Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа” үзүүлж байна

“Улсын сүр цэрэгтээ

Цэргийн сүр жагсаалдаа” гэдэгчлэн Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдаан дөрөв дэх жилдээ Их эзэн Чингис хааны талбайд өнөөдөр ёслол хүндэтгэлтэйгээр эхэллээ.

Төв талбайн зүүн талаас Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим эгшиглэж, тус уралдааны хоёрдугаар шатанд шалгарсан ангийн цэргүүд жагсаалаар гарч ирэв.

Энэ жилийн уралдаанд нийт 31 цэргийн анги оролцсоноос эхний шатанд шалгарсан есөн анги хоёрдугаар шатанд дахин шалгарчээ. Үүнд Зэвсэгт хүчний 350, 084, 017, 150, 119, 029, Хилийн 0164, 0252, Онцгой байдлын аврах тусгай анги шалгарч, үзүүлэх тоглолт болон шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцож байна. Мөн “Хааны эрэлд-2016” олон улсын цэргийн хээрийн сургуулилтад оролцож буй 37 орны 2000 гаруй цэргийн алба хаагчид тус жагсаалыг сонирхож байлаа.

“Монгол цэргийн жавхаа” уралдаанд оролцож буй цэргийн анги нь цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, алба хаагчдын бие бялдарын хөгжил, жагсаалын ажиллагаа, цэргнйн эмнэлэг, харуулын байрны тохижилтыг зэрэг шаардлага хангасан байх ёстой ажээ. Харин энэ жилийн цэргийн ангиудын цэргийн хотхоны тохижилт 50 хувь, биеийн тамирын материаллаг бааз, бие бялдрын стандартыг 30 хувь, жагсаалын ажиллагаа 20 хувиар дүгнэгджээ.

Энэхүү уралдааныг санаачилсан сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар дахь цэргийн ангиудын тохижилт эрс сайжирч, алба хаах таатай нөхцөл бүрдэж байгааг албаныхан онцолж байв.

Уралдааны эхний гурван байрт шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, эмнэлэгийн хэрэгсэл олгох гэнэ. Үүнд:

  • Тэргүүн байр – “Тэргүүний тохижилттой, жагсаалч анги” өргөмжлөл, орон сууц, ангийн эмнэлэгт эмнэлэгийн хэрэгсэл
  • Дэд байр – “Өргөмжлөл”, орон сууц, ангийн эмнэлэгт эмнэлэгийн хэрэгсэл
  • Гутгаар байр – “Өргөмжлөл”, орон сууц, ангийн эмнэлэгт эмнэлэгийн хэрэгсэл
  • Тусгай байр – “Өргөмжлөл”, дөрвөн сая төгрөг, ангийн эмнэлэгт эмнэлэгийн хэрэгсэл
  • Шагналт байр – “Талархал”, бие бялдрын стандарт хэмжигчээр тус тус таван ангийг шагнах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *