Монгол HD телевиз “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгээ энэ сарын 20-нд үзэгчдэд хүргэх гэж байна. Дэлхийн хамгийн олон улс оронд гарсан, хамгийн олон үзэгчтэй энэ шоу нэвтрүүлэг нь ”Их Британийн “Syco entertainment” болон “Fremantle Media” компанийн хамтын бүтээл юм. Уг шоу нь дэлхийн 67 оронд хийгдэж, 193 улсад хүрчээ. Дэлхийн даяар 500 сая хүнд хүрсэн гэдэг юм байна. Youtube дээр одоогоор зургаан тэрбум хүн энэ шоуг үзсэн байна. 2014 онд Афганистан, Азербайжан, Камбож, Исланд, Мексик, Мъянмар, 2015 онд Монголд гарахаар болж байгаа аж. “Авьяаслаг монголчууд” шоуны урьдчилсан шалгаруулалтад улс орон даяарх авьяастнууд 1000 гаруй үзүүлбэр үзүүлжээ. Шилдэг оролцогчийн шагнал 100 сая төгрөг. Харин шоу нэвтрүүлгийн өртөг одоогоор тэрбум даваад байгаа аж. Монгол HD телевиз “Авьяаслаг монголчууд” шоуг хийх эрхийг хэрхэн авч, хэрхэн хийж үзэгч олондоо хүргэхэд бэлэн болоод байгаа талаар тус телевизийн ерөнхий захирал, “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн ерөнхий продюссер Чинбатын Номинтой ярилцлаа.
-Дэлхийн телевизүүдээр маш олон том шоунууд, энтертайнмэнт хөтөлбөрүүд явдаг. Тэр дундаас чухам яагаад “Got talent” шоуг сонгож авч хийх болов?
-Энэ чиглэлийн нэвтрүүлэг бол маш олон төрөл байдаг л даа. Дууных, бүжгийнх, дан ганц хөгжмийнх зэрэг яг “Got talent” гээд авьяастнуудад зориулсан олон нэвтрүүлэг байдаг. Энэ олон нэвтрүүлэг дундаас манайх яагаад энийг сонгосон бэ гэвэл, энэ нэвтрүүлэг маш олон оронд гарсан. Гарсан газар болгондоо хамгийн олон үзэгчтэй байж чадсан. Хоёрдугаарт, зөвхөн нэг төрлийн авьяастныг тодруулаагүй, маш олон төрлийн авьяастныг тодруулж байгаа учраас бид монголчуудынхаа авьяасыг хөгжүүлэх үндэс болох юм байна гэж харж, ийм зорилгоор сонгож авсан. “Got talent” бол бусад нэвтрүүлгээс хүнд. Бид бүтэн нэг жил үүн дээр ажиллаж байна. Одоо ч дуусаагүй байгаа шүү дээ. Энэ бол телевизийн үйл ажиллагаа явуулдаг салбартаа гадаадын аль ч оронд бүх төрлийн юмыг хийгээд сурчихсан хүмүүсийн барьж авдаг нэвтрүүлэг юм. Хамгийн хүнд нэвтрүүлэг. Жишээ нь, баримтат нэвтрүүлэг хийж сурсан байх хэрэгтэй, мэдээ мэдээлэл бэлтгэдэг, энтертайнмэнт хийдэг, шууд нэвтрүүлэг маш сайн хийж чаддаг болчихсон, дээрээс нь хүний эмоцийг гаргаж чаддаг болчихсон байх гэхчилэн бүх төрөл жанр дээр ажиллаад оргилд нь хүрчихсэн газрууд авч хийдэг нэвтрүүлэг л дээ. Бид маш хүнд нэвтрүүлэг сонгож авсан. Яагаад заавал ийм хүнд нэвтрүүлэг сонгож, хийж байна гэвэл, Монголын авьяастнуудыг тодруулахад хамгийн дөхөм нэвтрүүлэг юм байна. Бид энэ салбарт соён гэгээрүүлэх зорилготой ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ бол хамгийн зөв контент юм байна гэж сонгож авсан.
-Танай продюссор Лхагва хэлж байна л даа, манайх энэ нэвтрүүлгийг хийж байгаа сүүлийн орнуудын нэг болж байна гэж. Саймон Коуэл үүнтэй холбогдуулж бас жижигхэн ишлэл хэлж монголчуудад баяр хүргэсэн гэж байсан. Манайд бас л олон үзэгчтэй болох байх л даа. Гэхдээ тэрбумаар хэмжигдэж байгаа том төслийнхөө үзэгчдийн тоонд урьдчилсан тооцоо хийсэн байгаа юу, үгүй юу. Манай нөхцөлд ер нь ямар байх бол?
-Яг үнэндээ бид залуу хүмүүсийн зоригоор яваад орчихсон л доо.
Онгодтой сайхан юм хийе гэсэн залуу хүмүүсийн эрч хүчээр л орсон. Түүнээс биш төчнөөн хүн үзнэ гэж тооцоолоогүй. Гэхдээ энэ нэвтрүүлэг очсон орон болгондоо гарсан тухайн цагтаа байнга хамгийн багадаа нийт үзэгчдийнхээ 70-аас дээш хувийг нь авдаг үзүүлэлт байгаа учраас бид найдаж байна л даа. Аль ч, тив аль ч оронд байгаа хүмүүс мэдээж соёлын хувьд өөр өөр ч гэсэн тэр олон улсуудад батлагдчихсан нэвтрүүлэг учраас бид тэр баталгаан дээр нь хийж байна. Бид тэр улсуудтай очоод уулзаад ярьж байхад Монгол хамгийн сүүлийн орнуудын нэг, Монгол одоо болтол хийгээгүй байгаа гээд ярихад яагаад бид хийж чадахгүй гэж, яагаад бид бусад орнуудын адил хийж чадахгүй байх вэ гэсэн нэг тийм монгол хүний омогшил төрж байгаа юм. Дээрээс нь дэлхийд монгол хүмүүс авьяастай шүү гэдгийг гайхуулах цаг болсон гэж үзэж зоригтойгоор хийж байгаа. Түүнээс биш арыг нь хараад айхтар төлөвлөсөн юм байхгүй.
-Ерөнхий продюссерээр ажиллаж байгаагийн хувьд та орон даяарх нийт оролцогчдын дунд хэрхэн ажиллаж байна вэ. Энэ их өргөн уудам нутгаар явж, олон хүмүүсийн авьяас, хүсэл эрмэлзлийг хуваалцаж явахдаа та юу анзаарав?
-Бид дөрвөн бүс, 18 аймгаар орж анхан шатны шалгаруулалтаа хийлээ л дээ. Эхлээд гадуур хүмүүстэй уулзаад ярилцаж байхад ер нь язгуур урлаг маань мөхмөл байгаа, монгол хүмүүс урлагт тийм ч ойрхон биш, эмоци багатай гэсэн үгсийг олон хүмүүс хэлж байсан. Ингээд тойроод явж байхдаа бид нэгдүгээрт, Монгол орон маань үнэхээр том юм байна гэдгийг мэдэрсэн. Хоёрдугаарт монголчууд бид авьяастай юм байна гэдгийг мэдсэн. Мөн язгуур урлаг хөдөө орон нутагт хөгжиж байгаа нь харагдсан л даа. Аймаг болгон өөрийн гэсэн театртай. Аймаг дотроо сум болгон соёлын төвтэй, бараг цаашлаад баг болгон өөрийн гэсэн соёлын төвтэй болчихсон байна. Тэр төвүүд дээр улсаас 4-5 хүнийг цалинжуулаад соёлыг түгээж байна. Тэгэхээр манай улс соёл түгээх тал дээр маш их хүч хөрөнгө оруулаад явж байгаа юм байна гэдэг нь харагдсан. Тэгээд хөдөө орон нутагт очиход дунд сургуулийн бага дунд насны хүүхдүүд хотынхноос олон дугуйланд явдаг, бүгд хичээлээ тараад ямар нэг дугуйланд хичээллэдэг юм байна лээ. Тэр нь их сайхан санагдсан шүү.
-Бодит байдал үнэхээр ийм байна уу?
-Яг бодитой байна. Бид нар бас яг тийм байдаг гэж бодоогүй. Сумдад соёлын төв байгаад зогсохгүй тэр төвдөө уран бүтээл хийдэг хүмүүс байна. Тэгээд явж байхад хүүхдүүд бүр орчин үеийн бүжиг бүжиглэх, хүний санаанд оромгүй дуу дуулах, яг тэр Youtube-ээр дамжуулаад суралцдаг юм байна. Тэр бол үнэхээр гайхамшигтай санагдсан. Бид нар бүр алслагдсан аймгуудаар, Ховд, Увс, Говь-Алтайгаар орлоо шүү дээ. Говь-Алтайн Баянтоорой гээд тосгон байна. Тэр тосгон гэхэд л соёлын төвтэй. Соёлын төвд нь ямар ч байсан хүмүүс тайлан тоглолтоо хийдэг гэж ярьж байна. Тэр бол надад үнэхээр сайхан санагдсан.
-Сумдад интернэт хэр зэрэг хүрсэн байна вэ?
-Жишээ нь, энэ Баянтоорой суманд ганцхан мобиком ажилладаг юм байна. Түүгээрээ дамжуулаад интернэтдээ ордог гэж байна. Говь-Алтайн Бигэр суманд амьдарч байгаа хүүхдээс би “Чи яаж ийм дуу бүжиг сурсан бэ” гээд асуухад би интернэтээр сурсан гэж хэлж байгаа юм. Тэгэхээр интернэт тэнд байгаа болоод л тэгж байгаа байх л даа.
-Олон нийтийн хүлээж авсан мэдээллээр ялагчийн шагнал 100 сая төгрөг, шоунд нийт нэг тэрбум төгрөг зарцуулж байгаа. Гэтэл энэ шоунд зөвхөн бичлэг хийж байгаа техникийн хүчин чадал, түүн дээр ажиллаж байгаа техникийн ажилтнууд гэхэд л маш олон хүн байгаа юм байна. Нэгэн зэрэг 32 камераар бичдэг гэж дууллаа. Тэгэхээр шоунд зарцуулж байгаа төсөв анх мэдээлсэн хэмжээндээ багтаж байгаа юу. Үндэсний хөрөнгө оруулагчдыг хэрхэн татан оролцуулж байгаа вэ?
-Ер нь Монголд ийм хэмжээний хөрөнгө оруулсан шоу гараагүй байгаа. Бид анх нэг тэрбум төгрөгийн шоу болно гэж мэдээлж байсан. Тэрнээсээ манай төсөв давсан. Одоогоор 1,5 тэрбум гаруй төгрөг зарцуулчихаад байна. Шоу дуусаагүй байгаа шүү дээ. Харж л байна. Үнэнийг хэлэхэд, бид үндэсний том хөрөнгө оруулагчидгүйгээр энийг хийж чадахгүй байх байсан. Бид нэн түрүүнд залуу хүний зоригоор энэ том төсөл рүү орсон. Гэхдээ хөрөнгөгүй бол мэдээж чадахгүй. Тийм учраас цаашаа гэрээ хийхээсээ өмнө бид хамгийн түрүүнд Монголынхоо томоохон хэмжээний компаниуд дээр л очно шүү дээ. Бидний хувьд, “Мобиком”, “Хас”, “Гацуурт” гэдэг гурван компани 100 хувь ивээн тэтгэж санхүүжилт гаргаж өгч байгаа. Мэдээж эхлээд тэрбум төгрөгийн санхүүжилттэй байсан, үүнээс хойших санхүүжилт дээр бид үнэхээр чардайж байна л даа. Хүндэрч байна. Гэхдээ энэ ивээн тэтгэгчдийн хувьд, залуучууд бид ингэж зориг гаргаж байгаа шиг энэ хүмүүс Монголын түүхэнд ийм өндөр хэмжээний зардалтай шоун дээр бидэнд тэр хэмжээгээр нь хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ хүмүүс бас бид нартай адилхан зоригтой алхсан байхгүй юу. Би бодсон л доо. Энэ хүмүүс яагаад ингэж зоригтой алхав гэж. Энэ хүмүүс мөн ялгаагүй Монгол Улсынхаа соёлыг хөгжүүлье гэсэн бодлогоор нэгдээд “Хас”, “Мобиком” хоёр нэг нь үндэснийхээ өвийг түгээгч, нөгөөх нь дэлхийд гайхуулах монгол авьяасыг нээх ийм хоёр зорилгоор бидэнтэй нэгдэж байгаа юм. Энэ хүмүүсгүйгээр бидний шоу бүтэхгүй байх байсан. “Гацуурт” компанийн хувьд, эрүүл хүн, эрүүл хүнс гэсэн бодлоготой. Гэхдээ эрүүл хүн төлөвшихийн тулд эрүүл юм үзэх ёстой гэсэн зорилгоор нэгдэж байгаа юм. Ер нь хийгдсэн бүх орондоо том ивээн тэтгэчдийн хүчээр бүтэж боссон нэвтрүүлэг юм.
-“Хас”, “Мобиком”, “Гацуурт” гурван компанийн улс орныхоо соёл, соёлын өвд хандаж байгаа зорилгыг та хэллээ. Хичнээн олон үзэгчтэй, нэр хүндтэй байлаа ч гэсэн тэрбум хол давсан зардалтай шоуны ашгийг та бүхэн чухам хэрхэн харж байгаа вэ?
-Мэдээж мөнгөн ашиг байхгүй. Гэхдээ манай телевизийн хувьд юугаараа ашигтай вэ гэвэл, манай бүх ажиллагсдын ур чадвар энэ шоуг хийснээрээ дахиад нэг алхам урагшилж байгаа юм. Энэ бол бидний хувьд мөнгөөр үнэлэгдэхгүй ашиг, үнэт зүйл юм. Бид энэ шоуг хийснээрээ Монголынхоо телевизийн хөгжилд бас нэг алхам нэмж байгаа болов уу гэж харж байгаа. Мөн энэ нэвтрүүлгээр дамжуулаад цаанаасаа бидэнд сургалт орж ирж байна. Олон улсын стандартын шоуг яаж хийдэг вэ гэдгийг зааж байна. Энэ бол манай телевизэд орж ирж байгаа том хэмжээний хөрөнгө оруулалт. Нөгөөтэйгүүр, энэ шоу нэвтрүүлгээр дамжаад манай үзэгчдийн тоо өснө гэж харж байгаа.
-Яг энэ шоу нэвтрүүлэг дээр гаднаас зөвлөх багш нар ирж ажиллаж байна гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав. Бид энэ нэвтрүүлгийн форматыг нь худалдаж авч байгаа шүү дээ. Энэ нэвтрүүлгийг чинь хийе гэхдээ танай завлөхүүдийг авчраад сургалт байдлаар юмнуудаа хийлгээд хамтарч хийе, мэдээж лицензээ худалдаж авъя гэсэн үг л дээ. Fremantle Media, Syco entertainment гэсэн энэ компаниудаас өнгөрсөн нэг жилийн хугацаанд давтагдсан тоогоор 20-иод хүн байнга ирж хамтран ажиллаж энэ шоунд оролцож, бид хийсэн юмаа тэр хүмүүс рүү явуулж хянуулаад дүгнэлтээ аваад ингээд явж байна. Нэг ёсондоо бидэнд байнгын сургалт болж байгаа юм л даа. Бидний хийгээд явуулсан ажлыг үнэхээр сайн болсон байна гэж хэлж байгаа.
-Эхний шатанд 1000 гаруй үзүүлбэр үзэж 250 гаруйг нь сонгон шалгаруулж шүүгчийн шатанд оруулж ирж байна гэлээ. Ийм шоунд тэр 250-ийг сонгох шүүлтийг хэн хийдэг юм бэ?
-Дэлхий даяар яг нэг процессоор явдаг юм. Тэр нь урьдчилсан шалгаруулалт юм. Урьдчилсан шалгаруулалтыг манай продюссерын баг, дээрээс нь мэргэжлийн хоёр хүн авч яваад 1000 гаруй үзүүлбэрээ үзээд хийсэн байгаа.
-Та ерөнхий продюссер нь. Тэгэхээр та их нарийн нандин юмс үзэж харсан байна шүү дээ?
-Мянга гаруй үзүүлбэрийг үзээд бид монголчууд үнэхээр авьяастай юм байна гэдгийг ойлгосон.
-“Got talent”-д хаана ч бүх насныхан оролцдог нь бас их сонирхол татдаг юм байна лээ. Таны харсан 1000 үзүүлбэрийн эзэн авьяастнуудаас насаар хамгийн бага нь, бас өндөр настай нь хэд орчим насныхан байв?
-Хамгийн бага нь гурван ойтой хүүхэд орж ирсэн. Хамгийн өндөр настай нь наян хоёр, гуравтай хүн байсан. Энэ дотор байгаагүй үзүүлбэр гэж байгаагүй. Анх би ярилцлага өгч байхдаа, ёстой л илбэчнээс эхлээд дуучин хүртэл, өөр бусад авьяас гэж үзэж байгаа юу л байна дуртайгаа хийгээд ороод ир гэж хэлж байсан. Яг л тийм юм болсон. Манай монголчууд үнэхээр дуучин ард түмэн юм гэдэг нь бас харагдлаа. Хөгшин гэж өөрийгөө голохгүй хүмүүс ордог юм байна. Ийм нялх гэж хүмүүс хүүхдээ боддоггүй юм байна лээ. Ерөөсөө бүх л төрлийн үзүүлбэрээр бүх насныхан орж ирлээ.
-Гурван ойтой хүүхэд аль нутгаас оров?
-Дарханд байх аа. Дарханд гурван настай хоёр ч хүүхэд орж байсан.
-Нээрээ л яг юуг авьяас гэж үзэх вэ гэдэг нь өөрөө бас сонин юм, тийм ээ. Дуулж хуурдахаас өөр бусад авьяастнууд хэр олон байх юм?
-Ер нь авьяас гэдэг бол зөвхөн дуулж хуурдах биш юм гэдэг л энэ шоу нэвтрүүлгээс харагдана. Нэвтрүүлгээ цацахаасаа өмнө тэр болгоныг яримааргүй байна л даа. Үзэх юм бол “энэ ч бас авьяас юм байна шүү” гэж бодтол хийдэг хүн ч байна.
-Үзэгчийн нүдээр харахад, манай монголчуудын бие биесээ, өөрөө өөрсдийгөө таньж мэдэх бас нэг гоё боломжийг энэ шоу олгож байгаа нь сонирхолтой?
-Энэ бол бид соёлоороо өөрсдийгөө мэдэх нэг боломж болов уу гэж харж байгаа.
-Шүүгчид, хөтлөгч нарыг сонгоход дээрх хоёр компанийн саналыг бас харсан байх. Тэднийг ямар зарчмаар сонгон шалгаруулдаг юм бэ. Мөн танай телевиз нэвтрүүлгийн эрхийг худалдаж авахдаа дээрх хоёр компанийн өмнө ямар үүрэг хүлээж байгаа вэ?
-Шүүгчдийн тухайд, зарчим нь эхлээд хүмүүсээ санал болгоно. Анх бид хориод хүн санал болгосон. Тэр хүмүүст маш олон шалгуур байгаа. Жишээ нь, гэр бүлийн нэвтрүүлэг учраас гэмт хэрэг янз бүрийн юманд орсон хүн байж болохгүй гэдэг ч юм уу энэ мэтчилэн цаанаасаа шалгууртай. Тэр шалгууруудын дагуу хориод хүнээс найман хүн үлдсэн. Тэр найман хүнээс дөрвөн хүнийг сонгосон. Сонголтыг бид дээрх хоёр компанитай хамтарч хийсэн.
-Нутаг нутгийнхны авьяас, ахуй амьдрал, хүсэл тэмүүллийг зах зухаас нь хараад явж байхдаа та юу мэдэрч явав. Хувийн мэдрэмжээсээ хуваалцаж болох уу?
-Би юун түрүүнд эх оронтойгоо танилцлаа гэж бодож байгаа. Монголынхоо ард түмэнтэй танилцлаа. Хамгийн бахдууштай нь, соёл бол түгээгдэж байгаа юм байна гэдэг нь харагдсан. Энэ сайхан байлаа. Мөн манай монголчууд үнэхээр авьяастай хүмүүс юм байна гэдгийг харах сайхан байсан даа.