БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хе төрийн нууц материалыг найз Чой Сүн Шилдээ задруулсан гэх хэргээр албан тушаалаасаа огцорч, эдүгээ цагдан хорих төвд саатуулагдаж байгаа билээ.
Тэгвэл түүний найз Чой Сүн Шилийн охин Чан Юу Раг өнгөрсөн долоо хоногт Даниас албадан эх орон руу нь буцаасны дараа Өмнөд Солонгосын цагдаа нар саатуулаад байсан юм.
Тэгвэл сүүлд авсан мэдээллээр охиныг нь энэ сарын 3-нд суллажээ. Чан Юу Раг тавдугаар сарын 31-нд Амстердамаас Инчён чиглэлийн онгоцонд сууж, нисэх онгоцны буудалд хүрэхэд нь баривчилжээ.
Прокурорууд түүнийг морин уралдааны бэлтгэл хийх зорилгоор Самсунг компаниас их хэмжээний мөнгө авсан, түүний ээж нь экс Ерөнхийлөгч Пактай дотно байдлаа ашиглан авлига авсан гэх хэрэгт буруутгаж байгаа. Гэхдээ Сөүлийн төв шүүх энэ сарын 3-нд “Баривчлах шалтгаан хангалттай бус” хэмээн үзэж, прокурорын баривчлах хүсэлтэд түдгэлзсэн хариулт өгснөөр түүнийг сулласан байна.