Зүүн гар талаас: Гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Ням-Очир, дасгалжуулагч Л.Энхбаяр, О.Пүрэвбаатар, Б.Баяраа, Ц.Цогтбаяр.
Өнөөдөр Монголын Чөлөөт Бөхийн холбоог хууль бус гэж эсэргүүцсээр ирсэн ТҮР ХОРОО-ны төлөөгчид хэвлэлийн хурал зарлалаа. Энэхүү ТҮР ХОРОО-нд чөлөөт бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагч, профессор доктор, олон улсын хэмжээний мастер Б.Баяраа, Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Ням-Очир нар оролцлоо.
МЧБХ-ны хамгийн сүүлийн албан ёсны Ерөнхийлөгч нь 2009 оны 3 сарын 14-ний Их хурлаар 180 төлөөлөгчийн санал хураалтаар сонгогдсон Л.Чинбат бөгөөд энэ хүний болон энэ үед байгуулагдсан удирдах зөвлөлийн эрх хэмжээ нь 2012 оны Лондонгийн олимпийн дараагаар дуусгавар болсон ажээ.
Үүнээс хойш энэ холбоо нь албан ёсны хурлаа хийгээгүй бөгөөд нэр бүхий хүмүүс дүрэм журам зөрчин, бусдын гарын үсгийг хуурамчаар зуран, хуурамч бичиг баримт үйлдэн улсын бүртгэлд бүртгүүлсэн явдлыг эсэргүүцэж хуулийн байгууллагад шалгуулж байгаа. Гэхдээ одоогийн МБЧХ-ны Ерөнхийлөгч, удирдах зөвлөл гэгдэх “сумо бөхийн аварга”, “үндэсний бөхийн аварга”, УИХ-ын гишүүдийг хуулийн байгууллагад хөндлөнгөөс нөлөөлөхийг үгүйсгэхгүй байна хэмээн тэд мэдэгдлээ.
Тэдний гол шаардаж байгаа зүйл нь Чөлөөт бөхийн холбооныхоо Их хурлыг хийгээчээ, албан ёсны ерөнхийлөгчөө сонгоочээ гэсэн зүй ёсны шаардлага байв. Өмнө нь хийсэн ч гэлээ МЧБХ-ны хурлыг яагаад төрийн ордонд хийх гэв, хийлээ гэхэд цайны цагийн дараа удирдах зөвлөлөөс шууд даргаа сонгочихно гэж хэлж байгаа нь юу гэсэн үг вэ, яагаад Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар дүү Батбаярыгаа тавьж байгаа юм бэ гэх мэтчилэн ах дүүсийн сүлжээ энэ холбоонд явагдаад байгаа талаар ярьж байв.
Мөн нэг чухал зүйл хөндсөн нь Г.Мандахнарангийн Риогийн олимпийн хүрэл медалийн төлөөх барилдаан дээр тавхан секунд дутуу байхад тойрч гүйсний төлөө торгож ялагдал хүлээлгэснийг буруу шүүсэн гэж үзэн Олон улсын Арбитрын шүүхэд хандсан байгаа гэнэ. Гэвч шүүхийн зардалд 20 орчим сая төгрөг хэрэгтэй байгаа бөгөөд өмнө нь ийм хэмжээний зардлыг Г.Мандахнаран хувиасаа гаргаж байжээ. Энэхүү шүүх хурал Монголын талд нааштайгаар шийдвэрлэгдэх боломжтой байгаа боловч олон улсын шүүгчээр ажилладаг Б.Төмөрбаатар, Ц.Сэрээтэр нарын хүмүүс гомдол дээр гарын үсгээ зурж өгөхгүй байгаа гэнэ. Монголын талаас заавал эдгээр шүүгчдийн гарын үсэг хэрэг болоод байгаа аж. Гэвч Арбитрын шүүхэд монголчууд ялалт байгуулах боломж байхад энэ хоёр хүний хайнга үйлдлээс болж хойшилчихоод байгаа тухай учирлаж байв.
Хэвлэлийн хурлын дэлгэрэнгүйг дараах бичлэгээс үзнэ үү.
О.ӨНӨР