Олон улсын хэмжээний мастер, “Арслан” клубийн тамирчин Занданбудын Занабазар бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.
Тэрээр Энэтхэгийн Дели хотод болж буй энэхүү тэмцээнд Тажикстаны Жамшид Шарифовыг 13:0-ээр, шөвгийн наймд өсвөр үе, залуучуудын Азийн аварга Киргизстаны Улукбек Жолдошбековыг 15:4-өөр, хагас шигшээд “Ташкент-2014”, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, Бакугийн “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт, Динмухамед Кунаевын нэрэмжит ОУТ-ий хошой аварга, Казахстаны Нурислам Санаевыг 8:0-ээр ялсан юм. Харин алтан медалийн төлөөх барилдаанд 2014 оны ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Японы Юки Такахашид 1:7-гоор ялагдаж, мөнгөн медаль хүртэв.
З.Занабазар нь өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, “Pune Mayor`s Cup” ОУТ-ий хүрэл медальт, Ерофей Хабаров, Борис Будаев, Бувайсар Сайтиевийн нэрэмжит ОУТ-ий аварга, насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, залуучуудын улсын гурав, өсвөр үеийн дөрвөн удаагийн аварга тамирчин юм.