Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, суурин дээр нь 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Чингис хаан” музейг барихаар болсон. Улмаар уг музейн барилгын ажил дуусч байгаа бөгөөд дотор нь байршуулах үзмэрүүдийг зэхэж эхэлжээ.
Энэ талаар Соёлын яамнаас мэдээлсэн байна.
Чингис хаан музейн төлөвлөгөөнд туссанаар, 15 танхимд нийт 6033 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл дэглэх аж.
Үүнээс 5927 ширхэг буюу нийт үзмэрийн 98.2 хувийг нь дотоодын эх үүсвэрээс бүрдүүлэхээр тооцоолжээ. Эдгээр үзмэрийн 5741 ширхэг үзмэрийг төрийн болон орон нутгийн өмчийн музей, номын сан, архив, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль 27 байгууллагаас татан авах аж. Харин 154 ширхэг үзмэрийг шинээр хийлгэхээр болжээ Мөн хөдөө орон нутгаас дөрвөн чулуун дурсгалыг татан авч байрлуулах юм. Түүнчлэн хувь хүний цуглуулгад байгаа дурсгалт зүйлийг хуулийн хүрээнд худалдан авч музейн үзүүллэгт дэглэх боломжийн талаар судалж байгаа талаар холбогдох яамнаас мэдээлсэн байна.
Харин 106 ширхэг буюу 1.8 хувийг нь гадаадын музей, номын сан, архив зэрэг байгууллагын эх үүсвэрээс бүрдүүлэхээр тооцжээ. Тодруулбал, гадаадын 11 орны музей, номын сан, архив зэрэг байгууллагаас 106 ширхэг үзмэрийн хуулбарыг авч музейн үзүүллэгт дэглэхээр төлөвлөсөн аж.
Өнөөдрийн байдлаар ОХУ-аас нэг хуулбар, Польш улсаас нэг захидлын хуулбар, ХБНГУ-аас дөрвөн хөрөг зургийн хуулбар, Их Британи улсаас хоёр тэмдэглэлийн цахим хуулбарыг тус тус хүлээж авсан байна.
Мөн Япон, Австри улсаас авах нийт 12 үзмэрийн хуулбарыг авах асуудлаар холбогдох байгууллагаас зөвшөөрлийг авчээ.. Мөн Тайванийн Хааны ордон музейгээс Юань улсын түүхэнд холбогдох 34 эд зүйлийн хуулбарыг хүлээлгэн өгөх тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байна.