Categories
мэдээ нийгэм

COVID-19: Эдгэрсэн хүн дахин халдвар тараах эрсдэлтэй

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол дэлхий даяар нэмэгдэж, энэ халдвараас урьдчилан сэргийлэх тарилга хараахан олонд хүртээлтэй болж амжаагүй байх үед энэ вирусээс болгоомжлох өөр нэг шалтгаан талаар Оросын Ерөнхий эрүүл ахуйч эмч анхааруулжээ.

COVID-19 вирусийн халдвар аваад эмчлэгдсэн ч дахин 90 хоногийн туршид халдвар тараах эрсдэл бий гэж ОХУ-ын Ерөнхий эрүүл ахуйч эмч Анна Попова мэдэгджээ. Түүний өгүүлснээр, эмчлэгдээд гарсан вирус тээгчид өвчлөлийн шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол ч гарах бөгөөд Орост халдварын тохиолдлуудын талл орчим хувь нь шинж тэмдэггүй эсвэл шинж тэмдэг бага илэрсэн өвчлөлүүд байсан гэнэ.


“ОХУ-д эмчилгээний дараа 48 хоног хүртэлх хугацаагаар ажиглаж байна. Харин хилийн чанадад ажиглалтын хугацаа 90 хүртэлх хоног. Хүнд ямар ч шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал нь маш сайн байсан ч хамарнаасаа вирус ялгаруулж байдаг” хэмээн Анна Попова мэдэгджээ.

Энд дуулгахад, коронавирус уушгинд үүрд үлдэж болзошгүй гэсэн дүгнэлтийг өмнө нь Хятадын эрдэмтэд хийж байлаа. Тодруулбал, халдвар аваад эдгэрсэн өвчтөнүүдийн уушгинд COVID-19 вирусийн жижиг хэсгүүд амьдарсан хэвээр байж болзошгүйг Хятадын эрдэмтэд энэ оны дөрөвдүгээр сард илрүүлж байв. Тухайн үед Хятадад 78 настай өвчтөн эмэгтэй COVID-19 вирусийн халдвар авч, бүрэн эмчлэгдээд эмнэлгээс гарсан ч удалгүй нас барсан тохиолдол бүртгэгджээ. Түүнийг эмнэлгээс гаргахын өмнө COVID-19 вирус илрүүлэх шинжилгээг гурван удаа хийсэн бөгөөд тухай бүрт хариу нь сөрөг гарч байсан гэнэ. Гэтэл эмэгтэй эмнэлгээс гарсныхаа маргааш өдөр нь гэнэт нас баржээ. Улмаар задлан шинжилгээ хийхэд зүрхний шигдээсээс болж нас барсан нь тогтоогдсон байна. Гэхдээ нарийвчлан үзлэг хийхэд түүний уушгинд вирусийн жижиг хэсгүүд үлдсэн нь тодорхой болсон бөгөөд оношлуур үүнийг тогтоож чадаагүйн дээр өвчний шинж тэмдэг огт илрээгүй байсан гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *