Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Чихрийн шижин өвчнөөс ирээдүйгээ хамгаалья”

Маргааш болох Чихрийн шижинтэй тэмцэх Дэлхийн өдрөөр УНТЭ-ийн Диабетын төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран “Чихрийн шижин өвчнөөс ирээдүйгээ хамгаалья” уриан дор олон нийтийн оролцоог дэмжсэн, бүх нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулах гэнэ.

Чихрийн шижинтэй тэмцэх энэ өдрийгНҮБ-ын гишүүн 160 гаруй улс орон, Олон улсын чихрийн шижин өвчний эсрэг холбооны харьяа 200 гаруй нийгэмлэг, эрүүл мэндийн байгууллага, Засгийн газар болон чихрийн шижин өвчтэй хүмүүс, тэдгээрийн гэр бүл хамтран тэмдэглэн өнгөрүүлдэг.

Чихрийн шижинтэй тэмцэх ОУ-ын нийгэмлэгийн хамгийн сүүлийн үеийн тооцоогоор дэлхийн хэмжээнд чихрийн шижин өвчин 2035 он гэхэд 592 саяд хүрч дэлхийн 10 хүн тутмын нэг нь энэ өвчинд өртөхөөр байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дахь хуралдааны 2012 оны 1 дүгээр сарын 14-ний тогтоолоор “Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын асуудлаарх өндөр хэмжээний уулзалтын улс төрийн тунхаглал”-ыг баталж, чихрийн шижин зэрэг зонхилон тохиолдох халдварт бус өвчнийг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэхийг уриалсан бол ДЭМБ-ийн халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах стратегид чихрийн шижинг 2025 он гэхэд 30 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн байна.

Манай улсын хүн амын дунд Халдварт бус өвчний тархалт буурахгүй, цусны даралт ихсэлт 27.5%, цусан дахь сахарын өөрчлөлт 8.6%, илүүдэл жин, таргалалт 54.5%-тай байна.

Чихрийн шижин өвчин нийт халдварт бус өвчний дотор 0.84 хувийг эзэлж, 10 000 хүн амд 58.3 байгаа нь өмнөх оноос 8.4-өөр нэмэгджээ. Насны бүлгээр 45-65 насныханд хамгийн өндөр тохиолдож, өнгөрсөн оноос 30.1-ээр нэмэгдсэн байна. Байршлаар нь үзэхэд Төвийн бүсэд хамгийн өндөр тохиолдож байна. Чихрийн шижин өвчний үед болон энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зохистой, зөв хооллолт чухал хүчин зүйл болдог. 2014 оны Эрүүл мэндийн сайдын 127 тоот тушаалаар батлагдсан иргэдэд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ын нэг бол зохистой, зөв хооллолт юм.

Иймд энэ жилийн “Чихрийн шижинтэй тэмцэх” дэлхийн өдрийг эрүүл мэндийн довтолгоотой уялдуулан “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ын нэг дадал болох “Зохистой, зөв хооллолт” уриаг иргэдэд хүргэхээр дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулна. Үүнд:

1. “Зохистой, зөв хооллолт”-ын талаарх мэдээллийн хүрээнд чихрийн шижингийн 2 хэв шинжтэй хүмүүсийг оролцуулан тэдэнд зориулан “Өглөөний цайг хамтдаа ууцгаая”, Чихрийн шижин өвчний үед зөв хооллох аргад сургах, сурталчилгааг зохион байгуулах,

2. Олон нийтэд зориулсан үнэ төлбөргүй урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог АШУҮИС-ийн Дотоод шүүрлийн тэнхимийн багш, оюутнууд “Эрхэс” эмнэлгээр дамжуулан зохион байгуулах,

3. “Чихрийн шижинтэй хүмүүсийн гараас нь атгая, өнөөдөр нэг зөв алхам хийвэл маргаашийн ирээдүйг өөрчилнө” өдөрлөг зохион байгуулах,

4. “Чихрийн шижин өвчний” талаар гарын авлага, зөвлөмж боловсруулж тараах,

5. “ЧШӨ-ний тухай”, “Зохистой, зөв хооллолт”-ын талаарх мэдлэгийг дээшлүүлэх мэдээлэл онлайн сувгуудаар байршуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *