Чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах 35 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлнэ. “Буянт Ухаа” спорт цогцолборт энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх тэмцээнд 22 орны 270 гаруй бөх оролцож байгаа юм.
Монгол Улс 1993 онд Азийн АШТ хүлээж авахад Л.Сэргэлэнбаатар, Ц.Цогтбаяр нар алт, Ц.Хосбаяр, Б.Гантогтох, Б.Баттгтох нар мөнгө, А.Сүхбат, П.Сүхбат, Ц.Баярсайхан нар хүрэл медаль хүртэж багийн дүнгээр хоёрдугаар байрт орж байв. Хамгийн сүүлд 2001 онд АШТ хүлээж авахад Т.Зүүнбаян, Н.Баярмагнай, Г.Өсөхбаяр нар алт, Б.Баятбаяр, Г.Ганхуяг нар мөнгө, Л.Энхбаяр, А.Болдсүх, Н.Бүрэнбаатар нар хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр Ираны ард орж байсан юм. Уг нь 1973 онд Монгол Улсад Ази тивийн АШТ болж, тухайн үеийн олон улсын бөхийн холбооны албан тушаалтнууд ирж байсан ч сүүлд албан ёсны гэж тооцохоо больсон билээ. Тэрхүү тэмцээнд манайхан 10 жинд бүгдэд нь түрүүлж алтан медаль авсан нь үүнд нөлөөлсөн ч байж магадгүй гэж ярилцдаг билээ. ААШТ-ийг анх 1979 онд Энэтхэгийн Жаландар хотод зохиогдсон гэж үздэг юм.
Тивийн АШТ-ээс Иран 419 (212 алт+87 мөнгө+120 хүрэл) медаль хүртэн , тасархай өнгөлдөг бол Япон 128+111+138=377 , БНСУ 85+75+126=286 алт, мөнгө, хүрлийн амжилтаар удаалдаг юм байна.Харин Монголын бөхчүүд 27 алт+76 мөнгө + 102 хүрэл , нийт 205 медаль хүзүүндээ зүүн , “айргийн наймд” давхижээ. Гэхдээ манай тамирчид 1989 оноос л Ази тивийн АШТ-д оролцож эхэлсэн юм. Нийт 22 орон медалийн тавцанд хөл тавьжээ.