Монгол Улсын ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Данийн үндэсний музей, Дани улсын Аархус хотын Моосгард музей хамтран “Чингис хааны тал нутаг: Монголын нүүдэлчид” үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэн нь энэ сарын 18-наас 2019 оны дөрөвдүгээр сар хүртэл Аархус хотын Моосгард музейд, дараа нь Данийн үндэсний музейд дэлгэх юм.
Үзэсгэлэн нь Данийн нэрт аялагч Хеннинг Хаслундын 1920-1930-аад онд цуглуулсан цуглуулгад тулгуурласан бөгөөд үзмэрүүдийн дотор Түүх, археологийн хүрээлэнгийн хөмрөг дэх Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Хагтын хадны оршуулгаас олдсон XIII зууны үеийн баатар эрийн хатмал шарил эд өлгийн зүйлсийг сэргээн засварлан анх удаагаа дэлгэжээ.
Тус модон авсны үзэгчдэд харуулах талын хулганы ялгадсыг цэвэрлэж, нөгөө талыг анх байсан чигээр нь үлдээсэн байна. Эмээлийн мод 3 хэсэг салсан байсныг сэргээж, бүтэн болгож харуулжээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан, Аархус хотын төлөөлөгч, Данийн үндэсний музейн болон Хеннинг Хаслундын гэр бүлийнхэн тэргүүтэй нийт 350-400 хүн оролцсон байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Данийн Моосгард музейн захирал Mads Kähler Holst хэлсэн үгэндээ, “Монгол Улс-Данийн Вант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр дэлхийг байлдан дагуулагч Чингис хааны тал нутаг, нүүдэлчдийн аж амьдралын талаар, эдгээрийг одоог хүртэл хадгалан өвлөж ирсэн ард түмний түүхэн, сонирхолтой үзэсгэлэнг Нордикийн оронд анх удаа гаргаж байгаадаа нэн таатай буйгаа илэрхийлээд цаашид хамтарч ажиллах, судалгааны чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэх чухал алхам боллоо” гэж цохон тэмдэглэв. Мөн тэрбээр энэхүү үзэсгэлэнг зохион байгуулахад гүн туслалцаа, дэмжлэг үзүүлсэн Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа ЭСЯ-ны хамт олон, БСШУСЯ, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн зэрэг хамтран оролцсон талуудад талархаж байгаагаа илэрхийлжээ.
Мөн тусгай үзэсгэлэнг хариуцсан эрхлэгч Pauline Asingh, куратор Camilla Sorensen Bjarno, Археологи болон Сэргээн засварлалтын салбарын дарга Peter Hambro Mikkelsen, сэргээн завсарлагч Helle Strehle нар Монгол Улсын ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал С.Чулууныг хүлээн авч үзэсгэлэнг танилцуулж, цаашид хатмал шарилын талаар хамтран судалгаа хийж хамтын бүтээл гаргахаар санал солилцсон юм.\