Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон Нийслэлийн Засаг даргын А/25 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын А/221 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газраас “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг Чингэлтэй дүүрэгт зохион байгууллаа.
Бэлэн байдлын үзлэгт дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, штаб, хэлтэс, албадын нийт 100 байгууллагын 1000 гаруй ажилтан, алба хаагч оролцсон юм.
Дүүргийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуушгүй сэргээн босгох үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын томилгоот бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах, гамшгийн үеийн хүч хэрэгслийн харилцан ажиллагааг сайжруулах зорилготой тус бэлэн байдлын үзлэгийн үеэр ажлын хэсгийн бүрэлдэхүүн мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.