Хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хууль, тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцууллаа.
Нийтийн сонсголын тухай хуулиар Улсын Их Хурал нийтийн сонсгол зохион байгуулах болсонтой холбогдуулан Улсын Их Хурал, Байнгын болон дэд, түр хороод нийтийн сонсгол зохион байгуулах дэгтэй болох, мөн хуулийн 18.7-д Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны сонсголын журмыг батлахаар заасантай холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журам батлан гаргах зайлшгүй шаардлага гарч байгаа аж. Тиймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Улсын Их Хурал, Байнгын болон дэд, түр хороодод хууль тогтоомжийн, томилгооны, ерөнхий болон төсвийн хяналтын сонсголыг хэрхэн зохион байгуулах, сонсголын хуралдааны журам, дэгийг зохицуулсан бүлэг шинээр нэмэхтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан байна.
Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай тогтоолын төслийн талаар аймгуудын иргэдийн хурлын Төлөөлөгчид, Засаг дарга нар, төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцүүлэг зохион байгуулж зарим саналыг төсөлд нэгтгэн тусгажээ.
Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хавсралтаар Нийтийн сонсгол зохион байгуулах журмыг тогтоох бөгөөд уг журам нь нийтлэг үндэслэл, сонсгол зохион байгуулах үндэслэл, сонсголын бэлтгэлийг хангах, сонсгол зохион байгуулах гэсэн хэсгүүдээс бүрдэж буй бөгөөд уг журам нь Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагаас нийтийн сонсгол зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулах юм байна.
Эдгээр хууль, тогтоолын төсөл батлагдсанаар Нийтийн сонсголын тухай хууль хэрэгжих нөхцөл бүрдэж, хууль хоорондын уялдаа холбоо хангагдаж, нийтийн сонсгол зохион байгуулах үүрэг бүхий этгээдүүд сонсголыг зохион байгуулах нэгдсэн стандарт, дэгтэй болно хэмээн танилцуулгад дурдсан.
Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн болохыг УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар мөн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа
Мөн өдрийн хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн.
Хуулийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулсан.
Тэрбээр, Олон улсын гэрээний тухай хуулийг 1993 онд баталж, 1998, 2012 онд тодорхой нэмэлтүүд оруулсан байдаг. Тус хуульд Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцоор зөвшөөрсөн олон улсын гэрээ байгуулах аргуудыг бүрэн тусгаагүй, Монгол Улс нэгдэн орох, соёрхон батлах зэрэг хоёр аргаар олон улсын гэрээг байгуулж байгаа, олон талт гэрээнд нэгдэн орох процедурын зааг ялгааг нарийвчлан гаргаагүй, хуулийн үйлчлэх хүрээ тодорхойгүйн улмаас олон улсын хувийн эрх зүйгээр зохицуулах зарим гэрээний орчуулгын хяналтыг хийх субъект тодорхойгүй, олон улсын гэрээ үйлдэх хэл, гэрээний орчуулга хийх, орчуулгын хяналт хийх харилцааны зохицуулалт бүрхэг учраас бүх гэрээний орчуулгыг Гадаад харилцааны яам хянан баталгаажуулдаг зэрэг хууль зүйн болон практик шаардлагад үндэслэн Олон улсын гэрээний тухай 1993 оны хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн УИХ-д мэдүүлсэн.
Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, баталсан. Тус хуулийн 37 дугаар зүйлд 2017 оны 1 дүгээр сарын 1- ний өдрөөс дагаж мөрдөнө хэмээн заажээ.
Хуулийн төслийг батлагдсантай холбогдуулан Олон улсын гэрээний тухай 1993 оны хуулийг хүчингүй болгох шаардлагад үндэслэн хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсрууллаа гэлээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдээс санал гараагүй хэмээн УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа тус байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулах үеэр хэлсэн юм.
Олон улсын гэрээний тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Л.Энхболд, Ж.Энхбаяр, Ц.Даваасүрэн, Ц.Нямдорж, Д.Тэрбишдагва, Т.Аюурсайхан нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Болорчулуун, Н.Оюундарь нар байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Пүрэвдорж УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэж буй асуудлаар 5 хоногийн завсарлага авч буйг мэдэгдсэн учир хэлэлцүүлгийг хойшлууллаа.
Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм.
Дипломат албаны бодит нөхцөл байдлыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2014 оны 6 дугаар сард хэлэлцэж, энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн байдаг. Энэ дагуу Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд хилийн чанадад төлөөлөгчийн газраа нээх, төлөөлөгч томилохыг хязгаарласан зохицуулалтыг төсөлд тусгасан байна.
Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа 3 жил байсныг 4 жил болгон өөрчлөхөөр тусгажээ. Практикт дипломат ажилтнууд ажиллах улсдаа очоод төвхнөх, суугаа орныхоо төр, засгийн албаны хүмүүстэй албаны болон ажилд эерэгээр нөлөөлөх хувийн харилцаа тогтоох, ажилтайгаа танилцах, үйл ажиллагаа жигдрэх зэрэгт багагүй хугацаа ордог. Иймд 4 жил хамгийн тохиромжтой бөгөөд томилолтын хугацааны олон улсын жишиг 4 жил байдгийг харгалзсан аж.
Хувийн хэвшилд ажиллагсдын цалин хангамжтай харьцуулахад төрийн албаных өрсөлдөхүйц хэмжээнд хүрэхгүй, үүний улмаас дипломат албанд ажиллах мэргэжлийн, ялангуяа хэлний өндөр мэдлэгтэй залуу ажилтнууд хувийн хэвшилд шилжин ажиллах нь ихэсчээ. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор дипломат албанд ажиллагсдын, ялангуяа Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлага бий болжээ. Энэ хүрээнд хилийн чанадад ажиллагсдын цалин хөлсийг 3 жил тутамд Засгийн газраас шинэчлэн тогтоож байх, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг нийгмийн баталгааны зохицуулалтыг төсөлд нэмж тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийн 300 орчим мянган ам.долларын зардал гарах боловч энэхүү зардлыг 2017 оны 6 дугаар сараас хаахаар төлөвлөж байгаа 4 дипломат төлөөлөгчийн газрын санхүүжилтийн зардлын хэмнэлт, мөн томилохгүй царцаах орон тооны санхүүжилтийн зардлын хэмнэлтээс шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардахгүй аж.
Дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.
Хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь хуулийн төсөлд дипломат ажилтны томилолтын хугацаа 4 жил байхаар тусгасныг 2-4 жил гэж өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хуулийн төсөлд өөрчлөн найруулахаар тусгасан 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн найруулгыг хэлэлцүүлгийн явцад анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар хуулийн төслийг дэмжиж, Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гишүүдийн гаргасан саналыг тусган ойрын хугацаанд өргөн мэдүүлэх гэсэн саналыг тус тус гаргасан хэмээн УИХ-ын гишүүн Н.Оюундарь тус байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулах үеэрээ дурдсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Тэрбишдагва, Л.Болд, Д.Цогтбаатар, С.Дэлгэрсайхан нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Л.Болд, Н.Оюундарь, Д.Тэрбишдагва, З.Нарантуяа, Ж.Энхбаяр нар байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.