Эрдэнэзуу хийдийн Зуугийн дуганы тоосгоноос Чингис, Мөнх хаан зэрэг Монголын хаадын тамга бүхий 64 тоосго илэрсэн байна. Эдгээр тоосго нь 13 дугаар зуунд хамаарах нь тогтоогдсон хэмээн доктор З.Оюунбилэг өгүүлсэн талаар Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу твиттерт жиргэсэн байна. Эрдэнэзуу хийдийн талаар сонирхуулахад, Хархорин хотын туурин дээр үлдсэн чулуун ханыг зөөж уг хийдийг босгосон түүхтэй. Эрдэнэзуу хийд нь Монголын уламжлалт хот байгуулалтын дагуу баригдсан цорын ганц хийд бөгөөд Хархорум хотын ордны уран барилгатай ижил юм гэж ЮНЕСКО-гоос эрхлэн гаргасан “Монголын түүх соёлын өв” номонд бичжээ.
Өдгөө 18 сүм дуган үлдсэн бөгөөд одоо тус хийдэд анхны барилгуудаас Гурванзуугийн сүмүүд, Зуугийн сүм, Их суварга, Сэрүүн Лаврин байдаг. Эрдэнэзуугийн сүм дугануудад XVII зууны үеийн Монголын уран барималч, зураач, дархчуулын хийсэн алдарт сайхан бүтээлүүд гар зураг, хээ угалз, сийлбэр, баримал, цутгамал бурхад, суварга, тогоо, сангийн бойпор, сав суулга, хонх, очир, ганжир, үнэт чулуун чимэгтэй хорол мандал, цамын баг, хувцас зэрэг соёл урлагийн үнэт өвийг хадгалсаар иржээ.
Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Эрдэнэзуу хийдийн 18 бүтээлийг улсын эрдэнэсийн санд бүртгэж хосгүй үнэт зүйлийн зэрэглэлд хамааруулжээ.