Жүдо бөхийн “Чингис хаан” гранпри тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ. Тус тэмцээнийг Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд Азарбайжан, Хорват, Куба, Чех, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, Словани, Люксембург, Казахстан, Киргизстан, Монгол зэрэг 13 орны эрэгтэй 69, эмэгтэй 65, нийт 134 жүдоч өрсөлдөж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо. Энэ өдөр манай жүдочид дөрвөн жинд илүүрхэн алтан медаль хүртсэн бол Японы багаас нэг аварга төрлөө. Эрэгтэй 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин түрүүлж, хоёр жил дараалан тус тэмцээнд аваргаллаа. Мөн эмэгтэй 48 кг-ын жингийн финалд дэлхийн чансааг тэргүүлэгч М.Уранцэцэг, Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг нар үлдээд байсан. Хоёр бөх он гараад гурван удаа таарахад бүгдэд нь Г.Отгонцэцэг хожсон юм. Тэгвэл энэ удаа М.Уранцэцэг өрсөлдөгчөө хожиж, аваргаллаа.
ДҮН:
Эрэгтэй:
60 кг: \10 бөх\
- Алтан медаль: Д.Амартүвшин
- Мөнгөн медаль: Н.Сэр-Од
- Хүрэл медаль: Д.Баярмагнай, Д.Маммадсоя \Азербайжан\
66 кг: \9 бөх\
- Алтан медаль: Д.Алтансүх
- Мөнгөн медаль: А.Батсуурь
- Хүрэл медаль: А.Жереб \Словени\, Асхат Телманов\Казахстан\
Эмэгтэй:
48 кг: \10 бөх\
- Алтан медаль: М.Уранцэцэг
- Мөнгөн медаль: Г.Отгонцэцэг \Казахстан\
- Хүрэл медаль: Б.Хорлоо, Ю.Моризаки \Япон\
52 кг: \11 бөх\
- Алтан медаль: Мако Үчио \Япон, 2014 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл\
- Мөнгөн медаль: Ч.Аззаяа
- Хүрэл медаль: Б.Бат-Эрдэнэ, Т.Сикич \Хорват\
57 кг: \11 бөх\
- Алтан медаль: Л.Энхрийлэн
- Мөнгөн медаль: М.Ишикава \Япон, 2013 оны Азийн аварга\
- Хүрэл медаль: Ким Минжу \БНСУ\, А.Лески \Словени\ тус тус медалийн тавцанд зогслоо.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу маргааш\07.02\ эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Мөн энэ өдөр тэмцээний нээлтийн ажиллагаа 16.00 болно.