Бүгд Найрамдах Чех улсын хойд хэсэгт орших Жестед ууланд хүрэх дүүжин тэрэг бэхэлгээнээсээ салж, газарт унасны улмаас нэг хүн нас баржээ.
Өнгөрөгч ням гаригт болсон энэхүү ослын хохирогч нь уулын хөтөч байсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Тэрээр осолдсон бүхээгт байсан цорын ганц зорчигч бөгөөд эсрэг чиглэлд нь явж байсан бүхээг доторх 14 хүнийг гал сөнөөгчид аварчээ.
Либерец хотын ойролцоох 1,012 метрийн өндөртэй Жестед уул нь аялал жуулчлалын алдартай бүс бөгөөд тус ууланд хүрэх хоёр дүүжин тэргийг мэргэжлийн ажилтан гараар удирддаг аж. Эдгээр дүүжин тэргээр өнгөрсөн жил 210 мянга гаруй хүн зорчсон гэж орон нутгийн “Lidove Noviny” сонинд бичсэн байна.
Албаныхан одоо уг ослын шалтгааныг шалгаж байгаа юм.