Categories
мэдээ цаг-үе

Д.Амарсайханы үхэл хуулийн байгууллагынхны үнэн нүүр царайг илчиллээ

– Түүнийг зүрхний шигдээс буюу инфаркт болсон гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ –


Цагдан хорих 461 дүгээр ангид  хоригдож байсан  Газрын тосны дарга асан Д.Амарсайханыг нас барах хүртэл нь юуны учир эмчилгээ хийсэнгүй вэ. Дээрээс түүнийг эмчлэх шаардлагагүй гэсэн чиглэлийг эмч нарт хэн өгөв.  Энэ олон асуултад олон нийт хариулт нэхсээр байна. Уг хэргийн эргэн тойронд юу болж өнгөрснийг эх сурвалжуудаас авсан мэдээллийн дагуу тоймлон хүргэе.
Тэр өдөр чухам юу болсон бэ?
Тэр өдөр Д. Амарсайхантай уулзахаар  түүний ах Цагдан хорих 461 дүгээр ангид  иржээ. 12.00 цагийн үед тэрбээр ахтайгаа уулзсан байна. Харин дараа нь Д.Амарсайхан өмгөөлөгчтэйгөө уулзах хүсэлт гаргасан  гэнэ. Уулзалт 15.00 цагт болох байжээ. Иймд хорих ангийн хянагч нар Д.Амарсайханыг хүлээлгийн өрөөнд аваачсан байна. Хүлээлгийн өрөө нь өмгөөлөгч, сэжигтэн нарыг уулзуулдаг өрөө. Харин өмгөөлөгч Т.Нямдорж  тухайн үед  өөр хүнтэй уулзаж байсан тул Д.Амарсайхан дээрх өрөөнд өмгөөлөгчөө хүлээгээд сууж байсан аж. Тав орчим минутын дараа Д.Амарсайханы орилох чимээ гарсан байна. Хянагч нарыг очиход талийгаач газар уначихсан “Би үхлээ” гэж хэлсээр ухаан алджээ. Энэ түүний сүүлчийн үг байсан аж.  Талийгаачийг ухаан алдсаны дараа өмгөөлөгч Т.Нямдорж өрөөнд орж ирж, араас нь  хорих ангийн эмнэлгийн эмч нар ирж, Д.Амарсайханд хиймэл амьсгаа хийж, яаралтай тусламж үзүүлсэн боловч сэхэл аваагүй гэнэ. Талийгаач 16 цагийн орчим  нас барсан гэж Цагдан хорих төвийн эмч нар хэлж буй юм.

28 хоног сэжигтнээр хоригджээ
2014 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс хойш нийтдээ 28 хоног Д.Амарсайханыг цагдан хорьсон байна.  Энэ хооронд  Д.Амарсайханы эрүүл мэндийг хариуцсан  хорих эмнэлгийн  эмч  талийгаачийг  найман удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулсан гэнэ.  Мөн биохимийн шинжилгээ авчээ. Нийтдээ давхацсан тоогоор 25 удаа өмгөөлөгчтэйгөө уулзжээ. Ар гэрийнхэн нь найман удаа эргэж очжээ.

Өмгөөлөгч, шийдвэр гүйцэтгэх газрынхны  өгч буй зөрүүтэй мэдээллүүд
Д.Амарсайханы өмгөөлөгчид арав гаруй удаа  хууль хяналтын болон Цагдан хорих 461 дүгээр анги болон  тус ангийн эмнэлгийн удирдлагад өвчнийх нь онош болон түүхийг хуулбарлан,  эмчлүүлэх шаардлагатай гэдэг хүсэлтийг тавьсан гэдгээ хэлж буй. Харин ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга Б.Амардорж сэтгүүлчдэд  мэдээлэл өгөхдөө “Талийгаачийг цагдан хоригдоод 28 хоног болоход  өмгөөлөгч нь хоёр удаа хүсэлт гаргасан. Нэг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх, нөгөө нь Д.Амарсайханы эрүүл мэндийн байдлын тодорхойлолтыг гаргаж өгөөч” гэсэн. Энэ хүсэлтийнх нь  дагуу бид холбогдох арга хэмжээг авч, хүсэлтүүдийг биелүүлсэн. Гэхдээ тухайн үеийн авсан шинжилгээнүүдийн дүнг харахад зайлшгүй эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй гэсэн дүгнэлт гарсан юм билээ” гэж мэдэгдсэн. Юутай ч ШШГЕГ болон өмгөөлөгч нарын ярьж буй зүйл хоорондоо зөрж байгаа юм. Өмгөөлөгч нар нь талийгаачийг бие муутай байсан. Тархины судасны хатууралтай, тэрнээсээ болж толгой нь  их өвддөг байсан. Тиймээс өвчин намдаах эм уудаг гэж хэлж байв. Харин ШШГЕГ-ынхан талийгаачийг  “Хоригдох хугацаандаа  ямар нэгэн байдлаар биед нь өөрчлөлт гарсан, хүндэрсэн зүйл гараагүй. Өөрөө ч гэсэн хоригдож байх хугацаандаа эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамрагдах талаар санал гаргаж байгаагүй” гэдэг тайлбарыг өгч буй юм.

Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэв
Төрийн онцгой обьек­тод хоригдож байсан Д.Амарсайханыг нас барсан шалтгааныг тогтоохоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангийн Ерөнхий эмч, ахлах дэслэгч Б.Дарханбат “Амарсайханд эмчилгээ хийж болохгүй гэсэн чиг үүргийг дээрээс өгсөн” гэж талийгаачийн ар гэрийнхэнд хэлсэн байдаг.  Дээрээс өгсөн чиг үүргийг аваад эмч хүн өвчтөнд яагаад эмчилгээ хийгээгүй вэ. Үүнд хариулт авахын тулд ийн эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж эхэлжээ. Мөн талийгаачийг батлан даалтад гаргаагүй гэх шалтгааныг хуулийн холбогдох албан тушаалтнууд гаргаж өгч, үндэслэлээ тайлбарлан байцаалт өгөх  болсон байна. Тэднээс мэдүүлэг авсны дараа хэнд нь эрүүгийн хэрэг үүсгэж хариуцлага тооцохоо мөн шийдэх гэнэ.
Талийгаачийн үхлийн шалтгааныг зүрхний шигдээс буюу инфаркт болсон гэж урьдчилсан байдлаар дүгнэж байгаа гэнэ. Зүрхний шигдээсээр Д.Амарсайхан нас барсан ч тодорхой хэмжээгээр эмчийн хяналтанд байж, эмчилгээ хийлгэсэн бол  үхэлд хүрэх аюулд орохгүй байсан тухай учир мэдэх хүмүүс ярьж байгаа юм. Хорих ангийн эмнэлгийнхэн  шинжилгээ хийхэд болон эмчийн үзлэгт найман удаа орсон нь үнэн бол ямар нэгэн байдлаар өвчтөний биеийн аль эрхтэн нь өвдөж буйг мэдэх ёстой. Түүнд нь тохирсон арга хэмжээг эмч авсан бол гэдэг асуудлыг нарийн мэргэжлийн эмч нар  тавьж буй юм байна. Гэхдээ энэ бүхэн шүүх эмнэлгийн дүгнэлтээр удахгүй ил болох биз ээ.
Баянгол дүүргийн цагдаа прокурор, эмч нар задлан хийж байгаа аж. Энэ ажлыг Эрүүл мэндийн яам, Хууль зүйн яамны хамтарсан ажлын хэсгийн хяналтан дор явуулж буй гэнэ. Ар гэрийнхэн нь  шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа энэ асуудлаар холбогдох газруудад хандаж, асуудлыг гаргаж тавих гэнэ. Харин өнөөдрийн байдлаар  хуулийн байгууллагад гомдол гаргаад буй аж.
Зохих ёсны эмчилгээ хийлгэж чадаагүй  нас барсан Д.Амарсайханы үхэл хуулийн байгууллагынхны үнэн нүүр царай ялзралыг илчиллээ. Магадгүй олон хүний амийг ийм аюулд өртөхөөс хамгаалж өөрийнхөө амийг золиосоллоо гэж хэлэх ч хүмүүс байна. Дахин ийм зүйл хэнд  нэгэнд тохиолдуулахгүйн тулд хуулийн салбарын холбогдох албан тушаалтнууд болон эмч нарт хатуу арга хэмжээ авах ёстойг ч хэлж буй юм.

 Д.Тана

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *