Categories
мэдээ нийгэм

Чуулган: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы арван нэгдүгээр сарын 19-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны үеэр дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын цаг дууссан. Өнөөдрийн хуралдаанаар уг төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж зарчмын зөрүүтэй 41 саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв.

Тухайлбал, төсөлд “”кибер орон зай” гэж интөрнэт болон бусад мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, тэдгээрийн ажиллагааг хангах мэдээллийн дэд бүтцийн харилцан хамааралтай цогцоос бүрдсэн биет болон биет бус талбар;” гэсэн агуулгатай 4.1.2 дахь заалт, ““төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ” гэж төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох, кибер аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нэгдсэн дэд бүтэц бүхий төрийн интернэт хэрэглээ, албан болон тусгай хэрэглээний сүлжээний цогцыг;” гэсэн 4.1.16 дахь заалт, мөн “Кибер аюулгүй байдлын зөвлөл” гэсэн 11 дүгээр зүйл нэмэхийг Улсын Их Хурлын гишүүд тус бүрд нь дэмжив. Мөн төслийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг хасах, төслийн 19 дүгээр зүйлд “Бусад хуулийн этгээд кибер халдлага илрүүлэх, таслан зогсоох үйл ажиллагаа явуулахдаа энэ хуулийн 10.1.4-т заасан холбогдох шаардлагыг хангасан байна” гэсэн агуулгатай 19.2 дахь хэсэг, 18 дугаар зүйлд “Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн систем хариуцсан байгууллага” гэсэн агуулгатай 18.1.16 дахь заалт нэмэхийг дэмжих томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ийнхүү Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Үдээс хойш иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *