Казахстаны Алматы хотноо чөлөөт бөхийн Азийн эрхийн тэмцээн өнөөдөр эхэлж, манай эрчүүд 5 жинд хүч үзнэ. Өчигдөр сонгомол бөхийн төрлөөр эхэлсэн тивийн эрх олгох тэмцээнд манай тамирчдаас “Улаанбаатар-2019” 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Мөнх-Эрдэнийн Даваабанди 60 кг-ын жинд хүч үзэв. Манай улсаас энэ төрөлд ганцаараа оролцсон тэрбээр 1/4 шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Тажикистаны Фируз Мирзоржабовтой барилдаж оноогоор цэвэр ялагдлаа.
Түүнийг ялсан тажик залууолимпийн эрхийн буюу хагас шигшээд Хятадын бөхөд ялагдснаар М.Даваабанди дагах барилдаан хийх боломжгүй болжээ. М.Даваабанди нь энэ тэмцээний дараа сонгомол бөхийн Азийн аваргад үргэлжлүүлэн өөрийн үндсэн жин 55 кг-д зодоглох юм.
Өнөөдөр чөлөөт бөхийн төрөлд манай эмэгтэй 5 бөх хүч үзэх бөгөөд 50 кг-д Цогт-Очирын Намуунцэцэг хүч үзнэ. Түүний жинд нийт 5 бөх байгаа бөгөөд тойргоор өрсөлдөж, эхний хоёр байр олимпийн эрхээ авах учиртай. Манай тамирчин эхлээд Энэтхэг, дараа нь БНСУ, Узбекистан, Японы бөхчүүдтэй барилдахаар сугалаа таарчээ.
53 кг-д нийт 6 бөх хоёр хэсэгт хуваагдахад ДАШТ-ий хүрэл медальт Бат-Очирын Болортуяа Тажикстан, Казахстаны бөхчүүдтэй нэг хэсэгт орсон бөгөөд хэсгээ тэргүүлбэл олимпийн эрх авна.
57 кг-д нийт 6 бөх өрсөлдөх энэ хэсэгт Болдсайханы Хонгорзул Узбекистан, Кыргызстаны бөхчүүдтэй нэг хэсэгт багтжээ.
62 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэдийн жинд долоон тамирчин оролцож, байгаа бөгөөд манай тамирчин БНСУ, Казахстан, Узбекистаны бөхчүүдтэй нэг хэсэгт тойргоор барилдахаар болсон байна.
76 кг-д нийт таван тамирчин олимпийн эрхийн төлөө хүч үзэхээр болж, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Бурмаа эхлээд Энэтхэг, дараа нь БНСУ, Кыргызстан, Узбекистаны бөхчүүдтэй хүч үзнэ.
Маргааш олимпийн эрхийн тэмцээний сүүлийн өдөр 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга, 74 кг-д ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ, 86 кг-д ОУХМ Ганбаатарын Ганхуяг, 97 кг-д ОУХМ Өлзийсайханы Батзул, 125 кг-д ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл нар өрсөлдөнө.
57 кг-д Т.Түвшинтулга тэгштгэлд “Рио-2016” олимпийн мөнгөн медальт Рэй Хигүчитэй эхний тойрогт учраа таарлаа. Р.Хигүчи нь Риогийн олимпоос хойш жин өгсөн 65 кг-д хүртэл барилдаж байсан бөгөөд олимпийн эрхийн тэмцээнд өөрийн үндсэн жинд жин хасч орж иржээ. Японы бөхийг ялсан тохиолдолд БНХАУ-ын бөхтэй цаашлаад олимпийн эрхийн төлөө Тажикстан, Туркменистаны бөхчүүдийн ялсантай учраа таарах юм.
74 кг-д Б.Батэрдэнэ эхний даваандаа ДАШТ-ий хошой хүрэл, Азийн наадмын хошой аварга, Рио-2016 олимпийн тавдугаар байрт Узбекстаны Бекзод Абдурахмоновтой учраа таарсан. Энэ бөх нь 2016 оны олимпод алдарт Жордан Барроуз аваргыг өрсөлдөөнөөс хасч байсан шаггүй өрсөлдөгч юм. Энэ бөхийг ялсан тохиолдолд манай бөх олимпийн эрхийн төлөө Кыргызстан, БНСУ-ын бөхчүүдийн ялсантай учраа таарна.
86 кг-д Г.Ганхуяг эхний даваандаа 2014 оны ДАШТ-ий мөнгөн меальт Японы Сосүке Такатанитай таарчээ. Тэдний ялсан нь олимпийн эрхийн төлөө БНХАУ, Кыргызстаны бөхчүүдийн ялсантай учраа таарна.
97 кг-д Ө.Батзул БНСУ-ын Сио Мин-Вонтой учраа таарсан. Улмаар өрсөлдөгчөө ялбал Энэтхэгийн Сативарт Кадиантай, цаашлаад олимпийн эрхийн төлөө ДАШТ-ий хүрэлтэй Ираны Аскари Мохамадиантай учраа таарах оноолт байна.
125 кг-д М.Лхагвагэрэл эхний тойрогт Пакистаны бөхтэй таарсан бол ¼ шигшээд Кыргызстаны Айаал Лазарев, олимпийн эрхийн төлөө Тажикстаны Рустам Искандартай оноолт таарах магадлалтай байна.
Тэмцээн Улаанбаатарын цагаар 13:00 цагаас эхлэх бөгөөд та бүхэн доорх линкээр үзэх боломжтой.