Categories
мэдээ цаг-үе

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд коронавируст халдварын нэг тохиолдол батлагдлаа

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд ковид-19-ийн нэг тохиолдол батлагдлаа. Тус дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч 66 настай иргэн Г нь биеийн байдал хүнд оноштойгоор өчигдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн автомашинаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэгдэн ирсэн байна.

Тухайн иргэнд түргэн тусламжийн төвийн эмч болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ хийхэд хариу СӨРӨГ гарсан бөгөөд оношийг баталгаажуулах үүднээс PCR шинжилгээг авчээ.

Улмаар өвчтөнийг тусгаарлан ажиглах байранд шилжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байсан аж. Харин өнөөдөр өвчтөний PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан тул ХӨСҮТ-д шилжүүлж эмчилгээ, шинжилгээ, тандалт, ажиглалтад хамруулахаар болсон байна.

Үүний дараа голомтын ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн эмч, мэргэжилтнүүдийг тусгаарлан, шинжилгээ ажиглалтад хамруулах бөгөөд тус эмнэлгийн ойр орчимд хөдөлгөөний хязгаарлалт хийхгүй хэмээн НЭМГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *