Чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ энэ сарын 7-15-нд АНУ-ын Лас Вегас хотноо болно. Энэ тэмцээнээс жин бүрт эхний зургаад шалгарсан тамирчин Риогийн олимпийн эрх авах учиртай. ДАШТ-тэй холбоотой мэдээллийг хүргэж байна.
ДАШТ-нд эрэгтэй бөхчүүд 1963 оноос хойш 39 дэх удаагаа оролцож байна, 1982 онд өнжсөн байдаг. Эмэгтэй бөхчүүд 2001 оноос хойш 14 дахь удаагаа тасралтгүй оролцож байна.
Монголын чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-ний эрэгтэй төрлөөр алтан медаль 3, мөнгөн медаль 12, хүрэл медаль 17, эмэгтэй төрлөөр алтан медаль 2, мөнгөн медаль 5, хүрэл медаль 10 нийтдээ алтан медаль 5, мөнгөн медаль 17, хүрэл медаль 27, бүгд 49 медаль хүртээд байна.
ДАШТ-нээс эрэгтэй бөхчүүдээс анхны алтан медалийг З.Ойдов 1974 онд, анхны мөнгөн медалийг Б.Жамсран 1971 онд, анхны хүрэл медалийг Ж.Мөнхбат 1967 онд, эмэгтэй бөхчүүдээс анхны алтан медалийг С.Батцэцэг 2010 онд, анхны мөнгөн медалийг О.Бурмаа 2009 онд, анхны хүрэл медалийг Ц.Энхжаргал 2005 онд авчээ. ДАШТ-нд анх дасгалжуулагчаар О.Цэрэндагва, шүүгчээр Г.Ишням оролцсон байна.
ДАШТ-нээс 3 медаль авсан 4 бөх бий, үүнд З.Ойдов алтан медаль 2, хүрэл медаль 1, Х.Баянмөнх алтан медаль 1, мөнгөн медаль 2, О.Бурмаа 1 мөнгө, хошой хүрэл, О.Насанбурмаа 3 хүрэл аваад байна. Хошой медаль авсан 9 бөх байна, үүнд С.Батцэцэг алт, мөнгөн медаль, Б.Болд, О.Пүрэвбаатар нар мөнгөн медаль тус бүр 2, М.Хойлогдорж, Ц.Нацагдорж, А.Энхээ, А.Наранбаатар нар мөнгө, хүрэл медаль, Т.Мөнхтуяа, Г.Мандахнаран хошой хүрэл медаль хүртээд байна.
ДАШТ-нээс эрэгтэй баг 1971, 1974, 1975, 1985 онуудад тус бүр 3 медаль, эмэгтэй баг 2013 онд 5 медаль авсан нь хамгийн олон медаль авсан ДАШТ болж байна. Эрэгтэй баг 1974, 1975 онуудад тус бүр IҮ байр, эмэгтэй баг 2013 онд II байр эзлэсэн нь хамгийн том амжилтад тооцогдож байна.
Манай эрэгтэй баг 1963 онд Болгар улсын София хотод болсон ДАШТ-нд анх удаа оролцсон, Уг ДАШТ-нд 52 кг-ын жинд Дашзэвэгийн Хашбат, Дандаржамцын Лодой, 57 кг-ын жинд Базарын Сүхбаатар, 63 кг-ын жинд Түзэлийн Зундуй, 70 кг-ын жинд Жигжидийн Мөнхбат, 87 кг-ын жинд Сэрээтэрийн Цэрэн, -97 кг-ын жинд Өлзийсайханы Эрдэнэ-Очир, +97 кг-ын жинд Цэрэндонойн Санжаа нар тамирчнаар, Очирын Цэрэндагва дасгалжуулагчаар, Гомбожавын Ишням шүүгчээр, Нацагийн Тарваа эмчээр, С.Шархүү багийн ахлагчаар оролцжээ.
Манай эмэгтэй баг 2001 онд Болгар улсын София хотод болсон ДАШТ-нд анх удаа оролцсон, Уг ДАШТ-нд 46 кг-ын жинд Цогтбазарын Энхжаргал, 51 кг-ын жинд Найдангийн Отгонжаргал, 62 кг-ын жинд Очирбатын Мягмарсүрэн нар тамирчнаар, Түмэндэмбэрэлийн Сүхбаатар, Чүлтэмсүрэнгийн Раднаабазар нар дасгалжуулагчаар, Адуучийн Басхүү шүүгчээр оролцжээ.
ДАШТ-нд эрэгтэй бөхчүүдээс Х.Баянмөнх 11 удаа, эмэгтэй бөхчүүдээс Ц.Энхжаргал есөн удаа, эрэгтэй багийн дасгалжуулагчаар Ч.Дамдиншарав есөн удаа эмэгтэй багийн дасгалжуулагчаар Т.Сүхбаатар 11 удаа, А.Басхүү 24 удаа шүүгчээр оролцсон нь хамгийн олон удаад тооцогдож байна.