РИО-2016 олимпийн наадамд бүтэн багаараа өрсөлдөх эрх олж авах үлдсэн ганц боломжийн төлөө чөлөөтийнхөн мордлоо. Тэмцээн тавдугаар сарын 6-8-нд Туркийн Стамбулд болно.
Эрх олгох сүүлийн тэмцээн болох чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах хоёр дахь шатны тэмцээнд оролцох гурван бөхийн нэрийг Монголын чөлөөт бөхийн холбооноос зарлалаа.
Олимпийн эрхийн төлөө эрэгтэй чөлөөт бөхийн 97 кг-ын жинд ОУХМ Д.Хүдэрбулга, эмэгтэй чөлөөт бөхийн 48 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл, 75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа нарыг өрсөлдүүлэхээр МЧБХ шийдвэрлэжээ. Дасгалжуулагчаар эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эмэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр нар тус тэмцээнд явж байна.
Олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнээс жин тус бүрт алт, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдэд РИО-2016 олимпийн наадамд оролцох боломж олгох юм.
ЭРХ АВСАН ЖИНГҮҮД:
(Одоогоор Монголын шигшээ баг эрэгтэй 5, эмэгтэй 4 жинд эрх аваад байгаа. Чөлөөт бөхийн төрөлд олимпийн эрхийг улсад нь өгдөг тул олимпод оролцуулах тамирчдын нэрсийг МЧБХ-ноос зарлах болно).
ЭРЭГТЭЙ:
57 кг: Э.Бэхбаяр
65 кг: Г.Мандахнаран
74 кг: П.Өнөрбат
86 кг: О.Үйтүмэн
125 кг: Ж.Чулуунбат
ЭМЭГТЭЙ:
53 кг: Э.Сумъяа
58 кг: П.Орхон
63 кг: С.Батцэцэг
69 кг: О.Насанбурмаа