Categories
мэдээ спорт

“Чингис хаан” гранприд 50 орны жүдоч өрсөлдөнө


Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох уламжлалт “Чингис хаан” гранпри
тэмцээн ирэх долдугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох
билээ. Энэ жилийн тэмцээн өмнөх жилүүдийнхээс ихээхэн онцлогтой болох
гэж байна. Олон улсын жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор энэхүү тэмцээнд
түрүүлсэн жүдоч чансаандаа 300, дэд аварга 180, хүрэл медальтан 120 оноо
нэмж авах юм.

Өнгөрсөн жилээс эхлэн Гранпри ангилалд багтсан “Чингис хаан” Гранпри
тэмцээн гурван өдөр үргэлжлэх юм. Одоогоор Япон, ОХУ, Их Британи, Франц,
Гүрж, Казахстан, Израиль зэрэг тэргүүтэй 50 орны 300 гаруй жүдоч
оролцохоор албан ёсоор мэдүүлгээ ирүүлээд байгаа аж. Манай улсын хувьд
зохион байгуулагч орны давуу байдлаар жин тус бүрт дөрвөн жүдоч зодоглох
учир олимпийн оноогоо хамгийн дээд шөвшнөөр ахиулах боломжтой.

Харин манай улсад Их Британийн жүдочид хоёр долоо хоног хамтарсан
бэлтгэлийг хийлээ. Нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй тус багт олимпийн мөнгөн
медальт Жемми Гиббонс болон залуучууд, насанд хүрэгчдийн шигшээ багийн
18 жүдоч, дөрвөн дасгалжуулагчийн хамт ирээд буцлаа. Мөн манай улсын
жүдочид Япон улсад хамтарсан бэлтгэлийг хийжээ. Ийнхүү 18 хоногийн дараа
эхлэх “Чингис хаан” гранпри тэмцээнээр хамтарсан бэлтгэлийн үр дүнг
харна гэдгийг зохион байгуулагчид онцлов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *