Categories
мэдээ цаг-үе

Чөтгөр сэтгэлд л байдаг

Хүрээний лам хөвгүүдийн
тухай нэг домог гэмээр яриа
байдаг. Бусдыгаа айхавтар
шорддог нэг ламхай байж л
дээ. Нэгэн өдөр мань эр нэг
лам хүүг “Чи аймхай биш л юм
бол оршуулгын газарт очоод
хоноод ир” гэж хатгажээ.
Аймхай биш гэдгээ батлахын
тулд өнөөх нь “за” л гэж.
Хүрээнээс холгүй оршуулгын
газар руу хүн явж байгаа нь
андашгүй. Хүрээ хар шөнөөр
хөл үймээнгүй, ажин түжин
болдог учраас ганц хүн алхаж
явахад ноход боорлоод сүйд
болдог байжээ. За тэгээд
өнөө хүү нохой боорлуулаад
оршуулгын газрыг зүглэж дээ.
Өглөө нь үүр цайнгуут нус
нулимсандаа хутгалдсан юм л
ирж гэнэ. Чөтгөрийг харахаар
барах уу л болж. Өнөө
шорддог ламхай бусдынхаа
үйлийг яг ингэж үзжээ.
Эцэст нь оршуулгын газарт
хонож чөтгөрийг нүдээрээ
үзсэн хөвгүүд шордоочийг
“Чи ч гэсэн аймхай биш л
юм бол оршуулгын газарт
хоноод ир” гэж хатгажээ.
Шордооч бантсандаа нохой
шуугиулаад гараад өгч. Очоод
их л эвгүйцэнгүй сууж байснаа
гартаа гурван чулуу атгаад
“Хөөе чөтгөр чи байгаа бол
атган дахь чулууны тоог
хэлээдэх” гэж хашхирчээ.
Гэтэл чихэнд нь “Гурав” гэсэн
үг сонсогдоотхож. Шар үс нь
босоод жигтэйхэн байна гэнэ.
Гартаа дахиад арван чулуу
атгаад “Хөөе одоо таагаадах”
гэтэл мөн л дэргэд нь “Арван
чулуу байна” гэсэн дуу гарчээ.
Айсандаа хөлс нь чийхарч,
дуу нь сааралтсан ламхай
багцаагаараа баахан чулуу
атгаад “Тийм сүрхий юм бол
одоо тоог нь хэл л дээ чи” гэж
хашхирчээ. Харин энэ үед хэн
ч, юу ч дуугарсангүй. Энэ аман
ярианы учир нь тун энгийн.
Хүү эхний хоёр атгалтынхаа
чулууны тоог мэдэж байсан
учир “чөтгөрийн дуу”-г сонссон
байна. Харин сүүлийн удаа
атгасан чулууныхаа тоог
мэдэхгүй учраас хэн ч, юу ч
яриагүй хэрэг л дээ. Бурхан,
чөтгөрийн аль аль нь хүний
сэтгэлд л оршдог гэдэг.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *