Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, доктор, профессор, вируслогч П.Нямдаваа коронавируст халдвар (COVID-19)-тай тэмцэх багийн зөвлөхөөр ажиллаж байна.
Тэрбээр Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзаж, “COVID-19”-тэй тэмцэхэд хэрэгжүүлэх ажлын талаар ярилцжээ. Уулзалтаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний удирдамж, зааврыг нэгтгэн гарын авлага гаргаж эмч мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнуудад хүргүүлэхээр тогтлоо. Түүнчлэн Томуугийн тандалтын үндэсний сүлжээг ашиглан хүн амын дунд коронавируст халдварын тандалт судалгааг үргэлжлүүлэх улмаар бүх шинжилгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лавлагаа лабораторид баталгаажуулж байхыг зөвлөжээ. Уг сүлжээг АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвтэй хамтран 2004 онд байгуулжээ. Мөн тэрбээр эрүүл мэндийн бүх байгууллагын коронавируст халдварын үеийн бэлэн байдал, эмч мэргэжилтнүүдийн сургалт, ажлын байрны дасгал сургуулилт зэрэг цогц үйл ажиллагаатай ойрын хугацаанд танилцах боллоо.