарч ажиллаж чадаагүй. Олонх бол ялаагүй нөхцөлд Засгийн газраа байгуулахаас эхлээд маш их асуудал гардаг юм байна гэдгийг бид харлаа.
-Энэ хугацаанд эдийн засаг амаргүй байсан ч ардчилсан засаг гарснаар “Гудамж” төсөл хэрэгжин зам харгуй сайхан болсон. Орон нутгийн авто замууд ашиглалтад орж, ипотекийн зээл хэрэгжсэн гээд яриад байвал олон сайн зүйлийг нэрлэж болохоор байна?
-Яах аргагүй үүнтэй санал нэг явдаг хүн. Надаас гадна олон хүн үүнийг хүлээн зөвшөөрөх байх. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг шийдсэн. Хэзээ байхдаа бид гэр хорооллын асуудал руу орж халуун устай, паартай байшинд амьдарч байсан юм. Энэ боломжийг нээж өгсөн. Сургууль, цэцэрлэг гээд хэдэн зуугаар тоологдох Монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудыг сурган хүмүүжүүлэх орчинг бүрдүүллээ. Манайхан нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ бүх ажлыг зээлгүйгээр хийх хэцүү. Чингис бондын хөрөнгөөр дан ганц авто зам гэлтгүй хэдэн зуун үйлдвэрийг дэмжлээ. Ядаж л монголчууд хадаас, консервныхоо лаазыг монголдоо үйлдвэрлэдэг болсон. Энэ чинь энэ төрлийн импортын барааг орлож гадагшаа урсах байсан ам.доллар монголдоо үлдэх боломжийг бий болгосон. Аж үйлдвэрийн яамтай болсны гавьяа. Бид үйлдвэрлэгч орон болохын тулд мөнгө зээлж хийхгүй бол хийж бүтээх ямар ч боломж байдаггүй. Дэлхийн бусад орнууд ч гэсэн ийм жишгээр явж ирсэн. Бид мөнгөгүй хэрнээ хоёр жил гаруйн хугацаанд Амгалан дулааны станцыг ашиглалтад орууллаа. Амгалан дулааны станц 50 хувиар ажиллаж байгаа гэхэд гэр хорооллын өрхүүд рүү шугам татах боломжтой боллоо. Түүнчлэн “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, малчдын зээлийн хүүг 10 болгон бууруулсан, таван хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл гээд иргэд рүү чиглэсэн олон томоохон ажлын ард гарлаа. Ардчилсан засаг гараад зоригтой хөдөлсний үр дүн байхгүй юу.
-Амгалан гуравдугаар төрөх нээлтээ хийсэн бил үү?
-Тэгэлгүй яахав. Монгол Улсын хүн ам гурван сая болчихлоо гээд баярлаж байсан ч үнэндээ төрөх эмнэлгүүдийн ачаалал хүнд байсан юм шүү дээ. Өмнө нь улс мөнгөтэй хэдий ч нэг ч төрөх эмнэлэг барьж ашиглалтад оруулаагүй. Харин Амгалан төрөх эмнэлэг бол Монголдоо байхгүй тоног төхөөрөмжтэй төрөх эмнэлэг. Энэ эмнэлгийг 2015 онд ашиглалтад оруулан хүлээлгэж өгсөн. Сүүлийн 20 гаруй жилд улс мөнгөтэй байхдаа ганц эмнэлэг барьчихалгүй юу хийж ирсэн байна аа. Энэ мэтчилэн зүйлсийг харахаар үнэхээрийн ажил хэрэгч он жилүүд байжээ гэж харахаар байгаа юм.
Амгалан төрөхөөс гадна Налайх, Багануур дүүргийн иргэдийг ажлын байраар хангах тал дээр анхаарч ирсэн. Сургууль, цэцэрлэгээс эхлээд бүхий л зүйлээ дайчилж ажиллаж ирлээ. Түүнчлэн Цагаан давааны хогийн цэг дээр хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар Израйл улсын компанитай яриа хэлцэл хийж, Засгийн газартай хэлэлцээнд хүрч ажлаа эхлүүлэхээр боллоо. Монгол Улс анх удаа хог боловсруулах үйлдвэртэй болох боломж нээгдсэн. Хогны менежментийн хуулиа батлуулсан.
-Цэргийн хотхоны байр бил үү, хуучны байруудыг буулган шинээр орон сууц бариулахаар болсон гэж байсан юу болсон бол?
-Баянзүрх дүүргийн Сансар хотхонд хуучны байранд хүмүүс маш хүнд нөхцөлд амьдарч ирсэн. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанитай хамтарч ажлаа эхлүүлсэн боловч хөрөнгө оруулагчид нутаг буцсан. Энэ ажил жаахан хүндрэлтэй байгаа. Э.Бат-Үүл даргатай ярилцан дотоодын компаниудын зээлээр босгох ажил яригдаж байна. Цаашид хуучин орон сууцыг шинэ орон сууц болгох хөтөлбөр хэрэгжинэ. Мөн 740 гаруй өрхийг гэрэл, цахилгаанаар хангагдлаа.
-Энэ удаагийн сонгуулиар эмэгтэйчүүдийн квотын асуудал хөндөгдөж, нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэй байхаар тусгасан. Таны хувьд үүнийг дэмжиж байгаа байх?
-Квот гэхээсээ илүүтэйгээр УИХ бол хууль тогтоох байгууллага. Хууль тогтоох, бодлого боловсруулагч энэ байгууллагад эмэгтэйчүүд адилхан байр суурьтай оролцож байж Монгол Улсын хөгжлийг тодорхойлох учиртай. Хүйсийн харьцааг тэнцүүлдэггүй юмаа гэхэд ойртуулах тал дээр анхаарах ёстой. Иргэд эмэгтэйчүүдээ сонгож УИХ-д оруулахгүй бол болохгүй. Эмэгтэйчүүдийн санаа оноог заавал тусгах шаардлагатай. Ядаж 15 эмэгтэй гишүүн Их хуралд орж ирэх шаардлагатай. Зарим тойрогт АН, МАН-аас эмэгтэйчүүдээ тулгаж оруулсан байна лээ.
Энэ утгаараа эмэгтэйчүүдийн тойрог бий болгосон ч болохоор байгаа юм. Хүчтэй эрчүүдтэй эмэгтэй хүн өрсөлдөх хэцүү. Тиймээс эмэгтэй хүн гарахгүй байх вий гэдэг эмзэглэл байна.