Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.
Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХК-д Бүрэн Эрхт Төлөөлөгч(БЭТ) томилсон ажлыг дүгнэж, сунгах эсэхийг хэлэлцсэн. Улмаар сунгах шийдвэр гаргалаа.
Засгийн газар 2022 оны аравдугаар сарын 26-нд “Эрдэнэс Монгол” ХК-д БЭТ томилсон бөгөөд үүнээс хойш тус компани дээр дорвитой өөрчлөлт их гарсан. Тухайлбал, нүүрс олборлолтын хэмжээ нь 2.5 дахин, борлуулалтын орлого нь 3.5 дахин өсөх зэрэг эерэг өөрчлөлт гарсан. Мөн нүүрсийг хил нөхцөлөөр биржээр худалдаалдаг болсон.
Иймд эдгээр эерэг өөрчлөлтийг компанийнх нь засаглалын хувьд хэвшүүлэх, цаашид хүнээс үл хамаарсан нээлттэй, ил тод засаглалыг бий болгох, улам бүр хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Засгийн газрын БЭТ-ийн үйл ажиллагааг сунгах тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар боллоо.
Энэ хугацаа сунгагдвал ирэх зургаан сарын хугацаанд олон улсын мэргэжлийн аудитын байгууллагаар компанийн бүх үйл ажиллагаанд аудит хийлгэх, цаашлаад олон улсын менежмэнт хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарах үүрэг даалгавар авсан.
Дөрөвдүгээр сарын 11-нд Монгол Улсын түүхэнд анх удаагаа Гашуунсухайт боомтоор хамгийн өндөр буюу 260 мянган тонн нүүрс гаргалаа. БЭТ томилж байх цаг үед өдөртөө хамгийн ихдээ 160 мянган тонн нүүрс гаргадаг байв” гэлээ.