Кино
найруулагч Чоймболын Жумдаантай уулзаж хөөрөлдлөө. Тэрээр ЗХУ-ын Бүх холбоотын
Кино урлагийн дээд сургуулийг 1980-1985 онд А.А.Алов, В.Н.Наумов нарын урланд найруулагч мэргэжлээр төгсөхдөө бүх шалгалтаа
онц дүнтэй өгч, нэрт зураглаач Д.Баттулгын амжилтыг 20 жилийн дараа давтан
улаан дипломын эзэн болж онцчуудын хүндэтгэлд мөнхөрснийг төрөлх сургуулийнхан
нь эдүгээ ч бахархан дурсдаг аж.
-Монголын кино
урлагтай холбогдсон түүхээсээ манай уншигчидтай хуваалцаач?
-Төв аймгийн
Дэлгэрхаан сумынхаа бага сургуулийг төгсөөд 24 дүгээр сургуульд суралцаж
байгаад ХБДС-д элсэн орж 1968 онд төгссөн. Тэгээд Улсын филармонид хөгжимчнөөр
ажиллаж байгаад 1971-1975 онд УБДС-ийн Кино драмын ангийг жүжигчний мэргэжлээр
төгсч “Монголкино” үйлдвэрт 1976 оноос орчуулгын киноны жүжигчнээр ажиллалаа.
Бүх холбоотын Кино урлагийн дээд сургуульд суралцаж найруулагч, жүжигчин
мэргэжлээр төгссөн минь амьдралын минь сайхан он жилүүд яах аргагүй мөн шүү.
Манай сургуулийг чинь АНУ-ын Ерөнхийлөгч асан Р.Рейган хүртэл төгссөн гээд бод
доо.
-Та анх ямар
кинонд тоглож байв?
-Кинонд намайг
хөтөлж оруулсан хүн бол урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Доржпалам
багш минь юм. Нэг бэлгэшээлтэй зүйл
хүүрнэхэд “Бушхүүгийн үлгэр” кинонд 1980 онд агуу их ардын жүжигчин Гэндэн
гуайн хүү болж хаан хөвгүүний дүрд тоглосон. “Чимгээгийн төрсөн өдөр”-ийн Бат-Оргил, “Тунгалаг Тамир”-ын Жаргал,
“Хонины найр”-ын Хуяг, “Бушхүүгийн
үлгэр”-ийн хан хүү, “Алтан шонхор”-ын Соривт, “Тод магнай”-гийн түшмэл зэрэг
олон гол, туслах дүрд жүжигчний хувьд авьяас сорьж л явлаа. Орчуулгын хориод
кинонд орчуулгын найруулагчаар ажилласан байдаг юм.
-Таны
найруулсан “Эргүүлэг” уран сайхны кино дэлгэцнээ гарсан даруйдаа нийгэмд их
цочроо өгсөн санагддаг. Өөрчлөн байгуулалт ид яригдаж байсан үед социализмын ёс
суртахууны оршуулгыг та бараг хийчихсэн юм биш үү?
-Хойно сургуулиа
дүүргэж ирээд “Хүний хүн” уран сайхны киног 1987 онд хийсэн. Бурхан болооч
Балжинням найруулагч маань “Ай хөөрхий, чи минь” гэж зохиол бичсэнээ “Энэ киног
ганцхан Жумдаан л хийнэ” гээд надад итгэл хүлээлгэсэн хэрэг. Энэ нь намайг сайн
гэсэн ч үг биш байх. Ингээд 1989 онд “Эргүүлэг” киног тэр үеийн үзэл суртлын их
олон даваа бэрхшээлийг туулж байж хийсэн. Хийсэн хойно ч их хэл ам дагуулсан.
Тухайн үед нийгэмд бугшсан идээ бээрийг гаргаж тавихдаа их хурцаар өгүүлсэн.
Ногоон малгайтнууд хүрч ирээд гэрийг нь буулгахаар тооноо өөрөө хага шидэж
байгаа хэсэг бий. Тангаргын үг энэ тэр ч “Тэнгэрийн сум болъё. Муу муухай
биднээр төгсгөл болог” гэсэн санаатай.
-Та энэ
киногоороо тухайн үеийн нийгэмд ямар дохио өгье гэж бодож байв даа?
-Эхлэл, төгсгөл
дээр Сэлэнгийн их эргүүлгээс хөл алдахгүй гараад явчихаж байгаа монгол морины
зураглал байна. Монгол морь ямар ч их эргүүлэгт живдэггүйтэй адил монгол хүн ч
гэсэн хувь заяаны эргүүлэгт амьдралаа сүйрүүлэхгүй гэсэн ёгт санааг кинонд
зангидаж өгсөн хэрэг л дээ. Ёс заншлаа хаячихсан талаар хөндөж өгсөн. Тухайн
үед төрийн шагналт зохиолч П.Пүрэвсүрэнгийн “Өшөө”, сэтгүүлч Ц.Балдоржийн
“Хэрээ” ч бил үү, ийм ёс суртахуун хөндсөн мундаг зохиолууд хэвлэлд гарч байсан
нь ч бас нөлөөлсөн гэж болно. Оюутан байхдаа ч адармаатай, зоримог байсан минь
ч нөлөөлсөн л дөө. “Эргүүлэг” киног Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөний үеэр
үзүүлж бөөн л юм болж байлаа. Тэр үед Да.Ганболд, Р.Гончигдорж нар улс төрийн
олон эшт үзлийг буулгасан уран бүтээл гэж үнэлсэн л байдаг юм. Энэ кинон дээр
гэхэд тас хар хувцастай рок дуучид цав цагаан хувцастай охинтой төмөр зам дээр
уулзаж байгаа чинь хүний дотоод сэтгэл, нийгмийн мөн чанарын зөрчлийг харуулж
байгаа юм.
-Энэ батламж дээрээс харж байхад та “Мандухай
цэцэн хатан” кинонд орлон тоглогч нарын ахлагчаар оролцож байжээ?
-Монгол киноны
алтан үеийн аваргуудын хийсэн үнэхээр сайхан кино шүү дээ. Ерөнхийдөө дэлгэц
дүүрэн л хүмүүс байлдаад байгаа ч морьтны болон явган сэлэмт тулалдааны хэсэг
гээд зуу хүрэхгүй тамирчны тоглолт байгаа юм. Явган байлдааныг Хаянхярваа
хурандаа удирдаж байсан. Харин аз болоход тамирчид бэртэл гэмтэл аваагүй.
Оюутан цагаасаа л “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Үхэж үл
болно, Чингис хаан”, “Алтан шонхор” зэрэг Монголын болоод гадаадын хамтарсан
хорь гаруй кинонд каскадерын багтайгаа ажилласан байна. Гадаадын уран
бүтээлчидтэй хамтарсан кинонууд дээр морин дээр зэвсгээ эзэмших, морьтойгоо
харьцах талаар ургасан юм шиг зохицолдсон байдаг юм шүү. Монгол морь биеийн
хөдөлгөөнөөр эргэх, тойрохыг мэддэг. Тэгэхэд гадаад үүлдрийн адуу поло тоглоход
хүртэл замынх нь чулууг зайлуулж, нүхийг бөглөх шахдаг гэдэг юм шүү дээ. Алдарт
Хаянхярваа хурандаагаас орлон тоглогчийн уран бүтээлийн сайн сайхныг мэдэрсэн
юм.
-Та Монголд
Японы кендог оруулж ирж байсан гэж сонссон юм байна?
-Анхдагч гэдэг
утгаар 1998 онд Цагдаагийн ерөнхий газрын тусгай тасгийн тамирчин дайчидтай
Равдангийн Батжаргал найзынхаа хамт кэндог эхлэн хичээллүүлж, Монголын
кэндогийн холбоог байгуулж байлаа. Цагдаагийн 808 дугаар ангиас гарсан
Ганбаатар, Өсөхөө, Төмөрөө, Сүхээ, Галбаатар нарын шавь нар маань албаа сайхан
хашиж байна. Кэндо бол хулсан сэлмээр тулааны урлагийг эзэмшдэг. Хулс, модон
илдээр эхлээд ган сэлмийг төгс эзэмшинэ гэсэн үг шүү дээ. Кэндо өнөөдөр сайхан
хөгжиж байгаа. Өнгөрөгч хавар Токиод болсон тэмцээнд Р.Батдорж нарын манай
залуус амжилттай оролцоод ирсэн.
-Морин полог
бас оруулж ирсэн гэл үү?
-Францын
киноныхонтой хамтарч уран бүтээл хийж байхад бас л тэр үед оруулж ирж байсан.
Заан, морин, тэмээн гээд олон поло байдаг. Монголын морин пологийн холбооны
ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Лувсанвандангийн Болдхуягтаа баярлаж явдгаа
хэлмээр санагддаг.
-“Тэнгэрийн
сахил” гэдэг киног та найруулаагүй бил үү?
-Миний найруулсан
хандмаа нарын аж төрлийн тухай кино л доо. Найман бүлэг өнгөт энэ киноны
зохиогчоор төрийн шагналт зохиолч Дамбын Төрбат, зураглаачаар Жигжидийн Биндэр,
зураачаар Одонгийн Нямдаваа, хөгжмийн зохиолчоор төрийн шагналт Бямбасүрэнгийн
Шарав ажиллаж, гол дүр Агиймаад жүжигчин Б.Эрдэнэцэцэг маань тоглож байлаа. Энэ
кино 1994 онд Францын Роттердам хотод зохиогдсон олон улсын кино наадмаас
шилдэг хорин киноны нэгээр шалгарч байсан даа.
-Та сүүлийн
үед ямар уран бүтээл туурвиж байна?
-Францын уран
бүтээлчидтэй хамтарч “Алдас” гэж боксчны амьдралын тухай кино хийж, Барселоны
олимпийн медальт тамирчин Баярсайхан тоглосон. Уг нь би энэ киногоо 1988 оны
Сөүлийн олимпийн хүрэл медальт Нэргүйн Энхбатад зориулж зохиолыг нь бичсэн ч
ичсэн үү, бэлгэшээгээгүй ч юм уу зохиолыг нь уншчихаад бултсан юм даг. (инээв.
сур) Хөдөө нутаг минь хоосорлоо, хүн чанар үгүйрлээ гэсэн утгатай энэ кинонд
ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ их сайхан аялгуу оруулсан даа. Гадны улсын хөрөнгөөр
хийсэн болохоор Монголдоо ч ганц хувь байхгүй шахуу болсон доо. Зах зээлийн
нийгэмд бас хөлөө олохгүй л яваа хүн. Намайг сайн уран бүтээлч гээд мөнгөө
бариад ирэх хүн олдохгүй юм. Гүзээнд наалдсан дэлүү гэгчээр Дамбын Төрбаттайгаа
хамтарч хэд хэдэн кино хийж байна. Гүег хааны тухай “Төрийн мэлмий” гэж зохиол
удахгүй дэлгэцнээ гарна.
-Дэлгэцийн
урлагтай амьдралаа холбосон хүний хувьд хамгийн том шагнал тань юу байв?
-Хоёр залуу
надтай таараад “Эргүүлэг” киног минь нүдэнд харагдтал ярьж өгч байлаа.
Найруулагч хүний хувьд үзэгчдийн энэ их урам эрчис надад уран бүтээлийн амьд
харьцааг хайрлаж, онгодыг минь хөглөсөн. Бас нэг том шагнал маань гэвэл “Мөнх
тэнгэрийн хүчин дор” киног хийж байх үедээ Балжинням найруулагч, Нагнайдорж
хоёр Сэлэнгийн тэнд зургийн газар үзэж явахдаа их өндөр эрэгтэй таараад “Энэ
эрэг рүү сүйх тэрэгтэй хүн үсэргэнэ дээ. Хэнийг үсэргэхэв” гэхэд “Жумдаан л
байна ш дээ” гэлцсэн байгаа юм. Энэ л наддаа том шагнал шүү дээ. Киргизийн нэрт
жүжигчин, нэрт орлон тоглогч Кудабергеновын гарын шавийн хувьд надад энэ үг
хангалттай. Би энэ хүнд шавь орж орлон тоглогчийн гурван сарын дадлага сургууль
хийсэн юм. Багш маань “Юность Гений” кинонд өндөр хясаан дээрээс морьтойгоо
үсэрч, нуур руу орсноо ярьдаг байсан. Морь нь зүрх нь хагарч үхсэн байсан
гэдэг. Одоо ч цахимаар эвлүүлж болж байна. Бидний үед урлагт хүртэл бодит
байдлыг эрхэмлэн харуулна гэсэн үзэлтэй байсан болохоор Москвад суралцаж
байхдаа трамвайн завсраар автомашинтай гарах зэрэг аюултай үзүүлбэрт оролцдог л
байлаа шүү дээ. Энэ мэт уран бүтээлчийн эр зоригийн шалгуурыг мөн ч олон удаа
давлаа даа.