Нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн шинэ барилгын шавыг тавьжээ.
Шав тавих ёслолд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Г.Баатар болон хэлтэс албадын дарга нар оролцов.
Тус ангийн хуучин барилга 1957 онд ашиглалтад орж байжээ. Аврах гал унтраах 10 дугаар анги Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн нийт дуудлагын 40-50 гаруй хувьд дуудагддаг ачаалалтай ажилладаг. Хуучин барилга газар хөдлөлтийн чичиргээнд тэсвэргүй, ажилчдын ажиллах орчин нөхцөл муу зэрэг олон хүчин зүйлийг харгалзан шинэ барилгын ажлыг эхлүүлж байна гэж ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян дурдлаа.
Шинээр баригдах байр цутгамал төмөр бетон, хийц бүхий зоорьтой, 7 давхар, 37690 м/куб олон улсын стандартад нийцсэн байх бөгөөд үндсэн болон туслах албаны 12 автомашины граж, амрах байр, өрөө тасалгаа, танхим зэрэг төлөвлөгдсөн байна.
Мөн нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, олон улсын стандартад нийцсэн орчин үеийн шийдэл бүхий 500 хүний багтаамжтай хурлын танхим, 150 хүн хооллох танхим, 170 гаруй өрөө тасалгаатай байх юм. Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд зарлан мэдээлэх нэгдсэн төв байрлаж, төвийн болон бусад албадтай холбогдон шуурхай байдал хангаж ажилладаг байхаар төлөвлөжээ. Уг барилгыг 2021 оны 11 сард бүрэн ашиглалтад оруулахаар “Голден лайт групп” компани барилгын ажлыг гүйцэтгэж байна.