Categories
мэдээ цаг-үе

Д.Алтанхуяг: Шинэ жилийн бүхий л үйл явдал Цөмөөхэйн тайзан дээр өрнөдөг

МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуягтай ярилцлаа.


-“Цөмөөхэй” балет анх хэдэн онд, хаана тавигдсан бэ?

-1816 онд Германд анх тавигдсан. Дараа нь 1892 онд Оросын Санкт-Петербург хотноо тавигдсан. Анхандаа тийм ч алдартай байгаагүй гэж сонсогддог. Яваандаа хөгжмийн зохиолчоороо дамжуулан алдартай болсон. Хөгжмийн зохиолч нь П.И.Чайковский гэж алдартай хүн бий шүү дээ. Тэр хүн яг балетад зориулж хөгжмийг нь бичсэн. Түүний бичсэн балетийн зохиолууд нь “Нойрсож буй гоо бүсгүй”, “Хунт нуур” гээд дэлхийд алдартай зохиолууд бий. Тэрбээр “Цөмөөхэй”-г балетад зориулан бичсэний дараа дэлхийд гэр бүлийн баяр болтол нь түгээж чадсан. Ялангуяа Америкад шинэ жилээр тоглодог тоглолт, бүр уламжлал болтол нь бичиж чадсан. Манайд тавьж байгаа “Цөмөөхэй” Английн дизайнаар тавьж байгаа. Зохиол өөрөө Германы нэгэн тосгонд болж байгаа үйл явдал. Үүгээр Монголд ч, Японд ч, Америкт ч шинэ жилээ хийдэг.

-Дэлхийн хэдэн улс оронд “Цөмөөхэй” балет тавигддаг юм бэ?

-200-аад улс. Балеттай бүх орон тавьдаг. Балетын бүх сургуулиуд тодорхой хэмжээний өөрсдийн түвшиндээ таарсан тавилтаар тавьдаг. Бүх театрууд тавьдаг. Дэлхийн томоохон театрууд бол маш нарийн найруулгаар тавина л даа. Манай Дуурь бүжгийн эрдмийн театр дэлхийн хэмжээний тавилтаар тавихыг зорьдог. Манайд бол Бостон балетаас авсан шүү дээ. Тайз, дикраци, хувцас хэрэглэл нь.

-Тэгэхээр “Цөмөөхэй балетчидын хувьд бас нэгэн шалгуур болж өгдөг байх нь ээ?

-Мэргэжлийн балетын бүжигчид “Та хамгийн анх ямар балетад тоглосон бэ” гэвэл “Цөмөөхэй”-г л хэлнэ. Тэгэхээр балетчин бүрийн заавал давах ёстой хамгийн эхний шалгуур нь гэж би хэлнэ.

-Монголд “Цөмөөхэй” хамгийн анх хэдэн онд тавигдаж байв?

-1982 онд хамгийн анх Шелкунчик нэртэйгээр Оросын тавилтаар тавьж байсан. Одоо найруулга, тавилт нь өөрчлөгдөөд зургаа дахь жилдээ тоглох гэж байна. Нэр нь хүртэл Цөмөөхэй болж өөрчлөгдөөд, найруулга нь ч Оросын тавилтаар биш болсон л доо. Урьд нь Шелкунчикд 20-иод хүүхэд тоглодог байсан бол одоо “Цөмөөхэй”-д 200-аад хүүхэд тоглодог болох хэмжээний болж өөрчлөгдсөн. Тэгэхээр Монголын сонгодог урлагт тодорхой хэмжээний өөрчлөлтийг авч ирсэн. Маш олон хүүхэд балетаар хичээллэх сонирхолтой болж байна. Дан хүүхэд ч биш насанд хүрэгчид хөгжим сонсох, бүжиглэх дуртай болж байна. Өөртөө таарсан дасгалыг хийгээд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой.

-200 хүүхэд тоглодог гэхээр бүгд балетаар хичээллэдэг хүүхдүүд байдаг уу?

-Үгүй. Балетад дуртай сонирхдог, балетчин болохыг хүссэн хүн бүхний өмнө “Цөмөөхэй” балет нээлттэй. Хүүхэд ч гэлтгүй насанд хүрсэн хүн ч ирээд дүр авах боломжтой. “Цөмөөхэй”-д нэг минут ч хүрэхгүй хугацаанд ганцхан барилтаар зогсоод өргүүлээд гарах баримлын дүр ч бий. Тэр дүрээс эхлээд балет эхлэн сурч байгаа хэн бүхэнд тохирох олон дүр бий.

-Балетын ач тус, хүмүүст өгөх үр өгөөжтэй тал нь юу вэ?

-Балетын урлаг биеийг өв тэгш хөгжүүлдэг. Бага наснаасаа эхлэн хичээллэсэн бол биеийн өв тэгш хөгжилтэй, эрүүл саруул байдаг. Насанд хүрсэн хүмүүс ч одоо балетаар хичээллэхээс оройтсон гэж бодож болохгүй. Балетаар хэдэн ч наснаасаа хичээллэж болно. Эрүүл мэнд, биеийн хөгжил талаасаа балет маш их ач холбогдолтой.

-Ер нь яагаад “Цөмөөхэй”-г шинэ жил болгоноор тоглодог юм бэ. Шинэ жилтэй юу нь холбогдож байна вэ?

-Та арванхоёрдугаар сарын 31-нд юу хийдэг вэ? (Би гэртээ гэр бүлийнхэнтэйгээ ширээ засаад аз жаргалтайгаар шинэ оноо л хүлээх байх даа) Яг үнэн. Түүн шиг гэртээ гэр бүлээрээ найз нөхөд ирээд л, бие биетэйгээ сайхан ярьж хөөрөлдөөд, бие биедээ бэлгээ өгөөд, хүүхдүүд сүлд модоо тойрч хөгжилтэй дуулж, бүжиглэж инээлдээд, бэлгээ нэг нэгэндээ үзүүлдэг шүү дээ. Клара гэж гол дүрийн охин мөрөөдөөд л, цас ороод цасан ширхэгүүд бүжиглээд, цасны хаан хатан ирээд, цаа буга яваад, амттаны оронд очоод орон орны бүжиг хийгээд, өөрөө дунд нь бүжиглээд тэгж сайхан дүрслэгдсэн зүйл шинэ жилтэй холбогдохгүй гээд яахав. Энэ бол сонгодог бүтээл. Яг л шинэ жилийн бүхий л үйл явдал тайзан дээр өрнөдөг. Үүнийг үзээгүй хүн нэг ирээд үз. Тэгээд боллоо биш ээ. Нэг үзээд битгий боль. Сонгодог урлаг, амьд зүйлийг үзэх тусам таны уураг тархинд юу бодогддогийг мэдэр. Сонгодог урлагийг нэг үзээд хүн хэзээ ч ойлгодоггүй. Үзэх тусам, дахин давтан үзэх тусам тэр ая эгшиг, тэр тайз засал, тэр хөгжим оркестр юу хэлэх гээд байгааг ойлгодог.

-Та өөрөө найруулаад гол дүрд нь тоглож байгаа. Өөрөө найруулаад, тоглоно гэхээр ямар авьяас чадвар шаарддаг вэ?

-Чадвар гэхээсээ илүү хариуцлага шаардагдана. Хэцүү хэцүү. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд хичээж л байна. Нэг бүтээлийг хийхийн тулд маш олон хүний хүч хөдөлмөр орно. Маш олон зуун хүн ард нь ажилладаг. Зөвхөн “Цөмөөхэй”-д л гэхэд 500-гаад хүний хүч хөдөлмөр орж байна. Тэр болгонд хүрч ажиллана гэдэг гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй маш олон зүйл явж байгаа.

С.ОТГОН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *