Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлж байгаа юм.Тухайлбал, улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн заалтыг гишүүд дэмжихгүй байгаагаа хэлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Өнгөрсөн 30 жилийн улс төрийн нөхцөл байдалд үнэлгээ дүгнэлт өгөөд магадгүй ирэх 20-30 жил Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монгол Улсын хөгжилд ямар нэмэр болох вэ гэдэг үндсэн чиглэлд энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийг хийж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дотор зайлшгүй анхаарал хандуулж, зохицуулах цаашдаа Монгол Улс парламентын засаглалыг илүү төлөвшүүлье гэж байгаа бол парламентад суудалтай улс төрийн намуудынхаа төлөвшлийг хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр илүү тодорхой болгох шаардлагатай байна. Монголд өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намуудын үйл ажиллагаанд нь гэрэл гэгээ, итгэл үнэмшил тусгасан зохицуулалтуудыг хийж өгөх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Миний зүгээс хуулийн төслийг сайжруулах чиглэлд 15 зарчмын зөрүүтэй санал гаргасан. Тухайлбал намуудын үйл ажиллагаатай холбоотойгоор нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахыг Үндсэн хууль заахаар оруулж байгааг дэмжихгүй байна. Тиймээс хасах санал оруулсан. Одоогийн улс төрийн намууд аймаг намын хороотой, суманд мөн намын хороо багуудад намын үүр ажилладаг. Өөрөөр хэлбэл энэ нь маш нүсэр бүтэц. Гэтэл Үндсэн хуулиар нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэж тусгавал одоогийн намуудын үйл ажиллагааны нүсэр бүтцийг хуульчилсантай адил болж хувирна. Энэ нь улстөржилтийг улам дэвэргэж жижиг намуудын хөгжлийн төлөвшлийг хаана. Улс төрийн олон намын тогтолцооныхоо эсрэг заалт оруулж болохгүй. Мөн эвлэлдэн нэгдэх гэсэн суурь үзэл баримтлалтай зөрчилдөж байна. Улс төрийн сонгуулиудад оролцдоггүй зэрэг асуудлыг Сонгуулийн тухай хуулиараа зохицуулах бүрэн боломжтой.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг саналыг дэмжиж байна. Өнөөдрийн нийгэмд улс төрийн намуудыг үнэлэх үнэлэмж, иргэдийн хандлага ямар болсныг, нийгмээ хэрхэн хагалан, хувааж байгааг, улстөрчид ёс суртахууны доройтолд хэрхэн орсныг харж байна. Тиймээс улс төрийн намуудын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, нээлттэй, санхүүжилтийг олон нийтэд ил тод болгох зэрэг асуудлыг Үндсэн хуульд тусгах шаардлагатай. Ер нь намуудад тавих шаардлагыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаагаар нь харахаас өөр аргагүй.