Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Чулуунбаатарын Ганбат: Нартын амьдралыг мөнхжүүлдэг гэрэл зургийн дархлагч болсноороо бахархдаг

Дэлхийн спортын сэтгүүлчдийн холбооны шилдэг гэрэл зурагчин шалгаруулах ёслолын ажиллагаа. Будпешт хот. 2020.02.03

Гэрэл зурагчин Ч.Ганбаттай ярилцлаа.


-Анхны асуулт бол мэдээж анкет “бөглөж” таараа…

-Миний бие 1969 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд эхээс унасан. Яг тэр өдөр Тосонцэнгэлд Монголын хамгийн хүйтэн өдрийн рекорд буюу хасах 56 хэм “Улаан ном”-д тэмдэглэгдсэн юм билээ. Барилгын кран гулзайж, баазын машины дугуй хага хөлдсөн айхавтар хөлдүүс өдөр гэж хөгшчүүл ярьдаг. Манайх 1971 онд Улаанбаатар хотноо шилжин ирж, би XVIII сургуулийн сурагч байснаа Хосе Мартийн нэрэмжит 52 дугаар сургуулийг 1987 онд дүүргэсэн.

-Бага насаа өнгөрүүлсэн Комбинатынхан таныг “Погоди” гэж дуудах нь сонин юм?

-Ер нь би их хөдөлгөөнтэй, байнга гүйдэг, харайдаг, сахилгагүй толгой байсан. Тэгээд л багш нар тэр үеийн “Ну погоди” зурмал киноны чоно шиг хөдөлгөөнтэй гэж шоолдог байсан бололтой. Одоо болтол энэ “Паагаадий” нэр надаас олон жилийн турш огт салаагүй л явна. (инээв)

-Эцэг эхийнхээ талаар, бас гэр бүлээ уншигчдад товч танилцуулбал?

-Миний төрсөн эцэг Бямбаагийн Батсүх намайг хоёр настай жаахан байхад тэнгэрт хальсан. Аав маань хуучны ЗХУ-ын Свердловск хотод ой, замын инженерийн дээд мэргэжил эзэмшсэн мундаг мэдлэгтэй сэхээтэн. МАХН-аас нутаг заагдсан Цэнд гуай тэр үед Тосонд аавтай хамт Модон заводад ажилладаг байсан. Аав маань морь унаж, зургийн төслийг гаргаад, төдөлгүй Солонготын давааг засан, шинэ зам тавьж, нутгийн олон түмний талархлыг хүлээсэн гэдэг. Тэрбээр 31 настайдаа төрийн хариуцлагатай албанд Улаанбаатар руу томилогдсон жилээ ертөнцийн мөнх бусыг үзсэн дээ, хөөрхий. Тэгээд л миний амьдралд Тосонцэнгэлийн модон завод, ой мод, хөрөө рам, модон эдлэл, буйдан нэвт шингэсэн байгаа биз. Ийнхүү морь ч гэтэлдэггүй даваагаар машин зорчдог зам тавьж, олон түмэндээ буян үйлдсэн аавын минь тэр өлзийт сайн үйлс хүү надад одоо болтол буян хишгээ хайрладаг гэж дотроо сүсэглэн биширдэг. Долоон хүүхэд төрүүлсэн Батдоржийн Мөнхөө ээж маань Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, бас л модны чиглэлийн лаборант мэргэжилтэй. Харин зургаан настай өнчирсөн надад эцгийн минь оронд эцэг болсон Тогтоомсогийн Чулуунбаатар аавынхаа хайр халамж, зөв хүмүүжүүлсний ачаар өдий зэрэгтэй хүн болон төлөвшсөн гэж боддог. Чука аав барилгын цэргийн завгүй ажилтай офицер ч надад байнга анхаарал тавьж, нэгэн өдөр намайг алдарт Т.Үйтүмэн их мастерын шатрын дугуйланд бүртгүүлснээр 3 дугаар ангийн сурагч миний сэтгэхүй эрс өсч, хамгийн гол нь дийлдэггүй байсан өвөөгөө нутагт нь очоод, мад тавьдаг болсондоо хамгийн их маадайж, сэтгэлийн таашаал авсан даа. Миний хань Н.Оюунчимэг уг нь Анагаахын мэргэжилтэй ч өдгөө цаг наргүй ажилладаг намайг ухаалгаар ойлгон, арын албыг найдвартай хашиж, хувийн бизнесээ яв цав эрхэлдэг. Ууган охин Дөлгөөн төрийн албан хаагч, удаах охин Номин “Элит” сургуулийн XI ангийн сурагч, гурван настай отгон охин Эрдэнэ-Оюу “гүнж” гэртээ. Сая өвөө “цол” хүртэж, Маралгоо гэдэг зээ охиноо эрхлүүлдэг болсон.

-Арван жилээ үдээд аль сургуулийн оюутны ширээнд суусан бэ?

-Би эхлээд яах ч аргагүй Орос руу ажил хийхээр явсан юм. Дараа нь 1989-1995 онд Политехникийн дээд сургуулийн сантехник, усан хангамжийн инженерийн ангийн оюутнаар суралцсан. Тэр үед аав тэнгэрт хальж, ээж группт орж, дөрвөн дүү нялх, хоёр ах хөдөө ажилтай гээд л манай гэрийн амьдрал үнэндээ хүнд байсан хэцүү үе. Би модон заводаас шуудайтай мод үүрч, цахилгааны мөнгөө хэмнэн, гал зуухаа галлаж, боорцог хайрч иддэг байлаа.

-Фото, Ганбаа хоёр хэзээ анх танилцсан түүхийг сөхвөл…

-Аравдугаар ангийн сурагч ахуй үеэс фото сонирхож эхэлсэн. Эхний үед хүний зургийн аппаратыг гуйж зээлж хэрэглэнэ. Хүмүүс олон удаа өгөхгүй нь мэдээж. Би арван жилээ төгсөөд элсэлтийн шалгалтдаа тэнцээгүй ч Техникум, ТМС-ийг голсон.Түүний оронд Сибирийн Красноярск хотын ойн аж ахуйн үйлдвэрлэлийн курст хамрагдан, шууд оросуудтай мөр зэрэгцэн хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Анхны цалингаараа 1987 онд “Зенит” зургийн аппарат өөрөө худалдан авч, төдөлгүй өсгөгчтэй болж, тун башийсан юмдаг. Тэгээд л анхны угаасан зургаа зарж, хөдөлмөрийн хөлсөө хүртэж эхэлсэн.

-Та арай Сүхбаатарын талбайн “зурагчдын армийн” гишүүн биш биз дээ?

-Тэр үед зурагчдын дамжих ёстой нэг шат, орлогын эх үүсвэр бол Сүхийн их талбай шүү дээ. Бүр анхны арван “алтан хараацай” нарын нэг нь гээд л бодчих. Бас л фоточин “Погоди” нэрээр намайг хайна. “Сони” Ганбаа, “ОК” Октябрь” гээд олон мундаг гэрэл зурагчид жанжны талбайгаас төрсөн. Би 1989 оны зургадугаар сарын 1-ний “Хүүхдийн баяр”-ын өдөр Партизаны САА-д том халтуур хийж, 700 төгрөгийн цэвэр ашиг өвөртөлж, лут цулайж билээ. Энэ бол тэр үеийн дээд мэргэжилтэй хүний нэг сарын цалинтай тэнцэх мөнгө шүү дээ. Цаашдаа фото миний амьдралын салшгүй хэсгээр тодорч, би өглөө нь хичээл, бусад цагаар нь зөвхөн зургийн аппарат шагайна. Бас би чинь тэр үедээ өдрийн хоол “Улаанбаатар”, оройн зоог “Баянгол” ресторанд тухлан, хажуугаар нь 5-6 найзыгаа “толгой өвдөхгүй” ивээн тэтгээстэй.

-Хуучны Ажилчны районы (одоогийн Хан-Уул) хүүхдүүд ч адтай, спортод элдэвтэй байсан даа.

-Тэр гарцаагүй үнэн. Манайхан бол Рио-де-Жанейро л гэсэн үг, бүгд спортын булчирхайтай. Миний аав Б.Батсүх чөлөөтийн дэд мастер цолтой, Жүдогийн холбооны генсек асан Бөхбатын аав гавьяат Ч.Машбат багштай их ходий андууд гэлцдэг. Би ч өөрөө “Хөдөлмөр” нийгэмлэгийн Х.Намшир багшийн чөлөөт бөхийн секцэнд нухлуулаад авсан удаатай. Манай дошны миний үеийнхэн хөлбөмбөг, сагсанд нугасгүй, харин миний сонирхол үндэсний бөх. Тэгээд л Төв талбайгаас Төв цэнгэлдэх рүү шилжсэн гэх үү дээ.

-Нэг үгээр хэлбэл, спортын салбар руу татагдсан гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Эхлээд ч стадион руу аргалж, зальдаж ороод, бөхийн хэдэн кадр дарж байгаад цагдаад чихдүүлээд л хөөгдөнө. Хашрахгүй, дахин ороод л төдөлгүй баригдана. Харин мандат зүүж, ногоон талбайгаар чөлөөтэй холхисон, “Таван цагариг” сонины С.Энхжаргал нарын “пээдгэр” зурагчдыг хараад дотроо битүүхэн атаархаад л. Тэгээд дараагийн фронт Спортын төв ордон руу давшлаа. Ордны гэрэлтүүлэг тааруу, миний “вспышка” муу тул эхлээд ч овоо бүтээл тодорсонгүй. Мөн тэр үеийн “Таван цагариг” сониныг байнга уншиж, спортын сэтгүүлчийн замналаар замнах нь зүйтэй гэж дотроо хатуу бодсон. Удалгүй 2000 оны улсын наадмыг тэр агуу мандат гээчтэй нь айх аюулгүй албан ёсоор сурвалжилж, долоовор хуруугаа цэврүүттэл зураг дарсан “дебют” маань амжилттай гэж жигтэйхэн, би бөөн баяр, сэтгэл өег. Харин 2009 онд Хонконгод болсон Зүүн Азийн VII наадмын жүдо бөхийн зураг авалт хийсэн нь анхны гадаад томилолт. Энэ бол миний гэрэл зурагчны карьерын шинэ шат болсон доо. Зүүн Азийн, найман орон өрсөлддөг бүс нутгийн наадмаар олимпийн аварга Н.Түвшинбаяртай танилцаж, намайг жүдо рүү эргэлт буцалтгүй элсүүлэн, олон сайхан тамирчидтай танилцуулан, олимп дэлхийтэй холбосон дүү минь юм шүү.

-Танай “Монгол буйдан” компани бөхчүүдийг овоо ивээн тэтгэдэг байсан даа.

-Ийм сонин тохиолдол болсон юм. Би байр түрээслэх зар өгсний дагуу над руу нэгэн пээдгэр дуутай залуу утасдаж, “квартир” үзэх санаагаа хэлэв. Бид ч төдөлгүй уулзахад одоогийн улсын арслан, Хөвсгөлийн Х.Мөнхбаатар, аймгийн арслан О.Батцэнгэл нар байх нь тэр ээ! Үндэсний бөх сонирхдог, дээр нь нутгийн дүү ороод ирснийг ч хэлэх үү, гэрээгээ ч дор нь жин тан. Х.Мөнхбаатар маань тэр долоо хоногтоо танхимын барилдаанд түрүүлж, бай шагналаасаа хишиг амсуулсанд их бэлгэшээсэн.Дүү маань одоо болтол сайхан амьдын харилцаатай байдагт баярлаж л явдаг. 1996 оноос эхэлж, 2003 онд албан ёсоор байгуулсан, Улаанбаатартаа тавилгын анхдагч үйлдвэрүүдийн нэг “Монгол буйдан” компанийн маань ажил үйлс ид амжилттай өрнөж байсан үед спортод сэтгэлтэйн улмаас миний бие Хөвсгөлийн хүчтэн Ц.Содномдорж (улсын арслан), А.Батмөнх (улсын начин, өдгөө Цагаан-Үүр сумын Засаг дарга) нарыг залуу бөхөөс нь дэмжин цалинжуулж, уураг, тэжээл, санхүүгийн урамшуулал олгож ирсэн. Тэр үед манайд хэдхэн том компани л өөрийн гэсэн бөхтэй байсан үед өчүүхэн би бээр сэтгэлээрээ ийм алхам хийж байсан юм.

-Зүүн Азийн наадмаас хойш том Азийн наадам руу дэвшсэн талаар?

-Гуанжоу-2010 Азийн зуны спортын XVI наадамд мөн л жүдогийн багаа дагасан. Гэхдээ хажуугаар нь яаж зүгээр байх вэ, хэд хэдэн тэмцээнийг дурандаад авсан. Хамгийн дурсгалтай нь +100 кг-ын жинд манай Х.Мөнхбаатар нь Хятадын жүдоч Ван Хаод ялагдаж яваад, шийдсэн мэхээр цэвэр савж, хүрэл медалиар энгэрээ мялаасан торгон мөчийг хальснаа буулгаж, тэр фото Азийн наадмын шилдэг зургийн галерейд тавигдсан шүү. Манайхан тэр зургийг “Арслангийн хүрхрэлт” гэж нэрлэснийг хожим нь л харсан.

-Бага Ази, том Ази тэгээд хэзээ дэлхий рүү хөл тавьсан билээ?

-Тэр жилийн намар. “Токио-2010” жүдо бөхийн ДАШТ-ийг албан ёсны мандаттай сурвалжилсан. Манайхаас Х.Цагаанбаатар, М.Бундмаа нарын дэлхийн хүрэл медаль зүүхийг харж, дурандаа хичээнгүйлэн тольдож, зүрхэндээ тод томруун үлдээсэн сайхан мөч. Дэлхийн 117 орны 841 шилдэг жүдочид үзэлцсэн тэр том тэмцээний “утаа үнэрлэж” ,бүр жүдогийн эх орон Японд үзнэ гэдэг том хувь заяа. Бас 2011 оны Парисийн ДАШТ-д зураг авсан.Дашрамд дурдахад, тэр жил зургаан хүнтэй “Фото тийм”-ийг удирдан, 6000 бөх оролцсон “Үндэсний бөх Гиннест” цомгийг гаргасан.

-Лондон-2012 олимпийн наадамд “зодоглосон” үеэ дурсана уу.

-Энэ бол дэлхийн хүн бүрийн мөрөөдөл. Хүн төрөлхтний баяр цэнгэлийн манлай олимпийн наадмыг дуран авайтайгаа сурвалжилна гэдэг миний хувьд тэнгэрийн умдаг атгасан мэт. Лондон-2012 олимп бол монголчуудын хувьд их онцгой наадам. Бээжингийн хоёр алттай, хоёр мөнгөтэй олимпийн дараа энэ агуу амжилтаа бууруулахгүй оролцоно гэсэн өндөр зорилттой “TEAM MONGOLIA”-гийн бүрэлдэхүүнд багтан, будант Альбионд буусан. Би ч хамаг аппарат дагалдах хэрэгслээ үүрээд, их олимпийн том ачааллыг даан, тэмцээнээс тэмцээн рүү хөлсөө дуслуулан гүйж, бүгдийг амжуулахын төлөө зүтгэсэн, харин жүдотой давхцаад байт харваанд л очиж амжаагүй. Манайхан хоёр алт, гурван мөнгөн медаль хүртэж, түүхэндээ нэг олимпоос хамгийн олон буюу таван медаль хүртсэн рекорд тогтоосон наадам.

-Олимпийн үед гадаадын нэгэн жүдочны агаарт тогтсон барилдааны ховорхон мөчийг буулгасан тэр фото ОУОХ-ны шилдэг зургийн цомогт багтсаныг санаж байна.

-Тэр жинд бид бүгдээрээ л Х.Цагаанбаатарыг олимпийн аварга цолыг хүртэнэ гэж бат найдсан. Гэтэл манай бөх эрт ялагдаж, бид бөөн гуниг. Гэвч гэрэл зурагчны “агшин агнах” мөч хэзээ ч зогсохгүй, тасралтгүй үргэлжилнэ шүү дээ. Олимпод анх удаа зодоглосон Гүржийн залуу жүдоч Л.Шавдатуашвили шинэ аваргын барилдааны зургийг дарсан нь тэр. Сониноос би олимпийн нээлтэд иртэл “Пресс” хэсэгт суудал пиг. Гэтэл нэг өндөр нөхөр тун ашигтай байрлалтай атлаа зүгээр л сонирхогчийн жижиг аппарат барьсан нь нүдэнд өртөв. Би ч түүнд “местоо” солилцох санал тавьж, зургаа үнэгүй өгөхөөр “Махнём” гээд л амласанд тэр гүрж эр дор нь зөвшөөрсөн юм. Тэгээд л Тбилиси хотоос ирсэн Г.Чанишвили маань бараг миний туслахаар ажиллаж, тэр ч миний дарсан чанартай кадруудыг эх орон руугаа илгээн, би Гүрж улсад их буян үйлдсэн дээ.Энэ бол спортын их гэр бүлийнхний чин сэтгэлийн хамтын ажиллагаа, олимпизмийн үзэл санаа юм шүү. Нэгэн удаа тосгоны гадаа дэлхийн топ модель, Бразилийн мисс А.Амбросиотой санамсаргүй танилцан, хаалтын ёслолын өмнөх бие халаалт “прогон”-д уригдаж, Рио-2016 олимпийн элч төлөөлөгч домогт Пеле, теннисчин Гуга, модель Наоми Кемпбелл “Спайс гёлз” хамтлагийнхантай цуг байх гайхамшигтай мөчийг өнгө-рөөснөө хэзээ ч үл мартана. Тэгээд л олимпийн дурсамж дүүрэн агшин, спортын одод, хэвлэл мэдээллийн том агентлагууд гээд олимпийн гэгээлэг дурсамжаа сөхвөл тоо томшгүй.

-Монголын хамгийн их хүйтний цэг Тосонцэнгэлд унасан хүмүүн Сочи-2014 өвлийн олимпод ажраагүй биз?

-Сочи хотод цагаан олимп болж буй ч дороо хайлмаг цастай, дээрээс халуун нар шараастай. Ууландаа бол тэс өөр, жинхэнэ өвлийн уур амьсгал, дүр төрх цогцолно. Өвлийн олимпод бол манайхаас хоёр цаначин оролцсон тул би цаг зав ихтэй. Наадмын сонин содон кёрлинг, цанын харайлт, биатлон, чарга, бобслей, уран гулгалт, хоккей зэрэг төрлүүдийн зургийг шавиагаа ханатал авсан. Тэнд бас орон орны мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцаж, бараг л “Ganbaa photo team” байгуулж, БНХАУ, Герман, Литва, ОХУ, БНСУ, Япон, Беларусь, Швейцарийн найзуудтайгаа үйл ажиллагаагаа нэгтгэж, тэдний захиалганд хааяа гүйн тусалж, өөрөө ч бас найзууддаа зураг захиалж, олон улсынхантай мөр зэрэгцэн ажилласан. Бид одоо болтол нягт холбоотой, удахгүй бүгдээрээ Токиод уулзана.Олимпод оролцож, аппаратны товчлуур дарна гэдэг нэг асуудал олимпийн тавцанд монгол зурагчин хэмээн өндөр түвшинд үнэлүүлнэ гэдэг л хамгийн бахархам, чухал асуудал. Эх орны нэр хүнд гэж ямагт боддог шүү.

-Та хэзээ Токио-2020 олимп руу зорих гэж байна. Тэнд хүндрэл хэр зэрэг учрах бол?

-Бидний хэдэн сэтгүүлч эх орноо төлөөлөн Япон улс руу наадмын дараа нисэхээр захиалгаа өгсөн. Энэ бол миний тав дахь олимп болж буйгаараа онцлогтой. Сүүлд Пёнчан-2018 Цагаан олимпод зураг авч үзэсгэлэнгээ олон нийтэд толилуулсан. Ер нь “дайлаар мордсон” бүх олимп, бас Инчён-2014, Жакарта-2018 Азийн наадмын гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан, олон ч хүмүүс хүрэлцэн ирж үзсэн.

-Та ноднин Унгар улсаас олон улсын гэрэл зурагчдын том шагнал гардан авсныг дотоод, гадаадын хэвлэл мэдээллээр өргөнөөр мэдээлсэн. Энэ шагналынхаа талаар тодруулна уу.

-Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (ОУССХ – AIPS)-ноос спортын гэрэл зургийн дэлхийн уралдаан зарлахад түүнд 125 орны 1796 бүтээл ирүүлсэн. Ер нь ОУССХ нь 1924 онд байгуулагдсан, таван тивийн спортын сэдвээр дагнан уран бүтээлээ туурвидаг сэтгүүлч, гэрэл зурагчдыг нэгтгэсэн хүчирхэг том байгууллага. Манай Спортын сэтгүүлчдийн холбоо 1992 онд бас Будапештийн их хурлаар гишүүнээр элссэн түүхтэй. Монгол Улсын түүхэнд энэ том дэлхийн уралдаанд анх удаа “ТОП-3”-т шалгаран, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгасандаа туйлын баяртай байдаг даа.

-Та яг ямар сэдэвтэй гэрэл зургаар хүч сорьсон бэ?

-Надад анх Монголын спортын сэтгүүлчдийн холбоо (MSPU)-ны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар “Сато” энэ уралдаанд оролцохыг шаргуу зөвлөж, бүр хатуу үүрэг өгсөн.Өмнө нь С.Энхжаргал, Г.Эрдэнэтуяа, Э.Харцага нар гэрэл зургаа илгээж байсан юм билээ. Тэгээд л би “намын даалгавар”, сэтгэлийн дуудлагаар өөрийгөө сойж, олон зургуудаасаа дотоод сонголтоо эхлүүлсэн. Эцэст нь “Уурга шүүрэх мөч” (Before a cafch) гэдэг хөдөөний адуучин залуугийн морины давхиан дунд газраас уурга шүүрч буй хурц агшинтай хурд хөдөлгөөн хосолсон зургаа ОУССХ-ны төв штаб байрладаг Италийн Милан хот руу илгээсэн. Би санамсаргүйгээр Төв аймгийн Лүн сумын адууны алдар тэмдэглэх бэсрэг наадамтай замд тааралдаад энэ агшныг дарсан. Бас газар суурилуулдаг шинэ төхөөрөмжөө туршиж үзсэн нь ийм амжилтад хүрэхэд дөмөг нөлөөлсөн. Мөн нүүдэлчин ардын бэлчээрийн монгол адуу хэзээ ч замын чулуу өшиглөдөггүй гэсэн малчин ардын “теорем” нотлогдож, давхисан морьд зоосон аппаратыг огт хөндөөгүй шүү. Миний бүтээл 1786 зургаас эхлээд шилдэг 30-д шалгарсан, дараа нь “нарийн шүүр”-ээр топ арав руу дэвшсэн. Ингээд финальд шалгарсан 10 гэрэл зурагчны бүх зардлыг AIPS дааж, нэр хүнд бүхий олон улсын шүүгчид Будапештийн 87 дугаар их хурлын халуун цэг дээр эхний гурван байрыг эцэслэн тодруулсан юм. Колумб, Хятадын мэргэжил нэгтнүүд миний өмнө орсон.Миний шагналыг Олон улсын жүдогийн холбооны ерөнхийлөгч М.Визер гардуулахад сэтгэл их хөдөлсөн. Энэ том зүтгэлтэн надад баяр хүргээд, “Монголын бүх жүдочдод миний мэнд дамжуулаарай” гэсэн. Мөн Монгол Улсаас Унгарт суугаа Элчин сайд З.Батбаяр, Будапешт хотод буй монголчуудын төлөөлөл тэр ёслолд хүрэлцэн ирсэнд маш их баярласан, их ч урам зориг хайрласан хэзээ ч мартагдашгүй үйл явдал.Хүн болгон MONGOLIA MONGOLIA гэж баяр хүргээд л, зургаа хамт даруулаад л, би одоо од юм уу хаашаа юм бэ (инээв) Ер нь түүх сөхөхөд манай чөлөөт, жүдогийн спортынхонд Дунай мөрний эрэг дээрх үзэсгэлэнт Будапешт хот их ээлтэй буянтай газар юм шүү. Харамсалтай нь нөгөө гэрэл зургийн баатар, адуучин залуу зуурдаар нас барсныг сонсоод, би гэр бүлийнхэнтэй нь зориуд уулзан, гэргийд нь шагнал хүртсэн зургаа бэлэглэж, эмгэнэл илэрхийлсэн дээ, хөөрхий.

-Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны мэргэжил нэгт нөхөдтэйгөө хэр зузаан хамтарч байна?

-Мэдээж мэргэжил нэгт нөхөдтэйгөө аль болох ойр дотно хамтрахыг хичээдэг. Би бас тус холбооны дэд ерөнхийлөгч. Тэдний дотор миний багш ч байна, шавь ч байна, найз ч байна. Бид бүгд дуран авайгаа агсан, нэгэн үйлсийн төлөө зүтгэж, чиглэл чиглэлээрээ ард түмнийхээ түүхийн хуудсыг мөнхөлж буй “зэвсэг нэгт андууд”. “Хамаг бүхэн бороо шиг арилж, харин гэрэл зураг шороо шиг үлдьюү” гэдэг мэргэн үгэнд их дуртай. Б.Даваасамбуу, Б.Сугаржав, С.Цацрал, Д.Октябрь гээд олон чадалтай зурагчдаараа бахархдаг. Мөн анд найз Б.Чадраабал, П.Энхбаяр, Б.Болор-Эрдэнэ, В.Баттулга… нарын энд нэр нь дурдагдаагүй үеийн олон сайхан андуудтайгаа алдаа оноогоо байнга хэлэлцэн, туршлага солилцохын зэрэгцээ өсөх ирээдүйтэй, авьяаслаг залуу үеэ байнга дэмжихийг эрмэлздэг. Нэгнийхээ зургийн үзэсгэлэнг дэмжих, хөдөлмөр алдрыг нь тэмдэглэх, хүнд хөдөлмөр эрхэлдэг гэрэл зурагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, гадаад дотоодын түвшинд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар нэгдсэн бодлогоо хэлэлцдэг. Нэг үгээр хэлбэл, бидэнд хийх ажил зөндөө байна.

Спортын сэтгүүлч

Ж.ОТГОНЦАГААН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *