Сэлэнгэ аймаг дахь “Алтанбулаг “ худалдааны чөлөөт бүс 2014 оноос байнгын үйл ажиллагаатай болсоор өдгөө хүрч байна. Хуулиар хориглоогүй бүх худалдаа наймааг энэхүү чөлөөт бүсэд хийх бөгөөд худалдаа хийж буй аж ахуйн нэгж, байгууллага, жижиг дунд бизнес эрхлэгч нарт татварын таатай орчинг бий болгохын тулд Захирагчийн ажлын албаныхан багагүй зүйлийг хийгээд байна.
Худалдааны чөлөөт бүс 500 га орчим газрыг хамардаг бөгөөд тэнд 87 аж ахуйн нэгж, байгууллага худалдаа хийхийг зөвшөөрсөн байдгаас өнөөдрийн байдлаар хориод компани үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.
Чөлөөт бүсээр өдөрт дунджаар 40 гаруй машин, 200 гаруй иргэд үйлчлүүлдэг, Жуулчдын улирал эхэлж байгаатай холбоотойгоор үйлчлүүлэгчдийн тоо ч эрс нэмэгдэж байгаа хэмээн энд үйл ажиллагаагаа явуулдаг компанийнхан ярьцгааж байна.
Чөлөөт бүсийн худалдааны төвүүдийн бараа хямд төдийгүй сонголт ихтэй байдаг нь үйлчлүүлэгчдийг олноор татах гол үндэс болдог ажээ.
Худалдааны чөлөөт бүс ОХУ-ын зах зээлтэй ойр гэдгээрээ онцлог. “Монгол, ОХУ-ын хил орчимтой ойролцоо ОХУ-ын иргэдийн сарын орлого 1000 ам.доллар орчим учраас худалдан авах чадвар сайтай. Бид худалдааны бүсээрээ дамжуулж энэ зах зээлд нэвтрэх нэг гарц болно” гэдгийг “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаныхан онцолж байлаа. 2020 он гэхэд “Алтанбулаг” чөлөөт бүсэд үндсэн дэд бүтцийг бий болгох сүүлийн үе шатны ажил өрнөж, дараагийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний төслүүдийг хэрэгжүүлснээр бүс нутаг төдийгүй Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит үр ашгаа өгч эхлэх юм байна.