Чулуунбатын Мөнх-Эрдэнэ
“Алтан Намар” хөгжмийн наадмаар төрийн шагналт хөгжмийн зохиолч Бирваагийн Мөнхболдын “Ятганд зориулсан концерт”-ыг тоглож “Шилдгийн шилдэг хөгжимчин” өргөмжлөл, 2008 оны хавар төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л. Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны тэргүүн байрын шагнал, 2009 онд Узбекистан улсад болсон олон улсын “Тронолари” наадмын шүүгчдийн нэрэмжит шагнал, 2009 онд ОХУ-ын Буриадад болсон “Sound of Euro-Asia” наадмын тусгай талархал, 2010 онд “Бөртэ” хамтлагтайгаа Бүх урлагийн тэргүүн дээд шагнал “Гоо Марал”, 2017 оны шилдэг хөгжимчинд олгодог “Мөнгөн мод” шагнал тус тус хүртсэн. 2013 онд 120 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний их найрал хөгжимтэй “Хос эрвээхэй” бүтээлийг урд хөршид тоглосон. Хөгжим бүжгийн коллеж үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд Монгол улсын Консерваторийн сүлд дууг эгшиглүүлэх, туг залах хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг цолоор шагнуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2017 оны арванхоёрдугаар сарын 29-д Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаажээ.
Монгол Улсын гавьяат жүжигчин, Азийн ятгын хатан хаан Чулуунбатын Мөнх-Эрдэнэтэй “Кемпинский” зочид буудалд болсон ӨМӨЗО-ы “Талын дуу хоолой” радиогийн таван жилийн ойн үеэр уулзаж хөөрөлдлөө.
-Хүнд хэцүү өвчнийг даван туулаад уран бүтээлээ хийж явааг чинь харахад сайхан байна. Монголын ард түмэн тэнгэрээс авшигт сайхан авьяастнаа сонсож, харж явах азтай л юм даа?
-Юуны өмнө энэ гэгээн сайхан өдрийн мэндийг хүргэе. Удаан хугацаанд хэвлэл мэдээллээр олон түмэнтэйгээ холбогдсонгүй. Өнөөдөр “Талын дуу хоолой” радиогийн таван жилийн ойн баярт аялгуу эгшгээ хөглөн явж байгаа минь олон түмний буян юм. Уран бүтээлч намайг өндийн босоход хандив өргөсөн арван сартай өлгийтэй нялхаас ард түмэн хэмээх яндашгүй ачит та бүхний маань сэтгэлийн их тус дэм юм даа. Энэ бүх ач тусын тань дэмээр би инээмсэглээд уран бүтээлдээ эргээд орж байна. Олон түмэнтэй биднийг холбож байдаг хэвлэл мэдээллийнхэн та нарын маань ч ач гавьяа их бий. “Талын дуу хоолой” радиогийнхон гэхэд ӨМӨЗО-ы монгол ахан дүүстэй холбож, хандив өргөж байсны хүчээр бэрх хэцүү эмчилгээ, хүнд үеүдийг давж гарахад эдийн засгийн хувьд, сэтгэл санааны гүн дэмжлэг болж байсан. Урлагийнхан бид чинь сэтгэлээрээ л баян болохоос мөнгө төгрөгтэй хүмүүс биш шүү дээ. Хүн асуудал тулаад аргаа барах үед сайн мэдэхгүй зүс таних хүн наян сая төгрөг барьж ирээд хүүгүй, барьцаагүй ав гэхэд нулимс өөрийн эрхгүй асгардаг юм билээ. Тэр хүн намайг аварсан. Их даруухан хүн болохоор нэр усаа зарлуулахыг хүсдэггүй. Хэзээ нэг өдөр баярласан сэтгэлээ хэлэх цаг ирэх байлгүй дээ. Урлагийнхныхаа агуу их хайранд үнэхээр их баярлаж байгаа. 1700 удаа инээмсэглэл зураад, маань уншиж байсан тэр нэгэн охинд би баярлаж байна.
-Ходоодны бэрх л өвчин ороолоо гэсэн. Ямар эмчилгээ хийлгэв дээ?
-Үнэхээр хэцүү өвчин туслаа гэдгийг сонссоноос хойш 15 сарын хугацаа өнгөрсөн байна. БНСУ-д хагалгаанд ороход солонгос эмч маань амжилттай болно гэдэгт эргэлзэж байсан. Мэс ажилбар амжилттай болоосой гэж үнэндээ их залбирч байлаа. Мэс заслын орон дээр дөнгөж ухаан ороод ханиасаа “Хагалгаа хийгдсэн үү” гэж асуусан. “Зургаан цаг гучин минут үргэлжиллээ” гэдгийг сонсоод “Надад тэнгэрийн авралаар энэ амьдралд буцаж ирэх боломж байжээ” гэж тайвшраад улам их тайвширч унтаж амарсан. Яах бол гэж түгшүүртэй байсан, бүх амьдралын минь хэцүү зовлонтой байсан тэр үеийг давж гарах сэтгэлийн хүч л Мөнх-Эрдэнийг дахин шинээр төрөхөд их тус нэмэр болсон доо. Зөвхөн эм уугаад, тариа хийлгээд өндийж босно гэдэг нэг асуудал. Хүмүүсийн сэтгэлийн сайхан үг, хайрын халуун дулаан цагаан эрчим эрчис хүнд ямар их тэнхэл өгдгийг би өөрийн биеэрээ мэдэрсэн. Хагалгаанд орсноор өвчин өргөс авчихсан юм шиг эдгэрчихдэггүй юм байна. Химийн тариа гэж хагалгаанаасаа хэд дахин хүнд даваа байдаг юм байна лээ. Солонгос эмч маань “Шүд авчихсан юм шиг зүгээр болчихож байгаа юм биш шүү. Гамаа сайн бариарай” л гэж байгаа.
-Гам алдаад уран бүтээлдээ орчихоод байгаа юм биш биз?
-Уран бүтээлээ хийсэн ч ядрахгүй байх ёстой. Эмчилгээгээ маш сайн хянаж, улам эрүүл болохын төлөө тэмцэж байгаа. “Өдрийн сонин”-оор дамжуулж “Та бүхэндээ хайртай шүү” гэж хэлье. Та бүхнийхээ хариуд уран бүтээлээрээ хариу барина гэдэг гол зорилго болоод байна даа.
-Ингэхэд хүүхэд насныхаа тухай, уг гарлаа яривал ямар бол?
-Би Улаанбаатарын унаган иргэн л дээ. Миний аав ээж Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул хүмүүс. Манай гэр бүл, ахан дүүст урлагийн хүн нэг ч байхгүй. Миний хувьд дур сонирхлоороо л урлагийн замд орсон. Намайг өнөөгийн энэ дайны хүн болоход миний хань ижил, ойр орчныхон маань маш их тусалж дэмжиж өдий хүрчээ. Тиймээс ч өнөөдөр “Ятгачин” хэмээх бүрэн дүүрэн алдрыг эзэмшээд явж байна даа. Хөгжим бүжгийн коллеж буюу одоогийн Монгол Улсын консерваторийн багш наргүйгээр, энэ сургуулийн нэргүйгээр би бол хэн ч биш юм. Би сургуульдаа зургадугаар ангиасаа наян найман онд элсэн орсон минь энэхэн насны минь өгүүлшгүй их аз заяа байсан. Миний багш Зундуйн Нарантуяа гэж мундаг алдартай ятгачин байсан. Энэ ачит хүн маань яг л миний одоогийн насан дээр цэл залуудаа хорвоог орхисон нь даанч харамсалтай. Багш минь шавь нартаа маш их зүйлийг өвлүүлж үлдээсэн. Би түүнийхээ үргэлжлэл болж явна даа.
-Багшийнхаа алдрыг өргөж төрөөсөө сайхан шагнал авлаа шүү дээ?
-Ятгачид дотор урлагийн гавьяат зүтгэлтэн гэсэн цолтон бол байдаг. Наранбаатар ахыг хүн бүхэн таних байх. Хоормейстр Алтантуул багшийг бас мэдэж байгаа. Харин Монгол Улсын гавьяат жүжигчин гэсэн цолыг ятгачдаас хамгийн анх удаа хүртсэн маань багшийнхаа хийж бүтээж, зорьж зүтгэж явсных нь хариу бэлэг гэж бодож байна.
-Хазайхад түшиг болох хань гэдэг ч агуу юм даа. Ганпүрэвийгээ би тийм л нэгэн багана гэж бодож байна?
-Бид хоёр ханилаад хорин хоёр жил болж байна. Миний хань чинь бор зүрхээрээ урлагийн тогоонд чанагдаж яваа хүн. Хоёулаа харин ямар азаар бие биеэ олж аваа вэ. Бидний амжилтын тавь тавин хувь нь ханийн хайраар бий болсон. Ханиараа би бахархдаг. Хүн яагаад ханийнхаа сайн сайхныг дурдаж болохгүй байх билээ. “Хамгийн тэнэг хүн ханиа магтдаг” гэдэг үгийг би эсэргүүцнэ. Ханиа өвдөж зовоход сэтгэл зүрхээ зуун хувь зориулаад яваа ийм хүн энэ хорвоод миний ханиас өөр хэн байгаа билээ. Эргээд бодоход аз жаргалтай мөчүүдэд ч, хүнд хэцүү цаг мөчүүдэд ч миний хань асаалттай танк шиг зогсож байдаг. Тийм учраас Монголд минь миний хань шиг сайхан эрчүүд олон байгаасай, олон сайхан гэр бүл бие биенийхээ төлөө халуун дулаан сэтгэлээр энэ амьдралыг туулаасай гэж боддог.
-Та хоёр маань хэдэн хүүхдийн аав, ээж билээ дээ?
-Манайх хоёр хүүхэдтэй. Хоёулаа Германд төрсөн. Ууган охин Амина Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын ангид Мягмарцэрэн багшийн удирдлагад сурч байгаа. Хүү Тэргүүнбаяр Ерөнхий боловсролын сургуульд сурч байна. Хүүгээ өөрсөд шигээ урлагийн хүн болгохгүй гэсэн бодолтой. (Инээв. сур)
-Хүүхдүүд чинь Германд төрсөн гэхээр гадаадад нэлээд хугацаанд амьдарчээ дээ?
-Би 1996-2008 онд, хань маань 1993 оноос Германд ажиллаж амьдарсан. Энд “Бөртэ” хамтлагаа байгуулж, Европоор аялан тоглолт хийж байлаа. “Ингэн тэмээний нулимс” киноны хөгжмөө бичсэн. Хөгжмийн зохиолч Чойгивын Сангидорж гуайн “Миний ээж тэмээчин” зохиолыг нөхөр маань найруулж, манай хамтлаг тоглосон. Энэ кино Оскарт нэр дэвшиж байлаа. “Говь” гэдэг клип гаргасан. Ганпүрэвийн маань бичсэн “Шар нохойн там” киноны хөгжим Америкийн Хэмптоны их наадмын хамгийн анхны гран при шагналыг Монголоос анх удаа 2005 онд авч байлаа.
-Өөрийг чинь Азийн ятгын хатан хаан гэж өргөмжилдөг. Сайхан сонсогдоно биз?
-Хүн болгон л асуудаг юм. “Азийн ятгын хатан хаан” гэдэг өргөмжлөлийг надад гавьяа шагнал болгон өгчихсөн нэр биш шүү дээ. Анх энэ өргөмж нэрийг хүний нутагт байхдаа анх сонсож байсан юм. Малайз улсад болсон “Rainforest” дэлхийн хөгжмийн наадамд бурхан болсон багшдаа зориулж бичсэн “Дурсамж” зохиолоо тоглоход, хэвлэл мэдээллээр болон интернетээр “Queen of Harp” буюу “Ятгын хатан хаан” хэмээн өргөмжлөн бичиж байсан. Түүнээс хойш л ард түмэн намайг ингэж нэрлээд байгаа болохоос гардаад авчихсан шагнал биш юм. Тэр фестивальд оролцсон урлагийнхны дүгнэлт л дээ.
-Хоёр хөгжмийг нэг хөгжим шиг л тоглож байгаа харагддаг. Энэ чадвар тань мастер түвшинд очсоны илрэл яах аргагүй мөн биз?
-Хоёр хөгжмөөр тоглоно гэдэг хэцүү ш дээ. Хоёр тал руугаа анхаарлаа хандуулна. Одоо юу гэдэг юм бэ дээ, баруун зүүн тархи л зэрэг ажиллаж байна гэсэн үг л дээ.
-Баруун, зүүн гараараа бичдэгтэй л адил зүйл болох нь ээ дээ?
-Ер нь хэцүү шүү. Тийм амар зүйл биш. Нэг ятган дээр тоглох, хоёр ятган дээр тоглох хоёр тэс өөр. Хөгний хувьд хоёр өөр хөг шаардлагатай. Тоглогдож буй бүтээл, ноот өөр байдаг.
-Өөрөө аялгуу аяз зохионо биз?
-Хүүхэд байхдаа оролдож байсан. Хөгжмийн зохиолчоор сураагүй мөртлөө зохиох сонирхол байдаг. Аливаа нэг зохиол бүтээлийг байгаагаар нь биш хөгжүүлж баяжуулж, өөрийнхөө сэтгэлгээг оруулж хөгжимдөхийг зорьдог. Ганц нэг найруулга зэргийн юм бол байгаа л даа. Дэлгэрмөрөн бид хоёрын “Уянга цагаан хуруу” гэдэг дууны найруулга байна. Энэ найруулгын тохируулгыг их богинохон хугацаанд хийсэн.
-Саяхан гадаад оронд очиж тоглосон байв уу даа?
-Тавдугаар сард ӨМӨЗО-д очиж Энхбаяр гэж хөгжмийн зохиолчийн уран бүтээлийг тоглосон. Түүний дараа Германд сар орчим хугацаанд айлчлан тоглолт хийж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа. Арваад жил ажилласан тэр сайхан улс хоёр дахь эх орон минь болчихсон юм байна. Ирээд Баян-Өлгий аймгаараа явсан. Таван Богдод очлоо. Байгалийн үзэсгэлэн үнэхээр ноёлж байдаг газар юм байна.
-Ард түмэндээ тайлан тоглолтоо хэзээ толилуулах гэж байна?
-Би өмнө нь “Алтайд хөглөгдсөн уянга”, “Хос эрвээхэй”, “Хатан ятгын эгшиг” бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтуудыг хийсэн. Одоо ард түмэндээ зориулж талархлын тоглолт хийнэ л гэж бодож байна. Ямартаа ч биеэ нэг их ядраалгүй, бүтээж туурвиж байхад нэг гэгээн сайхан өдөр энэ маань биелэх байх аа.