Categories
мэдээ цаг-үе

Чулууны Цэнджав: Аав минь Халхын голын байлдааны ялалтад онцгой үүрэг гүйцэтгэсэн

 “Халхын гол”-ын байлдааны ялалтын түүхэн ойг тохиолдуулан “Миний аав” булангийнхаа энэ удаагийн зочноор Ч.Цэнджав гуайг урилаа. Учир нь түүний аав Мөнхийн Чулуун нь эх орны гурван удаагийн дайнд оролцож, түүхэн гавьяа байгуулж явсан онцгой хүн байжээ. Түүний дурсамж яриаг толилуулъя.

-Таны аав анх 1921 онд баруун хязгаарыг чөлөөлөх дайнд оролцож байжээ. Аавын тань намтар түүхийн талаарх ярилцлагаа үүгээр эхлүүлье?

-Минийи аав 18 настайгаасаа эхлээд эх орон, тусгаар тогтнолын төлөөх гурван удаагийн дайнд оролцсон хүн. Баруун хязгаарыг чөлөөлөх дайн, ялангуяа Увс, Баян-Өлгий аймгийг чөлөөлөх дайнд 18 настай явж, Равдан гэдэг хүний удирдсан цэргийн салбар ангид хуваарилагдан, гурван жил тулалдсан юм билээ. Энэ хугацаандаа дээрх аймгийн сумдыг харийн эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөхөөс гадна хилийн цаана байх дайснуудыг устгаж байсан. Тухайлбал, Тагна, Тувагаар дамжиж манайд орж ирэх гэж байсан цагаантныг устгаж байсан гэдэг. Эдгээр дайралтуудад миний аав “газарчин цэрэг”-ээр явж байлаа. Энэ нь одоогийнхоор бол цэргийн тагнуул юм билээ. Аав маань Увс аймгийн Тэс сумын хүн л дээ. Тийм болоод ч тэр үү, хамт явж байсан цэргүүдээсээ нэлээд авхаалж самбаатай, басхүү газар орны байдлыг мэддэг байсан болохоор газарчин цэрэг болгожээ. Тухайн үед миний аавын үүрэг нь дайсны гол хүч хаана байгаа, хэр зэрэг зэвсэгтэй байгаа зэргийг удирдлагадаа мэдээлэх байсан. Тиймдээ ч үүргээ сайн биелүүлж, тэдгээр тулалдаануудад ялалт байгуулахад нөлөөлсөн юм билээ. 

Дараа нь аав тэр ангитайгаа Ховд хотыг чөлөөлөх дайнд оролцсон байдаг. Аавын хуваарилагдсан ангийг ирэх үед Ховдыг чөлөөлж байсан Хатанбаатар Магсаржавын цэргүүд бүслэлтэд орчихсон учир өлсгөлөн нүүрлэчихсэн, дулаан хувцасгүй зэрэг маш хүнд нөхцөлд байж. Би хожим архиваас баримт, материал цуглуулж, олон хүний дурдатгал ном сөхөж байхад “холбоочин хүү”-гийн тухай мэдээлэл олсон юм. Тэр хүү гадагш буюу ард түмэнтэй холбоо тогтоож, хүнс, хувцас хэрэглэл авснаар цэргүүд хүч орсон гэдэг. Аав маань ч нэг удаа “Би холбоочин байсан” гэж ярьж байсныг санадаг юм. Тухайн үед би залуу байсан болохоор нэг их анзааралгүй өнгөрсөн байх. Одоо бодоход тэр “Холбоочин хүү” нь миний аав байж гэж бодоод байгаа.

-Тэгвэл аав тань цэргийн эрдмийг хаана эзэмшсэн юм бэ?

-Ховд хотыг чөлөөлсний дараа Хатанбаатар Магсаржав дайнд оролцсон бүх цэргүүдээ дуудаад хэсэг цэргүүдийг шалгаруулж авсан байгаа юм. Ингэж Нийслэл хүрээ рүү аваачсан хэдэн цэргүүдийн нэг нь миний аав байлаа. Улмаар тэр үед Хужирбуланд анхны морин цэргийн отръяд байгуулагдаж, Зөвлөлтийн анхны сургагчдаар хүнд, хөнгөн пулёмат болон тухайн үеийн зэвсэг техникийг хэрхэн ашиглах талаар зааж сургаж байсан байгаа юм. Ингэж аав маань монголын анхны армийн шинэ тутам бэлтгэгдсэн офицеруудын нэг болсон гэдэг.

-Бэлтгэгдсэн цэрэг учир 1939 оны дайнд дуудагдсан байх нь ээ?

-Аав маань дайнд бэлтгэгдсэнээсээ хойш үргэлж цэргийн албанд байсан л даа. Учир нь 1932 оныг хүртэл нийслэлийн хот хамгаалах рот гэдэгт салааны дарга, жагсаалын дарга зэрэг цэргийн анхан шатны нэгжийн удирдлагад ажиллаж байлаа. Энэ үедээ хүнд пулёматын наводчик мэргэжилтэй болохоос гадна шинэ бичиг үсэг ч сурсан учир зүүн хязгаарт томилсон байгаа юм. Тухайн үед буюу 1930-аад оны үеэс зүүн хязгаарт хилийн маргаан үргэлжилж байсан гэдэг. Ингэж аав маань 1939 оны дайн эхлэх хүртэл Дорнодын хил орчмоор байх бүх харуул, заставуудад харуулын дарга, морьт сумангийн дарга зэрэг өндөр хариуцлагатай алба хашиж байсан. Тиймээс ч 1935, 1936 оны үеэс эхлэн олгож эхэлсэн цэргийн цолын дагуу бага дэслэгч, ахлах дэслэгч цол хүртэж байсан юм. Харин 1939 оны дайн эхлэх үед ахмад цолтой болчихсон байлаа. 

Аавын маань ярьж байсан дурсамж, архивын мэдээллүүдийг харж байхад миний бодлоор 1939 оны дайн хэдхэн сар үргэлжлээгүй юм. Дайснууд өмнө нь байнга хил зөрчдөг, арван хэдхэн цэрэгтэй, эсвэл дивиз, хороогоороо орж ирдэг байсан гэнэ лээ. Булан дэрсний харуул, Адаг дулааны харуул зэрэг газруудад байнга дайсан нэвтэрдэг байсан гэдэг. Тиймээс ч аав маань харуулд зогсож байгаа цэргүүдийнхээ байлдааны бэлэн байдлыг хангах тал дээр онцгой анхаарч ажилласан байдаг. Морь, зэр зэвсэг зэргийг бүрэн хангаж, бэлтгэл сургуулилт их хийдэг байсан байгаа юм. Тиймээс ч аавын ахалсан харуул, анги байсан хэсэгт дайсан нэвтрэхэд хэзээ ч ялагдаж байгаагүй гэдэг шүү. 

Энэ үеийн нэг сайхан дурсамжийг аав маань ярьж байсныг санаж байна. 1935, 1936 оны үед хилийн нөгөө тал буюу дайсны талаас ямар ч таних тэмдэггүй жижиг онгоц нисч ирээд хилийн харуул, заставууд дээгүүр ажиглалт, тагнуул хийж байгаа юм шиг нисээд байсан байгаа юм. Гэтэл тэр үед Бүх цэргийн жанжны тушаалаар хил дээр буун дуу гаргаж болохгүй гэдэг байж. Хэрэв буун дуу гаргах л юм бол дайн болчих гээд байдаг. Гэсэн ч манай аав цэргүүдэдээ тушаал өгөөд нөгөө онгоцыг буудуулчихжээ. Гэтэл тэр онгоц агаарт ганхаж байснаа манай тал руу нисээд явчихаж. Тэгсэн маргааш нь Чойбалсан хотод байсан отръядын төвөөс машинтай улсууд ирээд аавыг баривчлаад явчихсан гэдэг.

-Тушаал зөрчсөн болохоор тэр үү?

-Тийм юм уу даа. Хэд хоног л “Яагаад жанжны тушаал зөрчсөн бэ” гэдэг асуулттай сахилгад суусан байгаа юм. Аав маань ч хариуд нь “Дайсны талаас, таних тэмдэггүй онгоц тагнуул хийж байгаа юм шиг нисээд байхаар нь буудсан” л гэж. Гэтэл тэр нь цэргийн жанжин Г.Дэмидийн нисч явсан онгоц байж л дээ. Аав ч мөчөөгөө өгөлгүй “Буун дуу гаргахгүй юм бол хил дээр буутай цэрэг байхын хэрэг юунд байна” гэсээр 10 хоног сахилгад суугаад гарсан байдаг. Ингэж сууж байх хооронд хилээр дайсан нэвтрэхэд аавыг орлож байсан н.Гонгор ялалт байгуулж, Монгол Улсын баатар болж байсан гэдэг шүү.

Ингэж л аав маань 1921 оноос эхлэн 1939 оныг дуустал гэр бүл ч үгүй, хил дамжин эх орноо манаж явсан юм билээ.

-1939 оны дайнд таны аав ямар онцгой үүрэг гүйцэтгэсэн юм бэ?

-Аав маань дайн эхлэх үед наймдугаар дивизийн 22 дугаар морьт хорооны хоёрдугаар сэлэмт сумангийн дарга хийж байсан. Энэ дайн эхлэхээс өмнө юм уу, дайн эхэлсний дараахан юм уу хилийн цаана байх “Баргийн богд” ууланд тулалдаан болсон байдаг. Тэнд Япон, Баргийн зэвсэг, техник маш их бөөгнөрч, дивиз цэрэг манайх руу давшихаар бэлтгэж байсан гэнэ лээ. Үүнийг нь хурандаа Д.Нянтайсүрэн гуай дуулаад аавд тушаал өгч, зөвлөлтийн танкийн жижиг сумангаар дэмжүүлээд, нэг сарын хоол хүнс, зэвсэг техниктэйгээр хил давуулсан байгаа юм. Гэтэл аавын өөрийнх нь илтгэх хуудас дээр бичсэнээр сарын хугацаа өгсөн даалгаврыг арав хоногийн дотор гүйцэтгэж дайсныг хөнөөжээ. Тэр бүү хэл нэг, хоёр хоног л тулалдсан байгаа юм. Яагаад гэхээр ойртож очоод тагнуулын үйл ажиллагааг маш сайн явуулсан. Үүнээс гадна цэргүүдийнхээ сэтгэл санааг бэлдэж, байлдах чадварыг маш сайн сэргээн, зэвсэг техникийг нарийн зохион байгуулсан. Ингэж дайсны гол хүч хаана төвлөрч байгаа, хаана нь галын цэг байгаа эсэхийг тодорхой судалсны үндсэн дээр дайралт хийж, их хэмжээний зэр зэвсэг, машин техник, амьд хүч олзолж авсан байдаг. 

-Үүнээс өөр онцгой үүрэг гүйцэтгэсэн үү?

-Дээр ярьсан Баргийн богдын тулалдаанд ялалт байгуулаад эргэж Халх голын орчимд, Бадам ишийн худаг гэдэг газарт гол хүчтэйгээ нийлэх тушаалыг аавд өгчээ. Тиймээс манай хилийн талаас Монгол, Зөвлөлтийн цэрэг давшилтад орох гээд Халхын гол дээр бөөгнөрчихсөн, цаанаас манай аав сумангаа аваад ирж. Ингэж хоёр арми нийлэх гэтэл Халх гол маш их үертэй, зэвсэг техник, морьтой цэргүүд гарах боломжгүй болсон байв. Миний бодлоор аавын маань Халхын голын байлдаанд үзүүлсэн, улмаар тэрхүү дайнд ялалт байгуулахад гүйцэтгэсэн онцгой алдар гавьяа нь энэ байсан юм. Учир нь тэр үед үертэй, цөн түрсэн, маш хүйтэн голд орох хүн байгаагүй. Харин манай аав Увс аймгийн Тэс сумын Тэсийн голд шумбаж өссөн, бүр “Мөнхийн усч хүү” гэдэг нэртэй байв. Нутагтаа усанд унасан мал амьтан, хүнийг ч аварч байсан удаатай. Тиймээс ч аав маань улс төрийн орлогчтойгоо зөвлөж байгаад голыг гаталж, гарам олъё гэсэн байгаа юм. Гэхдээ тэр үеийн дайчид, хамт ажиллаж байсан дарга, цэргүүд их сайхан хүнлэг сэтгэлтэй байж дээ. Ямартаа л улс төрийн орлогч н.Содномцэрэн нь “Бид даргыгаа уснаас гарч ирэхгүй бол суман удирдах хүнгүй болно. Та ус руу орж болохгүй” гэж. Аав харин хариуд нь “Намайг гарч ирэхгүй бол чи суманг удирдаарай” гэж хэлээд гол руу шумбажээ. Ингэхдээ амандаа голтой хулс зуугаад орсон байгаа юм. Улмаар нэг эргээс нөгөө тийш хэд хэдэн удаа нааш, цааш шумбаж, нөгөө талаас гол гатлах Монгол, Зөвлөлтийн цэргүүдэд гарам олж өгчээ. Түүгээр ч зогсохгүй гол гаталж байх зуурт хүнд пулёматын цэрэг пулёматаа чирч гаргаж чадахгүй усны гүн рүү унагахад түүнийг нь хүртэл гаргаж ирж байсан. Гэхдээ ингэж хавар цагийн хүйтэн усанд орсон нь сүүлд дайн дуусах үед өөрт нь хүндээр нөлөөлсөн дөө.

-Эх орныхоо төлөө маш их эр зориг, тэсвэр тэвчээр гаргаж байжээ. Тэр үед аавын тань гавьяаг үнэлж байсан болов уу?

-Харамсалтай нь миний аавын гавьяаг тийм ч өндөр үнэлж чадаагүй гэж би боддог юм. Дайны үе гэдэг мэдээж цаг хугацаанаас хамаарч ялагдах, ялах нь тодорхойлогдох болов уу. Магадгүй аав маань хурдан хугацаанд гарам олоогүй бол юу болох байсан бол. Цэргүүдийг тэгж гол гаталж байх зуур дайсан маш их хүчээр дайралт хийсээр байсан юм шүү дээ. Зөвхөн үүгээр зогсохгүй гол гаталж байгаа цэргүүдийг аавын удирдсан суман галаар хамгаалж, түүхэн гавьяа байгуулж байсан гэсэн. Энэ бол маш том бахархал, түүх гэж би боддог. Халхын голын байлдааныг ялалтаар төгсгөх өөр хэд хэдэн тулаанд аав маань томоохон үүрэг гүйцэтгэж байсан юм шүү.

-Ямар тулалдаанууд вэ?

-Байлдааны үеэр “Элст манхан” чиглэлд давшилт хийх даалгавар дивизээс өгчээ. Тэр үед “Элст манхан”-д Японы маш олон их буу, миномёт, бусад зэр зэвсэг төвлөрсөн гэдэг мэдээллийг өгч байжээ. Тиймээс аавд зөвлөлтийн нэг салаа цэргийг нэмэгдэл хүч болгон өгч, их бууны ангиар дэмжихээ хэлж байв. Энэ даалгавраа ч аав маань маш хурдан хугацаанд гүйцэтгэж, 300 гаруй амьд хүч устгаж, дайсны олон офицер олзолж байжээ. Энэ тухай хожмоо Матадын наймдугаар дивизийн даргаар ажиллаж байсан хурандаа Д.Нянтайсүрэн гуай “Бүгд найрамдах Монгол ард улсын баатрууд” дурдатгал номондоо “Ахлах дэслэгч М.Чулууны суман эрэлхэг зориг гаргаж, байлдааны уран арга, тактик хэрэглэн дайсныг бут цохин, хөөн зайлуулж, амьд хүч, зэвсэг техник, нууц баримт бичиг олзлон авсан нь цаашдын тулалдаанд маш их ач холбогдолтой болсон юм” гэж бичсэн байдаг.

-Тэр үед аав тань морьт хорооны дарга байсан уу?

-Үгүй. Хорооныхоо бус сумангийн дарга байсан. Аав “Элст манхан”-ы тулалдаанд онцгой гавьяа байгуулсан тул наймдугаар дивизийнхээ 22 дугаар морьт хорооныхоо дарга болсон. Сумангийн даргаас тушаал дэвшсэн гэсэн үг шүү дээ. Үүнийхээ дараа Дархан уулын чиглэлд тулалдах тушаал авч, мөн ялалт байгуулж байсан. 

-Та дээр хэлэхдээ хүйтэн усанд шумбасан нь дайны төгсгөлд аавын биеийн байдалд нөлөөлсөн гэж гэсэн. Юу гэсэн үг юм бэ? 

-1939 оны наймдугаар сарын 25-ны өдөр “Баянцагааны” гэх Халх голын дайны шийдвэрлэх тулалдаанд Монгол, Зөвлөлтийн арми нэгдсэн фронтоор давшжээ. Эхний өдрүүдийн давшилтад аав 22 дугаар хороогоо ахалж явсан ч ухаан алдан унасан юм. Энэ нь дайны өмнө буюу 1921 оноос эхлэн байлдаанд оролцож, хил хязгаар дамжин дайн байлдаантай үед амьдарч байсан, хамгийн гол нь хүйтэн усанд удаан хугацаагаар байсан зэрэг шалтгааны улмаас дайсны суманд бус биеийн байдлаас хамаарч унасан хэрэг. Наймдугаар сарын 25 гэдэг дайн дуусахын бараг урд өдөр болов уу. Тэгээд аав маань шууд эмнэлэгт хүргэгдэн очсон. Үндсэндээ ингээд л аав маань мартагдсан. Үүнийг би хэлмэгдсэн гэж боддог юм. 

-Гэхдээ таны аав 1945 оны дайнд мөн оролцсон биз дээ?

-Халх голын байлдаанаас хойш олон сар эмнэлэгт хэвтэж байгаад бэлтгэл офицероор нутагтаа халагдаж очоод хоёр жил боловсролын байгууллагад ажилласан. Гэхдээ дахин армидаа дуудагдсан л даа. Тэр бол 1945 оны чөлөөлөх дайны үе. Тухайн үед аав маань Хэнтийн Өндөрхааны танкийн хороонд ажилласан. Ер нь энэ дайны үед аав ар талд байсан. Сүүлдээ цэргийн эмнэлгийн ажлыг ч хариуцаж байсан юм билээ. 

-Таны аавын дайнд байгуулсан гавьяаг төрөөс огт үнэлээгүй гэж үү?

-Үнэлээгүй гэж хэлж болохгүй. Миний аавыг 1939 оны дайны үе буюу долдугаар сарын 19-нд Баргийн тулалдаанд гавьяа байгуулсан гэж цэргийн гавьяаны улаан тугийн нэгдүгээр зэргийн одонгоор шагнаж байсан. Тэр үед цэргийн гавьяаны одон анх гарч байсан юм билээ. Анх шагнуулсан байсан цөөхөн хүний нэг дээ. Дараа нь цэргийн гавьяаны одон, Халхын голын дурсгалын тэмдэг, чөлөөлөх дайны медалиудаар шагнуулсан. 

Харин 1957 онд насны тэтгэвэртээ сууж, халагдахад армиас бүрэн хэрэглэлтэй гэрээр шагнаж, машин унаагаар нутагт нь, гэр бүлтэй нь аваачиж өгсөн гэдэг. Энэ бол жирийн хүнд олдохгүй хүндэтгэл байсан биз ээ. 

Түүний дараа 1969 онд АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар “Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн” цол тэмдгээр шагнуулсан. Миний ойлгосноор энэ бол “Баатар”-ын дараахь цол байх аа.

-Дайн дууссаны дараа ч таны аав боловсролын байгууллагад өндөр бүтээлтэй ажилласан тухай намтраас нь уншиж байсан юм байна?

-Дайны дараа аав Тэс сумын “Хар үзүүр”-ийн сургуульд ажилласан. Тэнд ажиллахдаа ч гэсэн цэрэг эрийн хатуужлаараа ажилласан юм. Яагаад гэвэл би тэр бага сургуульд нь сурч байсан. Сургууль маань анх цэлийсэн тал газар дээр байгуулагдаж байсан гэдэг. Харин аав маань тэр сургуулийг одоогийн хотын сургуулийн хэмжээнд хүргэсэн байхгүй юу. Дотуур байр, контор, халуун усны газар, биеийн тамирын талбай зэрэг бүхий л бүтээн байгуулалтын ажлыг хариуцан хийлгэсэн юм. Тэр ч бүү хэл дотуур байрны хүүхдүүдийг хүнсний ногоо, будаа, масло зэргийг идэж сургах, долоо хоногтоо хоёр удаа усанд орох зэрэг ажлыг ч зохион байгуулж чадсан. Тиймээс ч 2005 онд тус сургуулийн захиргаанаас санал гаргаж, Засгийн газрын тогтоолоор аавын нэрэмжит болгосон. Энэ бол хүүхдүүд бидний ааваараа бахархах өөр нэг том бахархал л даа.

-Таны ээжтэй хэзээ гэрлэж байсан юм бэ, та М.Чулуун агсны хэд дэх хүүхэд вэ?

-Аав 1939 оны дайны дараа нутагтаа очихдоо ээжтэй ханилж, гурван хүүхэдтэй болсон. Би аавынхаа том охин нь. Дороо хоёр эрэгтэй дүүтэй. Миний хоёр дүү хоёулаа аавынхаа цэргийн мэргэжлийг эзэмшсэн нь миний бас нэг бахархал. Аймгийн музейд аавын маань нэг булан бий. Тэр музейд биднийг удам дамжсан офирцерууд гэсэн тодотголоор бичсэн байдаг. Учир нь Ч.Цэдэнбалжир, Ч.Отгонбаяр хоёр дүү маань хоёулаа хилийн цэргийн хүмүүс. Гэхдээ одоо тэтгэвэртээ гарчихсан. Цэргийнхэн чинь эрт тэтгэвэртээ суудаг хүмүүс шүү дээ. Нэг нь хурандаа, нөгөө нь ахмад цолтой. Дүү нарын маань үргэлжлэл болж хүүхдүүд нь мөн хилийн цэрэгт ажиллаж байна. Ч.Цэдэнбалжирын хоёр хүүгийн нэг нь л гэхэд Дорноговийн хилийн цэргийн ангид ахмад цолтой ажиллаж байна. 

Миний бага охин ч гэсэн Аюулаас хамгаалахын дээд сургуулийг төгссөн, дэслэгч цолтой. Иймээс л “Манай гэр бүл удмаараа офицерууд” гэж би бахархах дуртай.

Т.ГЭРЭЛМАА 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *