Чөлөөт хэвлэл рүү сөхөө сэвээгүй дайрч байна. Үүний нэг жишээ нь Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл. Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн долоо хоногт уг төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж буцаасан.
Ардчиллын үндэс нь чөлөөт хэвлэл байдаг. Чөлөөт хэвлэлийн үндэс нь хувийн хэвлэл мэдээллийн байгууллагууд. Авлигатай тэмцэх нэрээр хувийн хэвлэл мэдээллийг устгах заалтыг уг тогтоолын төслийн тавиад хуудастай материалын хамгийн сүүлийн хуудсанд оруулсан байгаа юм. Төсөл санаачлагч магадгүй авлигын асуудал руу эрхэм гишүүдийг анхаараад эдгээр ноцтой заалт анзаарагдахгүй батлагдчихна гэж бодсон байж болох юм. Авлигын асуудлаархи уг тогтоолын төсөлд хувийн хэвлэл мэдээллийн байгууллагын тухай тоон дотор үсэг гэдэг шиг л оруулчихсан нь хачирхалтай.
“Авлигатай тэмцсэн үйл ажиллагааг хувийн хэвлэлүүд үнэ төлбөргүй нийтэлнэ” гэж чөлөөт хэвлэлийг чөдөрлөх заалтуудын эхнийхэнд байна. Төрийн мэдээллийн нийтийг хамарсан гамшиг үймээнээс бусдыг төлбөртэй нийтэлж байх ёстой. Энэ нь чөлөөт хэвлэлийн оршин тогтнох эдийн засгийн үндэс. Сэтгүүлчдийн ч амьжиргаандаа нэмэрлэдэг гол зүйлийн нэг. Гэтэл төрөөс хувийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын эфирийн цаг, сонины зай талбайг хуульчилж байгаад материал заавал үнэ төлбөргүй нийтлэх юм гэнэ.
Төслийн дараагийн нэг ноцтой заалт нь “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэдтэй хийдэг гэрээг ил тод болгож, урамшуулна” гэжээ. Хувийн байгууллага татвараа төлөөд хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байвал боллоо. Гэтэл хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүстэй хийсэн гэрээгээ ил тод зарлаж байхаар тогтоолын төсөлд тусгаж. Гэрээ нь ил байхад гэрээлэгчид багасч эхэлнэ. Нэг ёсондоо хэвлэл мэдээллийн байгууллагын реклам сурталчилгаа амин зуулга нь байхгүй болно гэсэн үг. Ингээд тэр хэвлэлийн байгууллага дампуурна.
Авлигыг өмнө нь төрийн хэмжээнд ярьдаг байсан бол хувийн хэвшлийг хамаатуулсан нь сэдвээс хазайгаад явчихаж. Авлига гэдэг нь төрийн татвараас цугларсан мөнгийг амин хувьдаа ашиглах, албан тушаал эрх мэдлээ далайлган бусдаас мөнгө, хөрөнгө авахыг л хэлээд байгаа. Хувийн компаниудын хоорондох гэрээ бол авлига биш. Яагаад гэвэл уг хөрөнгө хувийнх. Хүн хувийнхаа хөрөнгийг яаж зарцуулах, яаж өсгөх нь тэр хүний хэрэг. Энэ бол авлигын хэрэгт ордоггүй юм. Энэ бол бизнесийн хамтын ажиллагаа. Харамсалтай нь авлигын асуудлыг өргөн хүрээг хамруулах гэсэн хэтэрхий их хүслээс болоод ардчиллын үндэс болсон чөлөөт хэвлэлийг боомилж, хөрөнгө оруулагчаа ил тод зарлахыг шаарджээ.
Хэвлэл мэдээлэлд хөрөнгө оруулна гэдэг нь Монголын ардчилал эрх чөлөөнд хөрөнгө оруулж байгаа хэрэг юм. Тэр хүн тэр хэвлэлд тийм юм оруулсан гээд баалаад зарлаад байхаар хөрөнгө оруулахаа болино. Хэвлэлийн эрх чөлөө, хувийн чөлөөт хэвлэлийг устгах, эзнийг нь шахах ийм л үйл ажиллагаа олон удаа, олон ч хууль тогтоолд тусгалаа, тусгах гэж оролдлоо.
Мөн төслийн 4.8.9-д “Хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулагч, өмчлөгч эзнийг нээлттэй зарлаж, нэг хөрөнгө оруулагч болон нэгдмэл сонирхолтой этгээдийн оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад хяналт тогтоох боломж бүрдүүлэхгүй байхаар тогтоох” гэжээ.
Үүнийг юу гэж ойлгох вэ. Нэгдмэл сонирхол зорилготой хүмүүс хэвлэл мэдээлэлд хяналт тогтоохоор байж болохгүй гэнэ. Нэгдмэл сонирхолтой этгээд гэж юуг ойлгох вэ. Ардчиллыг хөгжүүлэхэд нэгдмэл зорилготой улс байж болохгүй, улс орноо хөгжүүлэхэд нэгдмэл зорилготой хүмүүс байж болохгүй хэрэг үү. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн хүн өөрийн үзэл бодол итгэл үнэмшилтэй байх, заалтыг зөрчиж байна. Хүн бүр хувийн өмчтэй байх, хүн бүр хуулийн этгээд байна гэсэн Үндсэн хуулийн 2.14.2, 2.16.16,2.16.3 заалтыг зөрчиж байна.
Хэрэв энэ хууль хэрэгжвэл хувийн хэвлэл мэдээлэл байхгүй болно. Эхнэр, нөхөр хоёр гэртээ суугаад вэб сайт ажиллуулдаг, найз нөхөд нийлээд телевиз байгуулдаг ч бүр дурсамж төдий болох нь. Сонирхол нэгдээд байгуулсан л бол хамгийгаа хянуулах нь. Нэгдмэл сонирхолгүй буруу ишилсэн сүх шиг нэг нөхөр хүний хувийн өмч рүү орж заавал тэдний дунд сууж байх нь. Одоогоор Монголд 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байгаа. Эд бүгд хувийнх. Ялангуяа вэб сайтууд хувийн чухал мэдээллийн хэрэгсэл. Хэн ч байгуулаад үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг. Гэтэл энэ бүх хэвлэл мэдээллийг устгах гэсэн заалт дээрх тогтоолын төсөлд багтчихсан, тэр бүү хэл чөлөөт хэвлэлийг чөдөрлөх гурвын гурван чөдөр болсон ноцтой заалт оруулсан байх юм. Хэвлэл мэдээлэл Монголд жам ёсныхоо дагуу л хөгжиж байгаа. Алдаа, оноо аль аль нь бий. Мэдээж зах зээлийн жамаар уншигч үзэгчдийн таашаал хүсэлд нийцэж байгаа нь өсөж дэвжээд, шаардлага хангахгүй нь аяндаа шахагдана. Үүнд ямар нэг хууль тогтоолоор зохицуулах гэх шаардлага ч алга.
Хамгийн эхэнд хэлсэн. Ардчиллын үндэс чөлөөт хэвлэл, чөлөөт хэвлэлийн үндэс нь хувийн хэвлэл мэдээллийн байгууллага. Ардчилал өөрөө улсын маань тусгаар тогтнолын баталгаа. Дээрх заалтууд бол Үндсэн хууль болон бусад хууль, Хэвлэлийн эрх чөлөөний хуулиудтай зөрчилдөж байна. Гэтэл хаанаасаа гэнэт ийм хуулиас давсан тогтоолоруулаад ирэв. Монголын энэ олон чөлөөт хэвлэлийг устгах зорилготой, сайт, телевиз, сониныг үгүй хийхийм заалт оруулж ирдэг нь ямар учир байна.
Монголын хувийн хэвлэл мэдээллийг, цаашлаад мэдээлэл авах эрхтэй иргэдийн эрхийг давхар зөрчсөн маш аюултай тогтоолын төслийг эхний ээлжинд байнгын хорооны хурлаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байгаа. Ирэх баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэнэ. Ард түмнээс сонгогдсон эрхэм гишүүд хуулиас давсан энэхүү тогтоолын төслийн ноцтой заалтуудыг эрх биш хасах байх гэдэгт итгэж байна.
М.СҮЛД