Categories
мэдээ спорт

Чөлөөтийн эрэгтэй баг аман хүзүүдлээ

Казахстан улсын нийслэл Астана хотын “Даулет” спортын цогцолборт “Казахстан улсын Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх олон улсын Ү дахь тэмцээний эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн болж өндөрлөлөө. Эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд Казахстаны хоёр баг, Монгол, Узбек, Энэтхэгийн багууд өрсөлджээ.

Манай баг эхний тойрогт Казахстаны 2 дугаар багтай хүч үзэж 5:3 онооны харьцаагаар хожиж хоёрдугаар тойрогт Казахстаны 1 дүгээр багтай өрсөлдөж Э.Бэхбаяр, Б.Номин /6:6/, М.Ганзориг, О.Үйтүмэн /2:6/ нар ялж Б.Анхбаяр, П.Өнөрбат, Д.Хүдэрбулга /0:2/, Д.Жаргалсайхан /0:10/ нар ялагдаж багаараа 4:4 оноогоор ялагджээ. Дараа нь Узбекийн багийг хожиж Энэтхэгийн багт ялагдаж Хоёрдугаарт байрт орлоо.

Казахстаны 1 дүгээр баг Монголын багийг 4:4, Узбекийн багийг 7:1, Энэтхэгийн багийг 7:1, Казахстаны 2 дугаар багийг 5:3 онооны харьцаагаар хожсон амжилтаар Нэгдүгээр байр эзлэлээ. Казахстаны 2 дугаар баг Энэтхэгийн багийг 5:3, Узбекийн багийг 8:0 багийг онооны харьцаагаар хожиж Монголын багт 3:5, Казахстаны 1 дүгээр багт 5:3 онооны харьцаагаар хожигдож гуравдугаар байрт оржээ.

  • Нэгдүгээр байр Казахстаны 1 дүгээр баг
  • Хоёрдугаар байр Монголын баг
  • Гуравдугаар байр Казахстаны 2 дугаар баг

Олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр, Гавьяат тамирчин Э.Ням-Очир, олон улсын хэмжээний мастер Б.Номин, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр, олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж, олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн, олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга, олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат нарын бүрэлдэхүүнтэй манай баг эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаярын удирдлага дор өрсөлдсөн байна.

Нэгдүгээр байр эзлэсэн багт 15 мянга, хоёрдугаар байр эзлэсэн багт 10 мянга, гуравдугаар байр эзлэсэн багт 5 мянган ам долларын шагнал олгож байгаа юм. Өнөөдөр эмэгтэй багуудын тэмцээн болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *