“Исламын улс” зэвсэгт бүлэглэл Оросын тагнуул гэж нэрлэсэн эрэгтэйг цаазалж буй бичлэгийг цацжээ. ОХУ-ын ерөнхийлөгч болон ард иргэдэд заналхийлсэн энэхүү дүрс бичлэгт хутга барьсан зандалчин “Та нар эх орондоо тайван байхгүй. Энд хийсэн бүхний чинь хариуг эргүүлэн барина. Хөвгүүдийг чинь хөнөөж, гэр орныг чинь устгана” гэжээ.
Өмнө нь “Исламын улс” бүлэглэл Сирид агаарын цохилт хийсний хариуд ОХУ-д цуст халдлага үйлдэнэ хэмээн заналхийлж байв. ОХУ нь өнгөрсөн есдүгээр сараас хойш Сири дэх исламын хэт даврагчдын байршилд агаараас цохилт өгч байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Оросын байлдааны онгоц Сирийн хойд хэсэгт исламын хэт даврагчдын нефтийн цувааг бөмбөгдөөд буцаж явахдаа Туркийн армийн “дайралтад” өртөн сүйрсэн билээ.
“Исламын улс” Сири, Иракийн газар нутгийн нэлээд хэсгийг эзлэн, исламын халифатыг тунхагласнаас хойш олон орны иргэд хэт даврагчдын бүлэглэлд элсэх болсон юм. “Исламын улс” бүлэглэлд нэгдсэн гадаадын орны иргэдийн дунд орос иргэд цөөнгүй байгаа юм.