Д аминдэм нь бие махбодод олон чухал үүрэг гүйцэтгэдгийн нэг нь бие дэх кальци, фосфорын солилцоог зохицуулж өгөх явдал юм.
Чухамдаа Д аминдэм байгаа учраас л хоол хүнсээр хэрэглэсэн кальци, фосфор маань яс руу нэвтрэн орж ясны бөх бат байдлыг бүрэлдүүлэх боломжтой болдог гэж ойлгох хэрэгтэй.
Хүүхдийн өсөлтийн хамгийн чухал, эрчимтэй үеүдийн нэг болох 3 нас хүртэлх хугацаанд Д аминдэм дутагдвал рахит өвчин үүсдэг. Рахит гэдэг нь Д аминдэм дутагдалтай байсны улмаас хүүхдийн яс хэлбэржиж, бүрэлдэх хамгийн чухал үедээ бэхжиж чадахгүй болсноос шалтгаалсан өвчлөл бөгөөд яваандаа ийм хэврэг яс маань биеийн жинг дааж чадалгүй муруйж, далийдаг байна.
Ялангуяа Д аминдэм дутмагшилтай хүүхэд хөлд орох үеэс биеийн жингийн гол ачааллыг авч байдаг шилбэний яс ачааллаа дийлээгүйн улмаас муруйж тахийдаг. Хэрэв хүнд хэлбэрийн Д аминдэм дутмагшил байсан бол зөвхөн шилбэний яс төдийгүй нурууны нугалам хүртэл их биеэс ирэх ачааллын улмаас хэлбэр нь алдагдаж мурийх ба ачаалал сээр нуруу орчимд их ирдгээс шалтгаалж бөгтөр нуруутай болох, цээжний хэлбэр алдагдахад хүрдэг.
Рахит өвчний эхэн үед хүүхэд хэт цочромтгой, тайван бус болдог нь уг өвчнийг сэжиглэх чухал шинжүүдийн нэг юм. Учир нь дээр дурдсанчлан Д аминдэм нь цусан дахь кальцийг яс руу оруулах замаар ясны бэх бат чанар бүрэлдэн бий болохыг хангаад зогсохгүй нөгөө талаар цусан дахь кальцийн хэмжээг тогтмол түвшинд барьж байх нөхцөлийг хангадаг.
Цусан дахь кальцийн түвшин хэвийн хэмжээнд байх нь мэдрэлийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой байдаг. Цусан дахь кальцийн хэвийн түвшин алдагдсаны улмаас хүүхэд цочромтгой болдог. Түүнчлэн булчингийн тонуст чанар буюу агших сулрах хүчийг бүрдүүлэхэд кальци чухал үүрэгтэй байдаг ба рахитын үед цусан дахь кальцийн дутмагшлаас шалтгаалж булчин сулрал түүнээс улбаалсан хожуу хөлд орох явдал бий болдог.