Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Үнэ төлбөргүй хууль зүйн туслалцааг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчаар хязгаарлахгүй DNN.mn

Улсын Их Хурлын 2022 оны Хаврын чуулганы зургаадугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, эцэслэн батлахад бэлтгэх ажлыг Хууль зүйн байнгын хороонд даалгасан.

Эцэслэн батлахад бэлтгэсэн тус хуулийн төслийг өнөөдөр буюу УИХ-ын 2022 оны хаврын чуулганы долоодугаар сарын 01-ний өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, нийт хуралдаанд оролцогчдын 84 хувь нь дэмжиж, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр эцэслэн баталлаа.

Тус хуулийн төсөлд төрөөс төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж буй хууль зүйн туслалцааг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчаар хязгаарлахгүй.

– Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэг /хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг/, 16 дугаар бүлэг /хүүхдийн эсрэг гэмт хэрэг/-т заасан гэмт хэргийн арван найман насанд хүрээгүй хохирогч,

– Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, 13.1 дүгээр зүйл /хүн худалдаалах/-т заасан гэмт хэргийн төлбөрийн чадваргүй хохирогч, эсхүл хохирогч хүүхэд,

– Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон газар өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн төлбөрийн чадваргүй оролцогч, түүнчлэн гэмт хэргийн гэрч хүүхэд,

– Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйл /гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих/, 6.20 дугаар зүйл /хүүхдийн эрхийг зөрчих/-д заасан зөрчлийн улмаас эрх нь зөрчигдсөн болон Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан эрсдэлт нөхцөлд буй хүүхдэд үзүүлэхээр тогтоож, хамрах хүрээг өргөжүүлсэн.

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар дээр дурдсан иргэдийн “Монгол Улсын Үндсэн хууль”-д тусгагдсан “Хууль зүйн туслалцаа авах” эрх бүрэн хангагдаж, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг тэгш, хүртээмжтэй хүргэх хууль, эрх зүйн орчин бүрдэж байна.

Хуулийн хамрах хүрээг өргөжүүлснээс гадна үйл ажиллагааг гардан хэрэгжүүлдэг УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧ-ийн цалин хөлсийг Прокурорын албан тушаалын цалинтай дүйцэхүйц байхаар тусгасан нь албан хаагчийн нийгмийн баталгааг бодитойгоор хангасан том алхам байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *