“Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүтцийг шинэчилж, 88 орон тоонд сонгон шалгаруулалт зарлах гэж байгаа талаар танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Монгол” компани 89 орон тоотой, 7 газар, 7 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Өнөөдөр томилогдсон гүйцэтгэх захирлыг оролцуулахгүйгээр 88 орон тоонд сонгон шалгаруулалт хийх шийдвэр гарсан. Ур чадвартай мэргэжилтэнтэй, цалин хангамжийн хувьд Монголдоо топ компани байх учиртай.
Ахлах менежер буюу бидний хэлдгээр газрын даргын албан тушаалыг хасаж байна. Энэ компанид газрын дарга гэж байхгүй, ахлах менежер удирдана. Өнөөдөр ажиллаж байгаа хүмүүс хэвээрээ байгаа. Гэхдээ бүтэц өөрчлөгдөөд тусгай мэргэжил шаардсан ажлын байрууд бий болж байна. Одоо ажиллаж байгаа ажлын байр нь байхгүй болсон албан хаагчдад чөлөөлөгдөх мэдэгдлийг “Эрдэнэс Монгол” компанийн зүгээс өгнө.
Сонгон шалгаруулалтын хугацаа:
- 2023 оны нэгдүгээр сарын 2-16-ны өдрүүдэд бүртгэл явагдана.
- 2023 оны нэгдүгээр сарын 21, 22-нд тестийн шалгалт
- 2023 оны нэгдүгээр сарын 23-28-ны өдрүүдэд нүүр тулсан ярилцлага хийгдэнэ.
Тавигдах шаардлага:
- Боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Нэг болон түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх
Ахлах менежерт тавигдах шаардлага:
- Улсад 8 болон түүнээс дээш жил ажилласан байх
- Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил жил ажилласан байх.
Харин мэргэжилтэнд ажилласан жилийн шаардлага тавихгүй мэдлэг, ур чадварыг үндэслэнэ.
Ажлын байранд бүртгүүлсэн иргэдээс хууль эрх зүй, хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр тестээр шалгалт авна. 1,000 орчин боловсон хүчин бүртгэгдэх байх гэж харж байна.
Шалгалтыг их, дээд сургуулийн профессоруудыг зөвлөхөөр оролцуулж, төрийн албаны зөвлөлийн шалгалтын системд суурилан зохион байгуулна. Нэгдүгээр шатанд болзол хангасан иргэдийг хоёрдугаар шатны буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар нүүр тулсан ярилцлагад оруулна.
Ярилцлага авах комисс их, дээд сургуулийн профессорууд, иргэдийн төлөөлөл, улс орондоо үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа томоохон групп, компаниудын төлөөлөл, МҮХАҮТ, төрийн төлөөлөл зэрэг 9 хүний бүрэлдэхүүнтэй байна.
Хоёрдугаар сарын 1-нээс тус компани олон нийтийн дундаас шалгарсан багаа бүрдүүлж, үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Цаашлаад Эрдэнэс Монгол компанийн 30 гаруй охин компанийн бүтцийг яг ийм зарчмаар ирэх оны эхний хагас жилд зохион байгуулна.
Төрийн өмчийн компаниудад улс төрийн намын болон танил талын хүнээ ажилд оруулах буюу “шахааг” зогсоох ажлыг хийнэ” хэмээн танилцууллаа.